Б.Бат-Эрдэнэ: Монголбанк улстөрөөс хамааралгүй болгох чиглэлээр хангалттай зохицуулалтуудыг хийж чадсан уу?
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.
Б.Бат-Эрдэнэ:
"Банктай холбоотой хуулийн өөрчлөлтүүд тодорхой үр дүн гаргана гэж бодож байна. Төв банк бол өмнө нь мөрдөж байсан хуулиар хараат бусаар ажиллах байдал нь зарим талаараа тодорхойгүй байсан дутагдал байгаа. 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаанд Монголбанкинд асар их зөрчил, алдаа гарсан. Тэрний үр дагаварыг нь улс орон, ард түмэн үүрч байна.
Бид өмнөх 4 жил энэ танхимд асуудлыг яриад л байсан. Гэвч хууль эрхзүйн талаасаа тодорхойгүй, ажил хариуцаж байсан хүмүүсийн ёс зүйтэй холбоотойгоор бидний зөв шүүмжлэлийг аваагүй.
Тухайлбал олон сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Үнэ тогтоворжуулах хөтөлбөр үр дүн гараагүй. Дээрээс нь асар их зээл бонд олгосон. Арилжааны банкуудад давуу байдал олгосон. Арилжааны банкууд бол ихэнхи нь гадаад эзэнтэй. Томхон хувьцааг нь УИХ-д сууж байгаа гишүүд эзэлдэг. Өнөөдөр ч гэсэн өөрсдөдөө хэрэгтэй шийдвэр гаргаад, Засгийн газар, Монголбанкаар дамжуулаад хичнээн тэрбумын дэмжлэг авч байна гэдэг яриа гараад л байна. Том компаний эзэд ялгаагүй.
Татварын хэдэн тэрбумын хөнгөлөлт эдлээд байдаг. Тэгсэн хэрнээ иргэдэд хэд хэдэн татвар тавьдаг.
Монолбанктай холбоотой энэ гажуудлуудыг хаах чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдийг хийсэн гэж бодож байна. Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр материалтай танилцаж байхад Монголбанк Засгийн газрын хараат бус байдлаар ажиллах боломжийг нээсэн шинэ нэмэлт оруулсан байсан. Хэлэлцүүлгийн явцад энэ хасагдсан уу?
2 их наяд төгрөгний алдагдал Монголбанк хүлээсэн гэж ярьж байсан. Одоо 3 их наяд төгрөгний алдагдалд хүрсэн байна гэсэн. Ингэж болохгүй. Төв банкны тухай хуульд өөрчлөлт орсноор бидний ярьж байгаа асуудлыг ажиллаж байгаа хүнээс үл хамаарч хууль эрхзүйн талаас бүрэн хэмжээнд шинэчилж, хаалт зохицуулалт хийж чадсан байна уу?"
Б.Баттөмөр:
"Засгийн газраас болон бусад газраас Монголбанк хараат бус ажиллах эрх зүйн орчин өнгөрсөн 20 жилийн хугацаанд байсан. Харамсалтай нь хуулиа хэрэгжүүлээгүй. 3.1 их наяд төгрөний алдагдал гарсан. Үүний 1.2 их наяд төгрөг нь дотоодын своп хэлцэл ашиггүй хийсний алдагдал. 230 тэрбум төгрөг нь ханшийн тэгшитгэлээс гарсан алдагдал. 678 тэрбум нь Хятадын своп хэлцэл болон дотоодын банкуудтай хийсэн гэрээнээс үүссэн алдагдал.
Энэ хуулинд урьд нь байсан хараат бус ажиллах заалтуудыг хэвээр үлдээсэн. Үүн дээрээс нэмээд хуульд зааснаас бусад хэлбэрээр, тухайлбал, хамтарч ажиллах, үр ашиггүй гэрээ байгуулахыг хориглосон. Үүнээс гадна банк болон бусад ААН-д давуу байдал үүсгэхгүй гэж оруулсан. Энэ болгоныг хааж өгсөн гэж үзэж байгаа. Сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжүүлснээс 478 тэрбум төгрөгний алдагдал Монголбанк хүлээсэн."