"Монгол ноолуур" хөтөлбөр үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа олов
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.05.31

"Монгол ноолуур" хөтөлбөр үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа олов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцүүлгийн үеэр байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй санал хураасан бөгөөд санал дотор "Монгол ноолуур" хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байлаа. Энэ саналыг Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганы хуралдаанаар байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихээр санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. 

Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн том зорилтын хүрээнд хэрэгжих боломжтой нэг ажил бол ноолуур хөтөлбөр юм. Эдийн засгийг солонгоруулах, чадавхжуулах хэдхэн зүйлийг нэг нь ноолуур. Валютын орлого олох ноолуураа дэмжих хэрэгтэй байна. 

Тэрээр “Ноолуурын чанарыг сайжруулах, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Ноолуур хөтөлбөрийг санаачлан өргөн мэдүүлнэ” гэдгээ илэрхийлж, 2025 он гэхэд 2 их наяд төгрөгийн орлого олох боломж бий талаар удаа дараа мэдэгдэж байсан. 

Харин байнгын хороо яагаад энэ саналыг дэмжээгүй шалтгаанаа ингэж тайлбарласан. 

Д.Тэрбишдагва: Ноолуурын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эсэргүүцсэн нэг ч хүн байхгүй. 2017 онд Засгийн газар тэртэй тэргүй ноолуур хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Гэтэл нэгэнт хэрэгжиж байгаа төслийг 2018 оны үндсэн чиглэлд оруулах нь утгагүй хэрэг.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн тухайд Засгийн газраас тусдаа хувь гишүүний хувиар Ноолуур хөтөлбөрийг санаачилж байгаа учраас энэ саналаа дэмжихийг нийт гишүүдээс хүслээ. Ингээд санал хураахад гишүүдийн 21,3 хувийн саналаар байнгын хорооны санал дэмжигдээгүй учраас санал дэмжигдсэн гэсэн үг.