Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль / шинэчилсэн найруулга/
2016.05.24

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль / шинэчилсэн найруулга/

 Өргөн барьсан огноо: 2012.11.09

 Хууль санаачлагч, өргөн барихад оролцсон бусад УИХ-ын гишүүд: УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг

Монгол Улсын Үндсэн Хуулийн 6 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн болон улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ-аас  2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг батлан гаргасан.

Гэвч хуулийн хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд хангалтгүй байв. Тиймээс иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг шинэчлэн найруулжээ.

Уг  хуулийн төсөл нь 9 бүлэг, 55 зүйлтэй. Хуульд иргэн бүрийн газар өмчлөх эрхийг  баталгаажуулах үүднээс  хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай, газар өмчлүүлэх сертификат олгоно гэж заажээ. Ингэснээр иргэд сертификатаараа дамжуулан газар өмчлөх эрхээ баталгаажуулах боломжтой болох юм. Хэрэв тухайн иргэн өөрөө газар өмчлөх шаардлагагүй гэж үзвэл, баталгаажуулсан сертификатаа бусдад арилжиж болно гэж  хуульд заажээ.

Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө.

Хууль хэрэгжсэнээр гэр хороололд ногдож байгаа энэ газрын хэмжээг нэмэгдүүлэх, зөвхөн нийтийн орон сууц биш, хувийн эдлэн газар, хаусын барилгыг нэмэгдүүлэх боломжтой.

Газар нь эдийн засгийн эргэлтэд ороогүй үедээ ямар нэг ашиг, орлого эзэндээ хүртээдэггүй үл хөдлөх эд хөрөнгө. Тиймээс иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан заалтыг хуульд тусгаж өгснөөр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  улсын эдийн засагт ч томоохон шинэчлэл авчирна гэж үзжээ.

Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь газар өмчлүүлэх харилцааг улам боловсронгуй болгож, газрын харилцааг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн зохицуулснаараа онцлогтой юм.

Иргэнд газар өмчлүүлэхдээ иргэний гаргасан  хүсэлтийн дарааллыг баримтлах аж. Хэрэв өмчлөх газрын тооноос хүсэлт гаргасан иргэдийн тоо илүү тохиолдолд сугалаа явуулах байдлаар газар өмчлүүлэх ажиллагааг үе шаттай зохион байгуулахаар болжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр газар өмчлөх үйл ажиллагаа илүү ил тод болж, иргэдийн оролцоо нэмэгдэх бөгөөд газар өмчлөлтэй холбогдсон сөрөг үр дагавар арилах ач холбогдолтой аж.