Түмний төлөө яваа бүсгүй
Саяхан даа, Оюунхорол гишүүнтэй уулзъя хэмээн зорьж очвол “Хөдөө явсан. Орон нутагт ажиллаж байгаа” гэнэ. Үүнээс үүдээд л нээрээ түүний нэр дэвшиж сонгогдсон Завхан аймаг энэ өвөл цас зудтай хүнд байгаа.
Өдийд Д.Оюунхорол гишүүн монгол дээл өмсчихсөн аймгийнхаа 20 гаруй сумаар нойр хоолгүй давхиж, энэ ч айлд, тэр ч суманд хүрэх гээд явж байгаа. Аягүй бол боодолтой өвс дамжлаад хотонд дотор гүйж байгаа даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.
Яагаад ийм бодол төрөв өө.
1990-ээд оны дундуур юмдаг. Манайд дээд боловсролын салбарт өмчийн олон хэлбэр бий болж хувийн хэвшлийн дээд сургуулиуд ид байгуулагдаж байсан цаг. Гэхдээ л эдний дотор Отгонтэнгэр дээд сургууль өөрийн гэсэн байр сууриа олчихсон, олны дунд нэр хүндтэй бүүр нэг төлөвшчихсөн сургууль байж.
Нэг удаа ялихгүй нэгэн хэргээр тус сургуулиар орох хэрэг гарч очвол заавал ректортой уулзах хэрэгтэй гэнэ. Ийм том сургуулийн захирал ч гэх юм уу, ректор гэдэг барагтай хүн хүлээж авч уулздаггүй, наана нь хэчнээн дамжлага байдаг, аягүй бол цаг авч байж уулзах юм байна гэж санаад хэдэн өдрөө байг гэхэд нэг бүтэн өдрийн ажил болох нь дээ гэх ухааны юм бодож байв.
Гэтэл дээд сургуулийн ректор гэхээсээ жирийн нэг багш л болов уу гэмээр бүсгүй гарч ирээд хэрэг зоригийг минь асуухын ялдамд өрөөндөө урьсан нь Д.Оюунхорол ректор өөрөө юмсанж. Өрөө тасалгаа нь ч элдэв тансаглал, эрээн мяраан зүйлгүй энгийн.
Өнөөгийн төрийн түшээ, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ийн уулзаж танилцаж байсан минь 10 гаруй жилийн өмнө шүү дээ.
Өнөө ч монголын 80 гаруй их дээд сургуулийн дотор Отгонтэнгэр их сургууль өөрийн гэсэн орон зайтай, ланжгар сургуулийн тоонд орж, эхний эгнээнд нь жагссаар л яваа. 1991 онд байгуулагдсан сургууль шүү дээ. Тэр цаг үе ямар байсан билээ. Монголын эдийн засаг ухрах араандаа орж хүн бүр л ганзагын наймаанд явж байхад зүгээр л нэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч бүсгүй дээд сургууль байгуулаад төлбөртэй сургалт эхэлнэ гэхэд хэний ч санаанд ороогүй нь мэдээж. Түүний оронд гадаад паспорт гаргуулаад орос, хятад руу ганзагын наймаанд явсан нь хамаагүй дээр гэж хавийнхан нь ятгаж л байсан гэдэг. Ойр дотныхон нь ингэж байснаас биш хөндлөнгийн нэг хэсэг нь бол бараг л “Үгүй мөн уужуухан дотор оо” гэцгээж байсан. Үнэндээ ч талхны мөнгөө яая гэж байсан олон түмэн хүүхдээ өдий төдий төгрөг мөнгө төлөөд дээд сургуульд суралцуулна гэхэд итгэх хүн ховор байсан цаг.
Харин наймаанд явж зөвхөн хар амиа аргацаахын оронд энэ зах зээлд хүнд хэрэгтэй юм хийе гэсэн чин сэтгэлтэй Д.Оюунхоролын хувьд өөрийн гэсэн бодол, чин эрмэлзэл байлаа. Ёстой л “Михайлд нэг бодол” байсан хэрэг. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь энэ. Өнөөдөр энэ сургуулийг төгсч ажил амьдралаа авч яваа олон хүн Д.Оюунхоролыг “УИХ-ын гишүүнээ” гэхээсээ илүүтэй “Багшаа” гээд л явж байгаа. Оюунхорол гэж ийм л хүн.
Харин уулаасаа л математикийн багш мэргэжилтэй энэ хүн насаараа хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлж, төрийн түгшээ болсон хойноо ч энэ л салбарын байнгын хороог тэргүүлж, Боловсролын шинэчлэлийн гол гол хууль тогтоомжийг боловсруулалцаж хийж, ажил болгох гээд явж байхад сэтгүүлч би түүнийг Монгол Улсын гавьяат багш цол хүртлээ гэж дуулаагүй л байна. Уг нь дуулдмаарсан.
Оюунхорол гишүүнд ерөөсөө нэг сайхан чанар бий. Дээр өгүүлсэн шиг эгэл энгийн чанар нь түүнд хэзээ ч хэвээрээ л байдаг.
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга байсан ч, нам доторхи элдэв явдлаасаа болж олон түмнийхээ төлөө ажиллах эрхээ хасуулчихаад явж байхдаа ч тэр, төрийн ордонд ч, гадаа гудамжинд ч, хөдөө малчны хотонд ч тэр Оюунхорол гэдэг нэг сайхан бүсгүй, инээмсэглээд л мэндтэй устай, яриа хөөрөөтэй алхаж явах.
Харин ярьж хөөрдөг, хөөцөлдөж явдаг зүйл нь ямагт бусдын төлөө л байдаг. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, баяр болно гээд бүсгүй хүн бүр л ямар дээл өмсөх, хаана хэнтэйгээ яаж наргиж цэнгэхээ тунгааж байхад тэр цас зуданд нэрвэгдэж, амжиргаа болсон малаа алдаж, ядарч туйлдаж байгаа малчдынхаа дунд цаг наргүй яваа нь тэр.
Д.Оюунхорол гишүүн зарим нэгний нэг адил эндээс утсаар ярьчихаад, сайндаа л нутгийн зөвлөлийг нэг цуглуулаад хандивын данс нээчихээд л суугаад байсангүй. Аймагтаа малчдад туслах “Сэтгэлийн дэм” аян зохион байгуулж нутгийн иргэд, байгууллага хамт олныг оролцуулж байгаа л гэсэн. Тэр бол зун намрын дэлгэр цагаар ч юм уу, зөвхөн цагаан сараар очиж хэдэн сум дамжин золгочихоод буцаад давхичих хүн биш. Бүсгүй хүний өр нимгэн сэтгэл, олон түний төлөө гэсэн сэтгэлийг нь түүний хийж яваа ажил, хэлж ярьж байгаагаас хэн ч амархаан мэдэж, мэдэрч болно. Түүний УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд ажиллаж, тэргүүлж байсан нь ч үүнтэй холбоотой. Түүний санаачилж, ажлын хэсэгт нь орж, хэлэлцүүлж, батлуулж байгаа хууль, зохион байгуулж байгаа хурал зөвлөгөөн, УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хуралдаан дээр хэлж байгаа үг нь ч мөн л ийм. Жендерийн тэгш байдал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдэд төдийгүй эрэгтэйчүүдэд ч хамаатай гэж тэр л анх дуугарсан.
Гэхдээ тэр зорилгодоо хүрэхийн төлөө хөдөлмөрлөдөг шигээ эрс шударга, хэлэх гэснээ хэлчихдэг зантай. Үүнийг УИХ-ын чуулганы танхимд, элдэв хурал зөвлөгөөний индэр дээрээс хэлж байгаа үгнээс нь хэн ч сонсч мэдэж, мэдэрч болно. Тэгээд ч тэр үг нь зүгээр нэг тулга тойрсон зүйл биш бас л олон түмний төлөө гэсэн сэтгэл агуулсан байх нь бий. МАХН-ын бага хурал дээр тэрээр улс төрийн ууган хүчин намаа шинэчилье хэмээн эрс хатуу шүүмжилж байсныг олон хүн сонссон. Нутгийн иргэд нь, эгэл олон дэмжээд байхад намын удирдлага нь түүнийг УИХ-ын сонгуульд дэвшүүлээгүйд нь ч биш ерөөсөө л олон жилийн түүхтэй өөрийн намаа шинэчилье, ингэж байж улс орноо хөгжүүлэх болно гэсэн сайхан сэтгэл, шударга зан нь л түүнийг ингэж хэлүүлсэн.
Монголын ард түмэн “Зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу” хэмээн ярьдаг. Уужуу ухаант ард түмэн маань эл үгийг магадгүй манай Оюунхорол түшээ шиг хүнд л зориулан хэлээ болов уу гэж хааяа бодогдох.
Эрх мэдэл, албан тушаал хамаарахгүйгээр нэг л зай бариад баймаар, цэрвүүхэн хүн байдаг даа. Магадгүй бид өөрсдөө тэднээс цэрвээд зай бариад байдаг ч байж мэдэх.
Харин Д.Оюунхорол гишүүнтэй болохоор ямагт ойр байхаар. Өнөөх их сургуулийн ректор чинь оюутнуудтайгаа сагс тоглоод л гүйж явах. Ажил төрлийн шугамаар хамт явж байхад амралтын жаахан цаг гарвал ярьж хөөрөөд л суух. Сумаас сум дамжаад цагтай уралдаж давхиад л өдөрт нь ажиллаад, шөнөөр голдуу яваад байсан хэрнээ л ядарлаа, амаръя гээд өрөөндөө ороод бүгчихнэ гэж үгүй. Уулзаж учрах, ярьж хөөрөх хөдөөгийнхөн, сонгогчдынх нь хөл татраад ирэхээр хамтдаа суугаад л яриа дэлгэнэ. Ном их ярина. Уран зохиол, улс төр, суутнуудын тухай гээд л хэдий завандаа уншчихаа вэ гэмээр. Тэгснээ би яриагаараа та нарыг залхаачихаагүй биз гэснээ гитар аваад л нэг их сайхан дуулах.
Тэгэхийн цагт манай томоохон нэг их сургуулийн ректор ч юм уу, УИХ-ын гишүүн төрийн түшээ шүү дээ гэхээсээ илүүтэй монголын нэг сайхан бүсгүй, бидний нэг дотнын найз л гэж санагдана.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, бидний нэрлэдгээр эмэгтэйчүүдийн баяр болж байгаа яг энэ мөчид тэр шөнөдөө 40 гаруй хэм хүрэн хүйтэрч байгаа нутагтаа, шуурга исгэрсэн тал дундуур нэг малчны хотноос нөгөө рүү нь салхи сөрөн давхиж яваа.
Ер нь тэр тийм зантай хүн. Өнөөгийн энэ нийгэмд бэрхшээлгүй бүтэх зүйл гэж юу билээ. Тиймч болохоор тэр өнгөрсөн цаг хугацаанд бэрхшээлийг ямагт сөрж, тэр хэрээрээ даван туулж яваа. Өөрөө нэгэнтээ “Аливаа саад бэрхшээлийн өмнө хүн мохоод шантраад байвал хэн энэ улс орныг хөгжүүлэх вэ, би ч бай, өөр хэн нэгэн ч бай эхэлснээ дуусгах хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн нь бий.
Тйим дээ, манай түшээ Д.Оюунхорол хэзээнээсээ зөв яваа хүн. Түүний дуулах дуртай дуу нь ч “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, хэлэх дуртай үг нь ч “Зөв явбал зүйл бүхэн бүтнэ”.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг, сайхан ээжүүдийн нэг, төрийн түшээ Д.Оюунхорол гэдэг энэ хүн төр, түмнийхээ төлөө зөв сайхан яваа хүн.