С.Эрдэнэ: Чөлөөт цагаараа бассейнд сэлэх дуртай
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр энэ парламентын отгон гишүүдийн нэг юм.
-УИХ-ын шинэ гишүүний хувьд өнгөрсөн намрын чуулганы хугацаанд юу амжуулав?
-Би өнгөрсөн аравдугаар сард парламентад орж ирлээ. Өнгөрсөн дөрвөн сар гаруйн хугацаанд нэлээд шахуу төлөвлөгөөтэй ажилласан. Энэ чуулганд үндсэндээ УИХ-ын хууль эрх зүйн орчныг судлах, гишүүний ажиллах нөхцөл боломжийн талаар ажиглаж, өөрийн байр сууриа тодорхойлох чиглэлээр ажиллалаа.
Гишүүний бүрэн эрхийн дагуу дөрвөн хуулийн төсөл санаачлах ажлын хэсэгт оролцлоо. Тойргоороо явж уулзалт зохион байгуулж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонслоо. Үлдсэн бүрэн эрхийн хугацаанд ес орчим чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж оролцох бодолтой байна. Би өнгөрсөн намрын чуулган дээр санал шүүмжлэл хэлж, хууль санаачлаад идэвхтэй байр суурин дээр байгаагүй. Хаврын чуулганаас эхлээд өөрийн санал дүгнэлт, бодол санаагаа ил гаргаж тавин, идэвхтэй ажиллана гэсэн бодолтой байгаа.
-УИХ-д суухад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-Парламентын гаднаас харж үнэлэлт, дүгнэлт өгөх нэг өөр. Дотор нь орж ажиллаад, жаргал зовлонгоос нь хуваалцаад явахаар бас өөр байдаг юм байна. Гэхдээ ний нуугүй хэлэхэд энд асар их боломж байна. Монгол Улсын хөгжлийн зам мөрийг зөв тавих, ялангуяа хамгийн гол зүйл нь нийгэм, эдийн засгийн бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг зүйл нь эрх зүй. Хууль боловсруулах, хяналт тавих тал дээр парламент хангалтгүй ажиллаж байна даа. Хууль батлах асуудал дээр олонх цөөнхийн лоббигоор ч юм уу, намын бүлгийн шийдвэр дагаж ч юм уу. Ийм байдлаар хандаж байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд асуудалд хариуцлагатай хандах тал дутмаг байна. Хэсэг бүлэг хүмүүсийн лобби, бүлгийн шийдвэрээр хууль батлах асуудал хавтгайрсан юм уу гэж ажиглагдаж байна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал хангалтгүй байна. Төрийн бүх шатанд хууль хэрэгжүүлж байгааг хянах хяналт парламентын зүгээс байхгүйтэй адил. Засгийн газар гэхэд бүхнийг хийж байдаг. Засгийн газрын бүх шатанд байгаа төрийн байгууллагууд нь хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлсэн хэвээр байна. Уг нь парламентаас боломжийн хууль гарч байна.
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Чөлөөт цагаараа бассейнд сэлэх дуртай. Агаарт гэр бүлтэйгээ гарна. Ялангуяа удаан хугацаагаар амрах боломж олдвол хөдөө явах дуртай.
-Эх орныхоо байгалийн сайхныг илүү сонирхдог гэж ойлгож болох уу?
-Ер нь гадаад улс руу явна гэхээсээ илүү өөрийн орныхоо үзэсгэлэнтэй газруудаар аялах зугаалах бол маш сайхан амралт болдог.
Гадаадад очоод хэчнээн сайхан зүйлийг үзсэн ч эх орныхоо байгалийн сайхан тогтолцоог мэдэхгүй бол яах вэ?. Энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг л ялгаа бий шүү дээ. Манайхан эх орныхоо сайхан байгалийг үзээгүй байж гадаад руу шуурцгааж байна. Тиймээс эх орноороо аялаарай гэж хүмүүст хэлмээр санагддаг юм.
Зарим үед чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө спортоор хичээллэх дуртай л даа. Гэвч одоо хувийн чөлөөт цагийг улс төрийн ажилд л зориулах болоод байна. Намын гишүүдтэйгээ уулзах, нийслэлийн АН-ын даргын хувьд нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа улс төрийн ажилтай танилцах гээд.
-Дотоодын аялал гэснээс бүх аймгаар явсан уу?
-21 аймгаар явсан.
-Хамгийн сэтгэлд хоногшсон байгалийн баянбүрд гэвэл хаана байна вэ?
-Нутаг болгонд л сайхан газар байдаг. Говь гэхээр элс байдаг гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэтэл говьд ямар сайхан байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг билээ. Дундговьд гэхэд Их газрын чулуу, Бага газрын чулуу, Өмнөговьд Ёлын ам байна.
Говьд байна гэж бодогдохооргүй байгалийн сайхан тогтолцоотой газрууд байна. Хангайн аймгуудад гэхэд Дорнодын уудам тал нутаг гээд яриад байвал нутаг бүрт өөрийн гэсэн сайхан тогтолцоотой газар барагдашгүй юм. Хэдийгээр 21 аймгаар явсан ч гэсэн байгалийн сайхан тогтолцоог бүгдийг нь харж амжаагүй. Нэг бүрчлэн явна гэвэл барагдахгүй шүү дээ.
-Та цуглуулгатай юу?
-Янз бүрийн л зүйл цуглуулдаг байлаа. Загасны уурга дэгээ цуглуулах гээд. Одоо бол заан морь хоёр цуглуулах дуртай. Хаана ч очсон заан, морь зэргийг заавал худалдаж авдаг. Надад бэлгэдэлтэй сайхан санагддаг юм. Монгол хүн морио бэлгэддэг ард түмэн. Эр хүний хийморь лундааг нуруундаа үүрч явдаг амьтан бол морь. Заан бол урт удаан наслах, амгалан тайван, элбэг баян, хүчирхэг байхын бэлгэ тэмдэг. Манай хөгшчүүд ч гэсэн эрт дээр үеэсээ заан шүтэж ирсэн юм билээ. Тиймээс би заан цуглуулах дуртай.
Одоо ч ажлын ачааллаасаа шалтгаалаад янз бүрийн зүйл цуглуулах цаг зав бага болчихлоо.
-Чуулган завсарлалаа. Та ч бас бусад гишүүдийн адил тойрогтоо ажиллана биз?
-Манай тойрогт орон сууцны хороолол дийлэнх нь хамаардаг. Тиймээс “Лифт” төсөл хэрэгжүүлэхээр ОХУ-ын лифтийн газартай хамтран үзлэг хийх ажлыг үндсэндээ эхлүүлээд байна. Баянгол дүүрэгт 427 лифт байдаг. Автомашины хувьд мэргэжлийн газрууд, хяналт, жолоодлоготой байдаг. Гэтэл лифт гэдэг тээврийн хэрэгсэлд ямар ч жолооч, хариуцсан хяналт байдаггүй. Лифтийн аюулгүй байдал дээр анхаарал тавьдаггүй юм. Манай дүүрэгт гэхэд лифт ашиглалтад ороод доод тал нь 26 жил болж. Хариуцсан компани ч алга. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас энэ ажлыг дэмжиж, хамтарч ажиллаж байна. Хотын удирдлагуудад ч гэсэн энэ ажлаа танилцуулна. Баянгол дүүргийн 20 хорооны 15 хороо нь байшин шүү дээ. Энэ ажлыг эхлүүлээд байна. Мөн дүүргийн автозамын чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Төв замаа засаад байхаас орон сууц доторх замын арчлалт муу байна. Гэр хорооллын замыг эхний ээлжинд хатуу хучилттай болгомоор байна.
Энэ чиглэлээр гол хөтөлбөрөө чиглүүлж байна. Дээр нь гэр хорооллыг амины орон сууц болгох “Эко” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Орон сууцны томоохон хорооллууд барих замаар гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих нь зөв.
Гэхдээ энэ нь маш их хөрөнгө, цаг хугацаа, дэд бүтэц шаардсан ажил. Үүний зэрэгцээ гэр хорооллын өнгө төрхийг сайжруулж, инженерийн дэд бүтцийг холбосноор орчин үеийн амины орон сууц болгох боломж бүрэн байгаа гэж бодож байгаа. Ингэж зохицуулбал бага хөрөнгөөр асуудлыг шийдэх боломжтой юм гэж бодож байна.
Ногоон байгууламжийн чиглэл рүү мөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа гэр хороололд хашаандаа мод бут, хүнсний ногоо тариалах хэрэгтэй байна. Иргэдийг ногоон байгууламж руу татаж оролцуулах бодолтой байгаа.
УИХ-ын гишүүнийхээ үүргийн дагуу хэд хэдэн хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Ялангуяа Оюутолгой, Таван толгойн төсөл дээр иргэдээс гарч байгаа санал бодлыг судалж үзнэ.