“Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-т хамрагдах нь зөв, буруу
2017.02.21

“Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-т хамрагдах нь зөв, буруу

Эсрэг тэсрэг байр суурь

Б.Чойжилсүрэн: “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсон
/Сангийн сайд/
-Сангийн яам, Монголбанк нь ОУВС-тай хөтөлбөрт хамрах хэлэлцээрийг энэ сарын 01-19-ний өдөр Улаанбаатар хотноо явуулж, эцсийн дүнд уг сангийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэх юм.
Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа.
Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа. Мэдээж энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 6-7 төрлийн татвар нэмэгдэнэ. Мөн төсвийн зарлагыг багасгана. Гэхдээ бид нийгмийн халамжийг танах бодлого бариагүй. Өөрөөр хэлбэл, ОУВС болоод Засгийн газраас тийм бодлого бариагүй.
Гэхдээ өрийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд төсвийн тэнцлийг сайжруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч үлдсэн. Тухайлбал, бид “Насны хишиг” тэтгэмж, “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгоно. Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь нэг удаа олгодог  36 сарын тэтгэмжийг хэвээр олгох зэрэг зүйлүүд байгаа. Харин  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 01-нээс нэмэгдүүлэх, ХХОАТ-ыг шатлалтай болгох, орлогын төвшнгөөс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос нэг хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байгаа.  
Түүнчлэн суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ. Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд таван хувь, 2020 онд таван хувиар нэмэхээр ярьж байна.  Мөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 01-нээс мөрдөх, Гаалийн албан татварыг 30 хувиар нэмэгдүүлэх, татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллахаар төлөвлөсөн. Харин төсвийн зарлага бууруулах тал дээр тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.  Ойрын хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй.
Түүнчлэн 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Зорилтот бүлгийн 40 хувьд өгнө. Гэхдээ үүнийг хоолны талон байдлаар олгоно. Мөн нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцлэх, цэргийн албан хаагчийг орон сууцаар хангахгүй байхаар болсон.  Хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгоно. 
Х.Амгаланбаатар: ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  шийдвэр эцэслэн гараагүй
/Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооны Ерөнхийлөгч/
-Монгол Улсын Засгийн газар ОУВС хамтарч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсон. Үүнтэй уялдуулж Монгол Улсын  Засгийн газрыг хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийг дагаж,  ОУВСантай энэ хөтөлбөрөө эцэслэн нөхцөлөө тохирч хэрэгжүүлэх шаардлагыг  тавьж байна.  Өнгөрсөн сарын 19-ний өдөр Засгийн газар, МҮЭХ, МАОНХ хамтарч хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт Засгийн газрыг  төлөөлж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тэргүүтэй нэр бүхий сайдууд  Засгийн газрийг төлөөлж гарын үсгийг зурсан.  МҮЭХ төлөөлж 10,  МАОНХ төлөөлж 10 хүн хэлэлцээрт оролцон баталгаажуулсан.
Энэ хэлэлцээрт хэд хэдэн тусгасан заалтуудыг өчигдрийн мэдээ зөрчиж эхлэх байдалтай байна.  Хэлэлцээрийн 2.4 бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөх ёстой гэсэн заалтыг шууд утгаараа зөрчиж байна.  Тодруулбал,  нийгмийн даатгалын шимтгэл 2018 оноос хоёр хувь нэмэгдэнэ гэсэн мэдээллийг хийсэн. Хүн амын орлогын албан татвар болон бусад долоон төрлийн татвар нэмэгдэнэ гэж байна.
Дээрээс нь тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулан шийдвэрлүүлэхээр тохиролцсон.  Бид ийм өндөр хүлээлттэй байгаа.  Харамсалтай нь Сангийн сайд 2017, 2018 онд цалин нэмэх боломжгүй гэсэн.   Хэрвээ цаашид энэ мэт олон хэлэлцээрийг зөрчсөөр ОУВС-гийн   хөтөлбөрийг хэрэгжүүлэх болбол МҮЭХ  хамтын маргаан эхлүүлэх нөхцөл байдал үүснэ.
Гэхдээ ийм нөхцөл байдлыг хараахан үүсгэхгүй байх гэж бид бодож байна. Мөн итгэж байна.  Нөгөө талаар  арваад хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан бид хэвлэлийн хурал хийж байсан. МҮЭХ-ноос хууль бусаар шатахууны үнэ нэмлээ, үндэслэл байхгүй, холбогдох байгууллагууд арга хэмжээ аваач ээ гэдэг шаардлагыг  тавьсан.  ШӨХТГ болон холбогдох төрийн байгууллагууд ажиллаад,  хууль бусаар үнээ нэмсэн байна.  
Хуучин үнэнд нь буцааж оруул гэдэг шаардлагыг компаниудад өгсөн.  Гэтэл өнөөдрийг хүртэл шатхууны үнэ  буураагүй харин нэмэгдэх хандлага байна. Мөн ОУВС хамтран хэрэгжүүлэх заалтын хөтөлбөр дотор Онцгой албан татварыг нэмэх шаардлага орсон нь шатахууны үнэ, тарифыг нэмэгдүүлэх том хөшүүрэг. Тийм учраас МҮЭХ шатахууны үнийг ойрын хугацаанд бууруулж, хохирлыг барагдуулах өндөр шаардлагаа дахин тавьж байна. 
Ийм хоёр үндсэн мэдээллийг олон нийт болон засгийн газарт хүргүүлж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн  хэд хэдэн асуудал энэ хэлэлцээрийн заалтын зөрчиж байгаа учраас Засгийн газар эргэж авч үзэж, бодолцооч ээ гэдэг  санал шаардлагыг тавьж байна. ОУВС бол тухайн улс оронтой хэлэлцээр хийгээд,  үүнийгээ баталгаажуулан нөхцлөө тодорхойлдог.  Заавал энэ 10 нөхцөлийг хүлээж авахгүй бол ОУВС  хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй  гэсэн зүйлгүй гэж бодож байна.   Мэдээж мөнгөө өгч байгаа газар нөхцөл, шаардлагаа тавина.
Тэр шаардлагыг хэрэгжүүлэхэд манайд хохирол гарах нь, ард иргэдийн амьдралд, улс орны нөхцөл байдал ийм байна гэдгийг бодолцож, арай өөр нөхцөлөөр хэрэгжүүлэх боломж байна уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцээр хийж байгаа учраас боломж нь байгаа. Гэтэл үүнийг эцэслэн шийдвэрлэж байгаа юм шиг мэдээлж байгаа нь хариуцлагагүй  алхам боллоо. Яагаад гэвэл ОУВС захирлын зөвлөлөөр эцэслэн шийдвэрлээгүй байна. Засгийн газар УИХ-д асуудлаа оруулах ёстой.  Их хурал  цагаан сарын дараа энэ асуудлыг Монгол Улс авч хэрэгжүүлэх үү,  үгүй юу гэдэг эцсийн шийдвэрийг гаргана.
Энэ шийдвэр гараагүй байхад хэрэгжүүлэхээр болж, татвар, хураамжийг нэмэхээр болж байгаа юм шиг  мэдээлж, баяр ёслолын өмнө хэлж олон нийтийг хөөрөгдөж,  бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх шалтгаан болж болохгүй. Үүнээс болоод үнийн савалгаа үүсч болзошгүй. Үүнийг бид сануулж хэлэх хэрэгтэй байна.  
Сэтгүүлчийн дүгнэлт
Одоо өнгөрсөн, нэгэнт “галт тэрэг” хөдөлчихлөө
Тэртэй тэргүй Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болчихлоо. Яах вэ, хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулаа л биз. Баахан зүйл, заалт тусгаа л биз, түүндээ. Тэгээд одоо яах юм. Уг нь Засгийн газрынхан “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад, хэдэн сая ам.доллар зээлээд, эдийн засгаа тэтгээд явъя гэж бодож байсан байх. Гэтэл гэнэт л “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болчихлоо.
Илүү хүндэрсэн эдийн засагтай улсад өгдөг урт хугацаатай зээл гэсэн үг. ОУВС-гаас тавих шаардлага нь ч өндөр. Тийм болохоор төсвийн орлогыг нэмэх, зарлагыг танах шаардлагыг тавьсан байж таараа. Тэр дагуу манайхан эхний ээлжинд ямар арга хэмжээ авахаа л танилцууллаа гэж ойлгож байна. 
Ер нь эцсийн дүндээ эдийн засаг сайжраад, төсвийн алдагдал байхгүй болж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байвал аятай юу. Нөгөө талаас ШӨХТГ, МҮЭ энэ тэр гэсэн байгууллагаас одоо олон долоон юм яриад яах вэ дээ. Нэгэнт “галт тэрэг” хөдөлчихлөө. УИХ-аар хэлэлцээд юу өөрчлөгдөх юм. Юу ч өөрчлөгдөхгүй. Тэртэй тэргүй МАН 65 суудалтай. Тэдний Засгийн газар ОУВС-гийн энэ хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасан.
...Үйлдвэрчний эвлэл гээд л байна. Эрх баригчдаас юугаараа хараат бус юм.  Ер нь бол МАН гэсэн толгойтой шүү дээ. Тийм байтал худлаа шатахууны үнэ бууруулна, нэмэгдүүлэхгүйн тулд онцгой албан татварыг багасгана ч гэх шиг. Өнөөх шатахуун импортлогчид нь аль эрт хямд үнээр оруулж ирсэн бензинээ нэмэгдсэн өртгөөр зараад, ашиг олоод л байж байна шүү дээ. Тэгээд үнэ нэмсэн шалтгаанаа Засгийн газар онцгой албан татвараа хангалттай хэмжээнд буулгаагүй гээд л сууж байсан... 
Мэдээж ганц нэг гишүүн жаахан эсэргүүцэж байгаа нь үнэн. Гэхдээ бүлгээрээ яриад, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үгүй. Тийм болохоор Үйлдвэрчний эвлэлийнхэн энд худлаа улстөржөөд байх шаардлага ч байхгүй. ШӨХТГ ч гэсэн дуугүй л байвал барав. Ерөөсөө Үйлдвэрчний эвлэл гэж  бараг л ард түмэнд гай болсон газар байна. Цалингийн доод хэмжээг нэмнэ гээд л баахан “дайн” болсон. Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Дагаад бүх торгууль, шийтгэл нэмэгдлээ. 
Харин цалин нэмэгдээгүй. Ингээд л иргэд хохироод л сууж байгаа. Сая шатахууны үнийн асуудал дээр баахан л бичиг, сачиг ийш тийш нь шидлэв. Ямар үр дүнд хүрсэн юм. Үр дүн алга. Шатахууны үнэ нэмэгддэгээрээ нэмэгдээд л дууссан. Төрийн байгууллагуудын шаардлагаар шатахууны үнэ буурчихдаг бол өдийд бид 1000-өөс доош төгрөгөөр бензин авч байх ёстой биз дээ. Гэтэл тийм юм алга. Тэгээд ШӨХТГ гэдэг МАН-ын л халаасны хүнээр дүүрэн газар биз дээ.
Үйлдвэрчний эвлэл гээд л байна. Эрх баригчдаас юугаараа хараат бус юм.  Ер нь бол МАН гэсэн толгойтой шүү дээ. Тийм байтал худлаа шатахууны үнэ бууруулна, нэмэгдүүлэхгүйн тулд онцгой албан татварыг багасгана ч гэх шиг. Өнөөх шатахуун импортлогчид нь аль эрт хямд үнээр оруулж ирсэн бензинээ нэмэгдсэн өртгөөр зараад, ашиг олоод л байж байна шүү дээ. Тэгээд үнэ нэмсэн шалтгаанаа Засгийн газар онцгой албан татвараа хангалттай хэмжээнд буулгаагүй гээд л сууж байсан.  Одоо хэн ч, юу ч гээд шатахууны үнэ буурахаасаа өнгөрсөн. Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй.
Хүссэн хүсээгүй бид гурван жил ОУВС-гаар “машин”-ыхаа жолоог мушгиулна. Хамгийн гол нь тэр хугацаанд эдийн засаг сэргээд, төсөв санхүү нь гайгүй болоосой л гэж залбирахаас. Ер нь тэгээд шатахуун энэ тэрийн үнийг хүчээр барьдаг асуудлаа одоо болих хэрэгтэй шүү дээ. Зах зээл өөрөө жаахан шийдэг. 
О.Уянга