Гэр хорооллыг хөгжүүлэхэд ахиц гарахгүй байна
2017.05.09

Гэр хорооллыг хөгжүүлэхэд ахиц гарахгүй байна

УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хоёр хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх аж. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Төрийн ордны нээлттэй сонсголын танхимд “Газар өмчлөл ба гэр хорооллын хөгжил” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, НИТХ, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Газрын зохион байгуулал, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Газрын алба, Гэр хорооллын дэд бүтцийн газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд: “Өнөөдөр бид иргэдийнхээ идэвх чармайлт, бүтээлч зүтгэлийг ашиглахгүйгээр, тэнд ийм боломжийг нээж өгөхгүйгээр улс орон хөгжихгүй, урагшлахгүй нь улам тодорхой болсоор байна. Ийм шаардлагатай хууль эрхзүйн баримт бичгүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулж, орон нутагт нэгэнт хэрэгжиж байгаа хөтөлбөр санаачилгуудад тохируулан, уялдуулах нь зөв. Түүнчлэн иргэдийн санаачилга, чармайлт, урам зоригийг нэмэгдүүлж, хөрөнгө санхүүгийн бололцоотой бүхий л эх үүсвэрээр тэдний үйл ажиллагааг нь санхүүжүүлэн дэмжих замаар гэр хорооллыг хөгжүүлж иргэдийн амьдрах орчныг сайжруулж чадна. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн төслийн гол зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот, суурин газрын инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулан хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжих, үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэдийгээр Улаанбаатар хот 2013 оноос эхлэн Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч харьцангуй удаашралтай, шулуухан хэлэхэд ахиц дэвшил гарахгүй байна.

Нэгдүгээрт, дахин төлөвлөлтийг барилгын компаниуд гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, газрыг эзэмшигч, гэр хороололд амьдардаг айл өрхүүд хөндлөнгийн ажиглагч байдалтай байна.

Хоёрдугаарт, дахин төлөвлөлтөд шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүргийг орон нутаг хүлээсэн учир төсөвт маш их дарамт учруулж байна.

Гуравдугаарт, санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэр тодорхойгүй байна. Өнөөгийн бодит байдлыг товчхоноор дүгнэхэд нэг талаас барилгын компаниуд, түүний цаад эзэд, нөгөө талаас өмчилсөн газар дээрээ өмч хөрөнгөтэй болж сайхан амьдрах гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл хоёр зөрчилдөж байгаа юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд гишүүний санаачилсан Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэгтэй бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгасан байна. Үүнд, хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, төрөөс гэр хорооллын хөгжилд баримтлах зарчим, Гэр хорооллын хөгжлийн талаар төрийн болон нутгийн байгууллагуудын эрх, Гэр хорооллын хөгжлийн төсөл, түүний хэрэгжилт, төсөлд оролцогч талуудын эрх, үүрэг, хяналтын тогтолцоо, хариуцлагын талаар тус тус авч үзжээ.

Харин энэхүү хуулийн төсөл батлагдсанаар олон эерэг үр дүн бий болно гэж үзэж байгаа аж. Үүнд:

  1. Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эдийн засгийн эргэлтэд иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг оруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ;

  2. Газар өмчлөлийн бодлогын хэрэгжилт эрчимжиж, иргэд амьдрах арга ухаанд суралцаж, урам зоригтой хөдөлмөрлөж, хойч үедээ үлдээх өв хөрөнгөтэй болох зөв хандлагыг бий болгоно;

  3. Хот, суурин газрын хөрс, агаар, усны бохирдол буурч экологийн тэнцвэр хадгалагдах, эрүүл амьдрах нөхцөл бүрдэнэ;

  4. Иргэдийн хэрэгцээ, шаардлагад хүрэлцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх банк, санхүүгийн цоо шинэ, дарамтгүй, шууд тогтолцоо бий болж иргэдийнхээ ахуй амьдралын төлөө үйл ажиллагааг дэмжих орон нутгийн байгууллагын зүтгэл бодитой болно;

  5. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон хот төлөвлөлтийн бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд нааштай нөлөө үзүүлж, гэр хорооллын хөгжлийн шинэ давалгааг эхлүүлнэ.