Хэнийх юм бол?
“51 хувь хэнийх вэ?” асуулттай самбар ажилдаа явах зуур нүдний өмнүүр үзэгдээд өнгөрөв. АН-аас МАН-д тавьсан уу эсвэл АН-ынхан ард түмнээс ингэж асуув уу? Ямартай ч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь руу олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого гэж ойлгохоор байна.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг шалгах УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, 100 хувь төрийн эзэмшилд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр сөрөг хүчнээс тус үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг сөргүүлэн тавьсан юм.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тухайн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга байхдаа бүлгээ төлөөлөн: “Эрдэнэтийн 49 хувийг шалгахад АН-ын бүлэг эсэргүүцэх зүйл алга. Гэхдээ яагаад 51 хувийг ярихгүй байгаа юм бэ? 140 сая ам.долларыг Английн арбитрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр төлөх болчихоод байна. 51 ч бай, 49 ч бай нэг л үйлдвэрийн тухай ярьж байгаа учраас хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах нь зүйтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Түүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банк барьцаанд авчихсан бөгөөд Төрийн өмчийн хороо хувийн компанид баталгаа гаргаж өгсөн байна гэдгийг чуулганы танхимд хэлж, эрх баригчдыг нэг асуудлаар туйлшрахгүй байхыг сануулсан юм.
Гэхдээ энэ асуудал өнгөрсөн он, энэ жилээс яригдаж байгаа юм биш. 2012, 2013 онд ч яригдаж байсан. Тодруулбал, 2009 онд Ш.Батхүү гадаадын банкнаас их хэмжээний зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хороо, УБТЗ компани баталгаа гаргуулсны улмаас Өмнөд Африкийн “Стандарт банк” Монгол Улсын Засгийн газраас 140 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг.
С.Эрдэнэ Ардчилал сонинд өгсөн ярилцлагадаа Английн арбитрын шийдвэрээр 54 сая ам.долларын төлбөрийг төлчихсөн байгаа бөгөөд одоо дараагийн төлбөрийг хийх гэж байна гэж дурджээ.
Арбитрын шийдвэрээр бол Монгол Улсын Засгийн газар Стандар банкинд нийт 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөг төлөх ёстой болж байна. Гэтэл энэ төлбөрийг төлөхгүй л бол Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд авах болчихоод байхад Монголын талд авчирсан 49 хувийг л яриад байх нь буруу гэж сөрөг хүчин үзэж байна.
Хэрэв энэ бүхэн үнэн бол эрх баригчид ард түмний бүсийг чангалж, төлөх татварыг нэмж, шинэ төрлийн татвар бий болгон, Монголын үрсээс мөнгө харамлан байж, бондын төлбөрөөс гадна Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн барьцааны мөнгийг төлөх гэж байна уу?
Тэгвэл үнэхээр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хэнийх болж таарав? “Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүүгийнх үү, Стандарт банкных уу, Монгол Улсын Засгийн газрынх уу?
Энэ асуудал ирэх долоо хоногийн хаврын чуулганаар зайлшгүй сөхөгдөх болно. Харин Ерөнхийлөгчийн сонгууль болох, УИХ-ын 2017 оны хаврын чуулган эхлэх, төсвийн тодотгол өргөн барьсан, АН-ын дотоод сонгууль болох гэж байгаа энэ цаг мөчид АН-аас “51 хувь хэнийх вэ?” гэсэн асуултыг МАН-д тавьж байх шиг.