2018.01.12

Д.Эрдэнэбат: Монгол банкны ерөнхийлөгчийн цалинг УИХ тогтооно гэдэг зарчмын хувьд буруу

Өнөөдөр /2017.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Д.Эрдэнэбат гишүүн Монголбанкны ерөнхийлөгчийн цалинг хэрхэн тооцох тухай асуулт асуулаа. 

Түрүүний хэлэлцүүлэг дээр болсон Монгол Банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нарын цалинг эцсийн байдлаар яаж томьёолсныг би тодруулмаар байна. Миний бодлоор Монгол банкны ерөнхийлөгчийн цалин Монгол банкны удирдах зөвлөлөөрөө хуралдаж шийддэг бие даасан асуудал байж болохгүй юу гэж би урьд нь асуусан. Энэ асуудлыг заавал их хурал юм уу бусад банкны цалингийн жишигтэй тэнцүүлнэ гэсэн хоёр хэлбэр байсан.

Надад энэ хоёр хэлбэр зарчмын хувьд хоёулаа буруу санагдаж байгаа.

Харин шинэчлэгдсэн хуулийн эхний хувилбар дээр их хурал тогтооно гэсэн хувилбараар нь орчихсон байсан. Энэ талаар бүрэн хариулт авмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариулав

Монгол банк өөрийн тодорхой үйл ажиллагааны ашгаас нөөцийн санд 40-өөс доошгүй хувийг нь үлдээгээд тухайн нөөцийн сангаас цалингаа боддог хуультай. Харин үлдэж байгаа хэсэг нь төсөвлүү шилждэг. Бид энэ асуудлыг их олон талаас нь ярилцсан. Дэлхийн жишиг болоод зарим нэг гишүүнийхээ санал дээр үндэслээд Монгол банканд бүх эрхийг нь өгье гэж ярилцаж үзсэн.

Гэхдээ Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс ирсэн саналын хувьд тодорхой итгэлцүүр тавьж өгье гэж ярилцсан.

Энэ нь  юуг хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн өмчтэй банкнуудын жишгээр Монгол банкны ерөнхийлөгчийн цалинг тооцох итгэлцүүр юм. Гэвч гишүүд энэ саналыг бүрэн  дэмжээгүй.

Яагаад гэхээр УИХ бол Монгол банкны дэд ерөнхийлөгчийг томилдог, тиймээс томилдог субъектийнхээ цалинг Их хурал тогтоох нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь үзсэн учир энэ хэлбэрээр оруулж ирж байгаа юм.