2018.03.28

Төв банкны Ерөнхийлөгч хамтын шийдвэр гаргаж, хариуцлага хүлээнэ

Монгол Улсад 1990-2000 оны үед банкны салбарын эрхзүйн шинэчлэл эрчимтэй хийгдсэн ч түүнээс хойш бодлогын шинжтэй томоохон шинэчлэл бараг хийгдээгүй гэхэд болно.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд, тодорхой хөгжлийн үе шатанд хүрч байгаа энэ үед банкны салбарын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байгааг салбарын шинжээчид онцолдог. Харин УИХ-ын 2017 оны хаврын нэгдсэн чуулганаар тус салбарын томоохон хуулиудад өөрчлөлт хийсэн. Эдгээр хуулийн нэг нь Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль юм.

Тус хуулийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017 оны 11 сарын 17-нд өргөн мэдүүлсэн.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажилласан бөгөөд 2018 оны 1 сарын 12-ны УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан.

Төсөл санаачлагчдын тайлбарлаж байгаагаар үнэ ханшийн тогтворгүй байдал, валютын ханшны савлагаа зэрэг нь Төв банкны хараат бус байдал хангалтгүй байгаагаас болжээ.

Тодруулбал олон улсад тогтсон индекс үзүүлэлтээр Төв банкны бие даасан, хараат бус байдал хангалтгүй түвшинд байгаа юм.

Тиймээс хуульд шинэчлэлт хийж, Төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, шийдвэр гаргалтын сайжруулах чиглэлээр өөрчлөлт оруулсан байна.

Энэ удаагийн өөрчөлтөөр ажлын хэсгийнхэн хуучин хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан ч хэлэлцүүлгийн явцад 18 хувьд нь өөрчлөлт орж бусад зохицуулалт нь хэвээр үлдсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцолжээ.

Харин хуульд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг хамтаараа сонирхож үзье.

-Монголбанк Засгийн газар болон УИХ-тай харилцах харилцааг илүү нарийвчилж, тодорхой хуульчилж өгсөн. Шинэ хуулиар Төв банк нь Засгийн газартай хамтарч төсөл хэрэгжүүлэх, хуульд заагаагүй гэрээ хэлцэл байгуулахыг хориглосон. Ингэснээр Төв банкны хараат бус байдлыг илүү тодорхой болгож өгч байгаа юм.

 -Өмнө нь Мөнгөний бодлогын зөвлөл гэж байсныг өргөтгөж Хороо болгосон. Мөнгөний бодлогын хороо нь 7 гишүүнтэй байна. Үүнд Монгобанкны Ерөнхийлөгч, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монголбанкны дэд Ерөнхийлөгч, УИХ-аас дөрвөн хүн томилогдож ажиллана.

 -Түүнчлэн мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчид саналаа хүргүүлдэг байсан бол одоо Мөнгөний бодлогын хороо шууд хамтын шийдвэр гаргадаг болно. Энэ мэтээр Төв банкны Ерөнхийлөгч дангаараа бус олонхоороо хамтын шийдвэр гаргадаг болж байна. Өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг 4 зөвлөлтэй болгож, нэг хороотой болгож байна гэсэн үг юм.

- Монголбанкны дэргэд хяналт, шалгалтын зөвлөл гэж байсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үүнийг Хяналт, шалгалтын хороо болгож, Монголбанк, арилжааны банкуудад хяналт тавих чиг үүрэгтэй болгосон. Монголбанк өмнө нь гүйцэтгэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмаар ажиллаж байсан бол одоо эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын зарчмаар ажиллана.

 -Засгийн газарт зээл олгох, бонд худалдаж авахдаа тухайн жилийн төсвийн орлогын 10 хувиас дээшгүй хэмжээгээр зээл олгож болно гэж тусгасан. Энэ нь хараат бус байдлыг хангаж, Засгийн газрын аливаа “гал унтраах” ажиллагаанаас хол байх боломж олгож байгаа юм.

 -Төв банкны ерөнхийлөгчийн цалинг УИХ итгэлцүүрээр тогтоохоор өөрчлөв. Итгэлцүүр гэдэг нь төрийн албаны хуульд байдаг. Өөрөөр хэлбэл Монголбанкны ерөнхийлөгчийн цалинг ажлын үр дүнтэй нь уялдуулж УИХ-аас итгэлцүүрээр тогтооно гэсэн үг.

 - Төлбөрийн чадвар нь түр хугацаанд хүндэрсэн банкинд Монголбанкнаас хүлээн зөвшөөрөгдсөн активыг барьцаалж, зээл олгодог болно.

Харин Төв банкны тухай хуулийн төслийг Монголбанк боловсруулж, УИХ-ын гишүүд өргөн барьсан. Төв банкны зүгээс оруулсан зарим өөрчлөлт УИХ дээр дэмжигдэж ядалгүй, унасан юм.

-Тухайлбал, бусад орны Төв банкны үндсэн зорилтод байдаг үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн зорилтыг илүү тодорхой болгож ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ гэж оруулсан. Гэсэн ч УИХ-ын гишүүд үнийг онилоод, валютыг орхигдуулах вий гэсэн болгоомжлолоор зорилтыг нь хуучнаар үлдээсэн байна.

-Мөн мөнгөний бодлогыг тодорхойлох хугацааг 3 жил гэж оруулсан ч УИХ-ын гишүүд 1 жил хэвээр нь үлдээжээ. Хол зөрүүтэй мөнгөний бодлогыг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд ганцхан удаа хэлэлцдэг байж болохгүй хэмээн тэд үзжээ.