УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.02.10

М.Оюунчимэг: Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкинд хяналт тавих тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Төв банк, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,6 дахь хэсгийг үндэслэн 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хийлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25,1, 25,2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, Хөгжлийн банкны зохистой шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк батлах, Монголбанкны хянан шалгагч Хөгжлийн банкинд хяналт тавих тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн тул Төв банк, Монголбанкны тухай хуулийн 2,1 дэх хэсэгтэй нийцүүлэх шаардлагатай болсон.  

Дээр дурдсан зөрчлийг арилгах зорилгоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 23,2,3 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны гишүүдийн 2/3-ны горимоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудтай нийцүүлэн Төв банк, Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 23,7 дахь хэсгийг үндэслэн боловсрууллаа.

Хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүдээс хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй саналууд гаргаагүй бөгөөд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 16,16,3 дахь хэсгийг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.