Б.Баттөмөр: 50 сая еврогийн зээлийг хөдөө аж ахуйн салбарт зарцуулах нь зүйтэй
Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр саналаа хэллээ.
Б.Баттөмөр: Польш Улсын Засгийн газрын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж байна. Жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил гэсэн нөхцөлтэй 50 сая еврогийн зээл авах тухай ярьж байна. Зээлийн хөрөнгөөр ямар салбарын аль төслийг санхүүжүүлэх тухай олон санал гаргалаа.
Миний бодлоор 50 сая еврог хөдөө аж ахуйн салбарт зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Өрийн дээд хязгаар хуульд заасан хэмжээгээ давах аюултай байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлийн төслүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлэх хэрэгтэй.
Боловсролын салбарт тоног төхөөрөмж худалдан авах, цэвэр, бохир усны системийг шинэчлэх зэрэг төсөлд зарцуулах нь өнөөгийн нөхцөлд үр дүн муутай гэж үзэж байна.
Тиймээс хөдөө аж ахуйн салбар тэр дундаа жимс жимсгэний аж ахуй, газар тариалан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэгт зарцуулах нь зүйтэй.
Польш улс бол хөдөө аж ахуйн орон. ДНБ-д эзлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ жил тутам нэмэгдэж байдаг улсын туршлагыг Монголдоо нэвтрүүлэх хэрэгтэй.
Усан цахилгаан станцыг санхүүжүүлж болох байх л даа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын авч буй зээлийг эдийн засгийн өсөлтийг дэмждэг, импорт орлодог, экспортод чиглэсэн, улс орны хөгжлийн суурь болох үйлдвэрлэлд зарцуулах хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилд аар саар хөрөнгө оруулсаар ирсэн нь бидэнд гашуун туршлага болох ёстой. Мөн зээлийн зарцуулалтыг тодорхой болгох нь зүйтэй. Маш тулгамдсан, санхүүжилт шаардлагатай төсөл, арга хэмжээ олон бий шүү дээ.