“Чингис”, “Самурай” бонд Хөгжлийн банкны булхай луйвар
Монголын нийгэмд олон асуулт, зүй ёсны хардлага, хүлээлт үүсгээд байсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан байдаг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Л.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд багтжээ.
Өнгөрсөн 10 сарын хугацаанд дээрх ажлын хэсэг таван удаа хуралдаж ажлаа ярилцсан бөгөөд Монголын нийгэмд ихээхэн маргаан, таавар үүсгээд байгаа ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь АН-ын Г.Батхүү, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Х.Болорчулуун нар өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй байгааг ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Чойжилсүрэн нартай хамт мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.
Л.Энх-Амгалан дарга мэдээллийнхээ үеэр “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд олон ноцтой зөрчил илэрснийг дурдав. Ялангуяа УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын туслах байснаа гэнэтхэн дэвшиж “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Мөнхбатын удирддаг банк өнгөрсөн гурван жилд санхүүгийн ноцтой алдаа, дутагдал гаргаж, булхай луйврын шинжтэй маш олон санхүүжилт олгосоор ирснийг дурдсан юм.
Тэгвэл өнгөрсөн гурван жилд багагүй будлиантай ажилласан “Хөгжлийн банк”-ны эх сурвалжийг хөөж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Хөгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас “Хөгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг. Дээрх хуулиар “Хөгжлийн банк” нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар заажээ. Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хөгжлийн банк”-ны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.
2010 оны долоодугаар сарын 09-ны өдөр баталсан Монгол Улсын 2010 оны “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуульд “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дүрмийн санг бүрдүүлжээ. “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 2011-2014 оны Төсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум төгрөг болсон байна.
Ингээд “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс зарим ноцтой баримтыг дурдъя.
-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар "Чингис бонд"-ыг олон улсын зах зээлд:
5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын,
10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын
бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ.
Ажлын хэсгийн дүгнэлт:
УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолоор Эдийн засгийн өсөлтийг хангах урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг зөвшөөрсөн.
Засгийн газар “Чингис бонд”-ыг арилжаалснаар 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого орсон бөгөөд Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар 28-ны өдрийн 213-р тогтоолын дагуу 2012 оны Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан нь Төсвийн тухай хуулийн 10.1.3-т заасан “Жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх”, түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Энэхүү зөрчил нь Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, акт тавигдсан бөгөөд “Зөрчлийг арилгах тухай” 06/18 тоот албан шаардлагыг 2013 оны тавдугаар сарын 06-ны өдөр Сангийн сайдад хүргүүлсэн байна.
1. Хөгжлийн банк нь Японы хөрөнгийн зах зээлд 30 тэрбум иены (290 орчим сая ам.доллар) бонд арилжаалахын тулд Японы Олон Улсын хамтын ажиллагааны банкинд (ОУХАБ, JBIC) "Самурай" бондын хоёр хувийг буюу 5.7 тэрбум иень буюу 55.7 орчим сая ам.долларыг шууд суутгуулсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
Самурай бондын гэрээ байгуулах, баталгаа гаргахыг зөвшөөрсөн баталгааны төлбөр, бонд гаргахтай холбоотой зардалд нийт авсан зээлийн 19.2 хувьтай тэнцэх 5.7 тэрбум иень буюу 55.7 сая ам.доллар суутгуулсан байна.
Иймд дээрх бондыг арилжаалахад гарсан зардал, суутгагдсан хүүгийн хэмжээ, бондын гэрээ хэлцлийг зохих түвшинд хийсэн эсэх, өндөр зардалтай “Самурай” бонд гаргах шаардлага байсан эсэхэд тусгайлан аудит гарган дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ.
2. Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн хэрэгжилт: Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн хуулийн заалтыг Хөгжлийн банк, Засгийн газар ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банк өнөөг хүртэл санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрөө УИХ-аар батлуулаагүй байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
“Хөгжлийн банк” 2012-2015 онуудад УИХ-аар батлуулаагүй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн санхүүжүүлсэн нь Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 8.1. дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Түүгээр ч үл барам “Хөгжлийн банк”-наас олгосон зарим зээл тухайлбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүйгээр олгосон зөрчлийг гаргасан байна.
3. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /ТБОНӨХБАҮХАТ/ хуулийн хэрэгжилт: Монгол Улсын ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 3.6-д “Монгол Улсын “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан нь “Хөгжлийн банк” өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах техник хэрэгсэл, ширээ сандал, бичиг хэргийн зүйлийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан худалдан авахыг зөвшөөрсөн хуулийн заалт юм. Энэхүү заалтыг Эдийн засгийн хөгжлийн яам, “Хөгжлийн банк” мушгин гуйвуулж, тус банкнаас санхүүжих төсөл, хөтөлбөрийг тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулан санхүүжүүлж байсан нь бондын хөрөнгийг үр ашиггүй, үрэлгэн байдлаар зарцуулах нөхцлийг бий болгосон гэж үзэж байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
Засгийн газар, “Хөгжлийн банк” нээлттэй тендер шалгаруулалт явуулалгүйгээр төсөл, хөтөлбөрүүлийг гүйцэтгэх компаниудыг сонгож, Засгийн газрын тогтоолд нэр заасан компаниудтай шууд гэрээ байгуулан санхүүжилт олгож байгаа нь ТБОНӨХБАҮХА-ны тухай хуулийг зөрчиж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-аар “Хөгжлийн банк” бондоор санхүүжих төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон, санхүүжилт олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын худалдан авах ажиллагаанд ТБОНӨХБАҮХАТХ-ийн дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй болохыг Нийслэлийн аудитын газрын тайланд мөн дурьдсан байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар бондын хөрөнгөөр санхүүжигдах төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, холбогдох тендерийн материал байхгүй болохыг Сангийн яамны ажлын хэсэг шалгатын тайланд тусгасан байна.
Иймд шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашиг, үндэслэл тооцоо, гүйцэтгэлийг нарийвчлан шалгаж мэргэжлийн эксперт, шинжээчдээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэж байна.
4. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар, 2014 оны 19/10 дугаар зөвлөмжүүдийн биелэлт: Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл 2012 оны 28/20 тоот зөвлөмжөөр Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн байна. Түүнчлэн энэ зөвлөмжөөр бондын хөрөнгийн эх үүсвэрээр төсвийн алдагдлыг нөхөх, төсвийн урсгал зардал, нийгмийн халамжийн аливаа үйлчилгээнд зарцуулахыг хориглосон билээ. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 19/10 дугаар зөвлөмжөөр Чингис бонд, “Хөгжлийн банк”-ны үнэт цаасыг эргэн төлөх хуваарь, эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож, улсын төсөвт хэт ачаалал үүсэхээс сэргийлэх зорилгоор 2015, 2016, 2017 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах, бондын Бодлогын зөвлөлийг татан буулгах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4-ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэргийг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
Чингис бондоос олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50 орчим хувь буюу 1.1 их наяд төгрөгийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам барих, “Гудамж төсөл”, нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн төсөлд зарцуулсан байна.
Тодруулж хэлбэл, бондын эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийн 62 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлд зарцуулсан байгаа нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 28/20 тоот зөвлөмжийн 2.4. заасан “Нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн 1/3-аас хэтрэхгүй байх” гэснийг ноцтой зөрчиж, Засгийн газрын хүлээх эрсдэлийг ихэсгэж байгааг ҮАБЗ-өөс ирүүлсэн “Зөвлөмжийн хэрэгжилтийн тухай” 2015 оны тавдугаар сарын 04-ний өдрийн 5/147 албан тоот бататгаж байна.
Засгийн газар 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 293 тоот тогтоолоор Засгийн газрын үнэт цаас худалдан авахыг “Хөгжлийн банк”-нд зөвшөөрч, тус банк бондын хөрөнгөөс 250 орчим тэрбум төгрөгийг үнэт цаасанд байршуулсан нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийг дахин зөрчсөн үйлдэл болсон байна. Хөгжлийн банк арилжааны банкууд дээр байсан хүү багатай ЗГҮЦ-ыг хоёрдогч зах зээлээс худалдан авсан нь хардлага дагуулж байна. Учир нь 15 орчим хувийн хүүтэй Засгийн газрын богино болон дунд хугацаатай үнэт цаасыг худалдан авахын оронд нэг оронтой тоогоор хэмжигдэх хүүтэй үнэт цаасанд бондын эх үүсвэрийг байршуулсан нь Хөгжлийн банкны удирдлага банкны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагийн илрэл юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 19/10 дугаар зөвлөмжөөр өгөгдсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар, 2014 оны 19/10 дугаар зөвлөмжүүдийн биелэлтийн талаарх мэдээллийг хавсаргасан болно.
5. Монгол Улсын Засгийн газар бондын хүү төлөх хариуцлагаас зайлхийх үүднээс 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 180 дугаар тогтоол гаргаж Төв банктай Санхүүгийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, “Чингис” бондын менежментийг Монголбанкинд шилжүүлсэн. Монголбанк “Чингис” бондын 1,5 тэрбум ам.долларын хөрөнгийг “Хөгжлийн банк”-нд шилжүүлэхдээ 269.9 сая ам.доллар, 2.021 тэрбум төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
“Чингис” бондын менежментийг Монгол банкинд шилжүүлснээр “Хөгжлийн банк” 302.6 тэрбум төгрөгийн ханшийн эрсдэл хүлээх тооцоо гарсан байна. Бондын хөрөнгөөр арилжаалсан валютын дундаж ханш 1643.1 төгрөг байсан бөгөөд ханшийн өсөлтөөс үүдэн 2014 оны арвандугаар сарын 31-ний байдлаар дээрх эрсдэлийг хүлээхээр байна. Иймд валютын ханшийн зөрүүгээс хүлээх их хэмжээний алдагдлын хариуцлагыг Засгийн газар, Монгол банк, “Хөгжлийн банк”-ны хэн нь хүлээхийг шалган тогтоож, тодорхой болгох шаардлагатай байна.
6. Засгийн газрын “Чингис” бондын хөрөнгөөс 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,877.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний 422.3 тэрбум төгрөгийг цахилгаан станц, төмөр зам, төмөрлөгийн үйлдвэр барих төслүүдэд олгосон гэсэн мэдээлэлтэй байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
“Чингис, Самурай” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонголт ил тод бус, хариуцлагатай байх зарчим алдагдсан төдийгүй төслүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл хангалтгүй байна. Нөгөөтэйгүүр, “Чингис, Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны эх үүсвэрүүдийн хоорондын зааг ялгаа зорилго, чиглэл байхгүй болж байна.
Засгийн газар, “Хөгжлийн банк” нь санхүүжилтийн эх үүсвэр босгохоор хөрөнгө оруулагч талдаа мэдээлж, тайлагнаж байсан эдийн засгийн салбар, бизнесийн зорилго чиглэлээ умартах, хольж хутгах зэргээр хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна. Тухайлбал, “Самурай” бондын эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүгийн зарчимд нийцсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх нөхцөлтэй ч энэ бондын хөрөнгийг өөр зүйлд зарцуулах болсон талаар хөрөнгө оруулагчдын зүгээс анхааруулга өгөх болсон байна.
“Чингис” бондын хувьд мега төслүүдийг барих тэдгээртэй холбоотой томоохон дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхгүй байгаатай холбоотойгоор бондын нэр хүнд унах, эрсдэл, хүү өндөрсөх шалтгаан болж зардлыг нэмэгдүүлж байна. Жишээлбэл, “Хөгжлийн банк” “Чингис” бондын хөрөнгөөс Зайрмагийн үйлдвэрийн төсөлд 1,4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ер нь “Хөгжлийн банк”-аас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь -Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан эсэхэд ихээхэн эргэлзээтэй байгаа тул хуулийн хэрэгжилт, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс Монголбанк, Үндэсний аудитын газраас нарийвчлан шалгалт оруулах шаардлагатай байна.
ХОЁР. Бондын зарцуулалтын талаар
“Хөгжлийн банк” нь Засгийн газрын тогтоолын дагуу мэргэжлийн шинжилгээ, судалгаагүйгээр бондын хөрөнгийг зарцуулан зээл олгож байна. “Хөгжлийн банк”-ны нийт олгосон зээлийн 60 гаруй хувь нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, сонгон шалгаруулалтгүйгээр олгож байгаа нь ашигтай ажиллах чадварыг сулруулж, түүний эрсдэлийг нэмэгдүүлж, эргээд төсөвт хүндрэл учруулахаар байна.
1. Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн дутагдалыг нөхөх зорилгоор Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор 200,0 сая ам.долларыг зээлэх эрхийг “Хөгжлийн банк”-ны ТУЗ-д зөвшөөрсний үндсэн дээр бондын эх үүсвэрээс 200 сая ам.долларыг Эрдэнэс Тавантолгой ХХК-нд 2012 онд олгожээ. Түүнчлэн 2014 оны жилийн эцэст нэмж 50 сая ам.долларыг “Хөгжлийн банк”-аас дахин олгожээ. Засгийн газрын 2013 оны 319 дүгээр тогтоолоор “Хөгжлийн банк”-ны 200 сая ам.долларын зээлийг компанийн давуу эрхтэй хувьцаагаар солихыг зөвшөөрсөн байна. Тиймээс энэхүү асуудал нь зохих хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг Үндэсний аудитын газраас дахин нарийвчлан судлан, УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулах шаардлагатай гэж үзэж байна.
2. Барилгын салбарт “Хөгжлийн банк”-аас хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ТОСК –аар дамжуулан Буянт Ухаа I, II төсөл, “Пи Ай Эм Эм” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” хорооллыг барьж байна. ТОСК-д 84.7 тэрбум төгрөгийн зээлийг долоон хувийн хүүтэй есөн жилийн хугацаатай олгосон нь 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилтын хүрээнд Буянт Ухаа I, II төслийг үндэсний бүтээн байгуулалтын зургаан компаниар тухайн ажлыг гүйцэтгүүлж 1 мкв-ын үнийг дунджаар 1300.0 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол “Пи Ай Эм Эм” ХХК нь 1 мкв-ын үнийг дунджаар 2500.0 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулж байна. Тус компанид “Хөгжлийн банк”-аас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа нь Засгийн газрын 2013 оны 135 дугаар тогтоолыг зөрчиж байгаа тул төслийн үйл ажиллагааг АТГ-аар шалгуулах шаардлагатай байгааг аудитын тайланд дурджээ.
3. Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарт хамааралгүй Хөрөнгийн биржид 1.49 сая ам. долларын зээл, МИАТ ХХК-д Боинг-767 онгоц худалдан авахад 84.3 сая ам.доллар олгосон нь “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 10.1 дэх заалтыг зөрчсөн байна. МИАТ ХХК нь эдийн засгийн тооцоо судалгаагүйгээр онгоц худалдан авсанаас болж авсан зээлийнхээ хүү, үндсэн төлбөрийг төлж чадахгүй байдалд орж 2014 онд Засгийн газраас дахин баталгаа гаргуулан “Хөгжлийн банк”-аас 4.1 сая ам.долларыг нэмж авжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр нэрийн дор “Хөгжлийн банк” тооцоо судалгаа хийхгүйгээр төсөл, хөтөлбөрийг шууд санхүүжүүлж байснаас болж үр ашиггүй, тооцоо судалгаа муутай нэлээдгүй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн нь тодорхой харагдаж байна. 2014 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 136 2/538 дугаартай Батлан даалтын гэрээ, 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр өөрчлөлт оруулсан 14 тоот нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Сангийн яам, МИАТ /ТӨХК/-ийн өмнөөс зээлийн төлбөрийг батлан даасан
4. Төслийн нэгж байгуулах, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, орон тоог батлах, хянах, түүнийг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь ЭЗХС-ын тушаалаар батлагдсан журмаар зохицуулагдаж байгаа нь бондын хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал,
• Таван толгойн цахилгаан станц төсөлд техникийн болон санхүүгийн зөвөлгөө авах арга хэмжээнд 4.3 тэрбум төгрөгийг;
• Эгийн голын УЦС-ын байр зүйн болон газар хөдлөлийн судалгааг 4.2 тэрбум төгрөгөөр, мөн тус станцын барилгын үе шатны хяналтын техникийн зөвлөгөө авах ажлын төсвийг 12 тэрбум төгрөгөөр, хуулийн зөвлөгөөг 1.9 тэрбум төгрөгөөр, нийт төсвийг 18.1 тэрбум төгрөгөөр батлуулан, үүнээс 3.1 тэрбум төгрөгийг;
• Дэд бүтэц-Эрчим хүч төслийн 2013 оны зөвлөх үйлчилгээ болон техникийн хяналт тавих арга хэмжээнд 717,3 сая төгрөг батлуулан, үүнээс 628,0 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
• Бондын хөрөнгөөр цалинжуулж буй бүх төслийн ажилтнуудын цалин нь төрийн албан хаагчдын цалингаас даруй 4-5 дахин их байна. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” журмыг мөрдөж ажиллаагүй 2013, 2014 онуудад цалингийн нэмэгдлийг хавтгайруулан олгожээ.
• “Дэд бүтэц” ТХН-ээс 2013 оны наймдугаар сараас эхлэн 2014 оны есдүгээр сар хүртэл, 214,9 сая төгрөг, “Дэд бүтэц-Эрчим хүч” ТХН-ээс 2015 оны тавдугаар сарын байдлаар 269.2 саятөгрөг, нийт 484.1 сая төгрөгийг зөвхөн цалингийн нэмэгдэлд олгожээ.
5. Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, ирүүлсэн саналын хамгийн бага үнийн дүнгээр шалгаруулалт хийж, гэрээ байгуулах ёстой зарим төслийн зөвлөх үйлчилгээг өрсөлдөөнгүй шууд шалгаруулсан нь зардлыг бууруулах боломжийг багасгажээ.
• Гудамж төслийн хүрээнд баригдах авто замын ажлуудын зураг төсөл боловсруулах шатнаас зам барилгын угсралтын ажлыг бүрэн дуустал хяналт, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий “Си ти ай инженеринг интернейшнл” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийн 1.3-д заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллага эрхгүйгээр захиалагчийн хяналтыг хийсэн байна.
• “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн нэгж 2013 онд хоёр зөвлөх компани болох “Ганганжир ХХК”, “Ричвелл инженеринг ХХК” гэсэн зөвлөх компаниудтай нийт 517.0 сая төгрөгийн дүн бүхий дөрвөн гэрээ байгуулж, 2015 оны тавдугаар сарын байдлаар нийт 512.3 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн байна. Мөн тус онд “Эрчим хүчний хөгжлийн төв”-тэй 200. 0 сая төгрөгийн эрчим хүчний барилга угсралтын ажлын явцад техникийн хяналт тавих гэрээг байгуулан 190.0 сая төгрөгийн төлбөр шилжүүлсэн байна. Гэвч эдгээр гурван компанийг зөвлөхөөр сонгон авахдаа тендер зарлаагүй бөгөөд нийт гурван сая төгрөгийн дүн бүхий ажлыг хийлгэхээр шууд гэрээ байгуулан ажиллажээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
6. Техникийн нөхцөл аваагүй, зураг төсөвгүй, ТЭЗҮ нь бэлэн болоогүй төсөл арга хэмжээг сонгон шалгаруулснаас төсөвт өртөг нэмэгдэх, хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон тохиолдлууд нэлээдгүй гарсан байна. Замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох, шууд гэрээ байгуулахдаа бэлэн болсон зургийг өгч өөрсдөөр нь ажлын томсгосон төсвийг хийлгэн хяналтын төсөвтэйгээ харьцуулан сонгож, компани хийж ирүүлсэн томсгосон төсвийг Зам тээврийн яамны “тэргүүлэх төсөвчин” цолтой мэргэжилтэн хянаж, авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, газрын дарга баталж ирсэн нь Барилгын хуулийн 13.2-д ”Гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүүл газар хөдлөлтийн зургаагаас дээш баллын бүсэд баригдах барилга, байгууламжийн зураг, төсөл, инженер геологийн төвөгшилтэй нөхцлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд магадлал заавал хийнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна.
• “Шин Жиан Шин Фа ХХК” нь 2014 оны наймдугаар сарын 07-ны өдөр 222 тоот албан бичгээр 3.2 км хатуу хучилттай автозамыг гурван тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн боловч тус компанитай 10.0 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцоолжээ. Гудамж төсөл хэрэгжсэн Архангай аймагт 3.2 км автозамыг инженерийн шугам, дэд бүтцийн хамт 4.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бол Увс аймагт 10.0 тэрбумаар гүйцэтгэжээ. “Хөгжлийн банк”-ны Актив, пассивын удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газар нь “Төсөвт өртөг 2014 оны наймдугаар сарын 18-ны 45-р тогтоолын дагуу 10.0 тэрбум төгрөг болсон” гэж дүгнэлтдээ тусгасан боловч уг тогтоолд “төсөвт өртөг, мөнгөн дүн” тусгагдаагүй байна.
• “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажилд 2013 оны есдүгээр сарын 20-ны өдөр 440.0 сая төгрөгийн С-ГТ-Б 2013-159 тоот гэрээ байгуулсан боловч зураг төсвийг магадлалаар баталгаажуулсны дараа арванхоёрдугаар сарын 12-ны өдөр гэрээний үнийн дүнг 1895.5 сая төгрөг болгон өөрчилж С-ГТ-Б 2013-159-1 тоот нэмэлт гэрээ байгуулсан байна.
7. Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн “Хөгжлийн банк”-нд 2013 онд хийсэн шалгалтаар “Гудамж” төслийн барилгын ажил гүйцэтгэгч компаниудад тусгай зөвшөөрөл олгогдсон байдлыг үзэхэд 12 компани 2013 оны дөрөв, тавдугаар саруудад тусгай зөвшөөрөл авсан ба “Пабликроуд” ХХК “Ажил гүйцэтгэх гэрээ” байгууллагдсаны дараа тусгай зөвшөөрлөө авсан байна. Өөрөөр хэлбэл, гудамж төслийн сонгон шалгаруулалт ил тод бус, шударга явагдаагүй болохыг харуулж байна. “Гудамж” төслийн хүрээнд баригдах замын барилгын ажлуудын төсөв, төлөвлөгөөг төслийн удирдах хорооны 81 тоот тогтоолоор баталж, замын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Магадлал хийгээгүй зураг төсвөөр авто замын барилгын ажлын гэрээ байгуулж эхлүүлсэн нь Төсвийн тухай хуулийн дөрөв дэх заалт Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана, Барилгын тухай хуулийн 12.1-нд заасан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно мөн 13.5 дэх заалт Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно, 16.2-д заасан Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.
8. Засгийн газрын 118 дугаар тогтоолоор “Дэд бүтэц” төсөл нийт 14 төрлийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тусгагдсаны хоёр ажил нь төсөл хэрэгжихээс өмнө гүйцэтгэсэн ажил байгаа ба эдгээр ажил нь төсөвт өртгийн ихээхэн зөрүүтэй, хугацаандаа ашиглалтанд ороогүй байна. Үүнд:
• “Яармагийн гүүр” орчмын орон сууцны хорооллын бохир ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг “Пума” ХХК нь өөрийн хөрөнгөөр 2012 онд хийж гүйцэтгэснийг ТӨХ-ны 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 541 дүгээр тогтоолоор 8.867.4 сая төгрөгийн дулааны магистраль шугам, гүүрэн байгууламж, тулгуур баганыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд, НИТХ-ын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 92 дугаар тогтоолоор 3.802.0 сая төгрөгийн 2.3 км урттай бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэсэн байна. “Пума” ХХК-ийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын төсөвт өртгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хянахад гадна дулааны шугам, дүүжин гүүр, цахилгаан, бохирын шугамын төсвүүд нь ажлын зургаас зөрүүтэй, ажлын тоо хэмжээ зөрсөн, ажил орхигдуулсан, материалын зардал, машин механизмын зардлыг хэт өндөр тооцсон зэрэг дутагдалууд илэрсэн байна.
9. Засгийн газрын 118 дугаар тогтоолд 2014 оны 263 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтөөр “Дэд бүтэц” төслийн гүйцэтгэх инженерийн дэд бүтцийн хоёр ажилд нэмэлт өөрчлөлт орж төсөвт өртөг нь 906.8 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянголын амны орон сууцны хорооллын 10 ш ус, дулаан дамжуулах төсвийн барилга угсралтын ажил гэж заасныг гадна дулаан, цэвэр ус, цахилгаан хамгамжийн зураг төслийн ажлыг нэмж хийхээр 818.0 сая төгрөг нэмж төсөвлөсөн байна. Энэ нь төсвийн жишиг үнэлгээнээс 52,5 хувиар өссөн, бодитой бус үнэлгээ болсон байна.
10. Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 82 дугаар тогтоолоор ЗГҮЦ-ыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс "Шинэ төмөр зам" төслийг санхүүжүүлэх 200.0 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан авах “Засгийн газрын бондын хөрөнгөөр төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” Г03/95/3-ТЗ-ХО 2013.16 тоот гэрээг 2013 оны тавдугаар сарын 6-ны өдөр байгуулсан бөгөөд 2014 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар “Чингис” бондын хөрөнгөөс 189.6 сая ам.долларын гүйцэтгэлээр 196.2 сая ам.долларын санхүүжилтыг тус төсөлд олгоод байна. “Хөгжлийн банк”-ны өөрийн Евро бондоос 50.0 сая ам.долларын санхүүжилт "Шинэ төмөр зам" төсөлд олгох болсноос 2014 оны есдүгээр сарын байдлаар нийт 25.0 сая ам.долларын гүйцэтгэлд 19.7 сая ам.долларыг олгосон талаар аудитын тайланд бичсэн байна. Түүнчлэн Ухаахудаг-Гашуун сухайт төмөр зам төслийн төмөр замын суурь бүтэц барих гэрээний дагуу гүйцэтгэлээр “Самсунг Си энд Ти” компанид долоон сая ам.долларын төлбөрийг олгоод байна. Төмөр замын дээрх төслүүд дээр бондын хөрөнгийг зориулалтын дагуу бодитой зарцуулаагүй гэсэн асуудал олон нийтээс байнга гарч байгаатай холбогдуулан “Хөгжлийн банк”-ны зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг хараат бус аудитороор шалгуулах шаардлагатай гэж үзэж байна.
11. “Хөгжлийн банк”-аас олгогдож буй зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй байгаа нь банкны системийн зээлийн мэдээллийн нэгдсэн бодлогыг алдагдуулах, зээлийг зориулалт бусаар ашиглах, бондын хөрөнгийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгох, цаашлаад банкны системийн зээлийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг бий болгож байна.
ГУРАВ. “Хөгжлийн банк”-ны удирдлага, бүтэц, дотоод үйл ажиллагаа, зардлын талаар:
“Хөгжлийн банк”-ны өнөөгийн удирдлагын баг нь мэргэжлийн бус, банкны мэдлэг туршлага багатай болох нь тэдний үйл ажиллагаанаас тодхон харагдаж байна. Зээлийн хороо нь бараг ажилладаггүй, яамны захиргаадлын зээлийн хүсэлт, шийдвэрийг зээлийн эрсдэлийн тооцоолол, судалгаа шинжилгээгүйгээр, төсвөөс эргэн төлөгдөнө гэсэн байдлаар автоматаар дамжуулан баталж байгаа нь дунд хугацаандаа буюу 2-3 жилийн дараа улсын төсвийг ихээхэн хүндрэлд оруулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын өмнө нэр хүндээ алдсан байдал руу түлхсэн үйл ажиллагаа болж байна. Тухайлбал,
1. “Хөгжлийн банк”-ны ТУЗ нь хуулийн хүрээнд зохих түвшинд ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны хуульд зааснаар ТУЗ сард нэгээс доошгүй удаа хуралдана гэснийг ханган ажиллаж чадаагүй төдийгүй хуулиар хүлээсэн банкны үйл ажиллагааны стратеги, бодлого, зарчим, журам заавруудыг цаг хугацаанд баталж хариуцлагатай хуулийн хүрээнд ажиллаагүй байна.
2. “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 18.1.4-т заасны дагуу “Хөгжлийн банкны бизнес төлөвлөгөөг батлахдаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны саналыг авах” гэснийг ТУЗ нь хангаж ажиллаагүй байна.
3. “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 20.1-д “Хөгжлийн банк”-ыг үндсэн дөрвөн нэгжтэй байхаар баталсан байхад бүтэц орон тоо, зардлыг нэмэгдүүлэн тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) 2014 оны 13 дугаар тогтоолоор Хөрөнгө оруулалтын газрыг нэмж байгуулсан нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. ТУЗ-ийн энэхүү шийдвэр нь мөн хуулийн 22.1-д заасан “Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт хийх, өөрчлөн байгуулах” Засгийн газрын бүрэн эрхийг зөрчсөн байна. Хууль зөрчсөн шийдвэрийн улмаас орон тоо 62-оос 112 болж огцом нэмэгдсэн байна.
4. “Хөгжлийн банк” УИХ-ын 52 дугаар тогтоол, ҮАБЗ, “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчиж бондын эх үүсвэрээс нэг тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан өөрийн ажиллагсдад хөнгөлттэй хэлбэрээр зээл олгосон байна.
5. Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх удирдлагын багийг “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 19.2-т заасны дагуу Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгоогүй шууд томилсон төдийгүй мөн хуулийн нэг дэх заалтыг зөрчин гүйцэтгэх удирдлагад тавигдсан дийлэнх хүмүүс нь “Банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, санхүүгийн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
6. “Хөгжлийн банк”-ны төсвийг хэт үрэлгэнээр баталж, зарцуулж байна. Тухайлбал,
• Гүйцэтгэх удирдлага 6-10 сая төгрөгийн цалинтай, дээрээс нь улирал тутам цалингийн 100 хувьтай тэнцэх хэмжээгээр урамшуулал авдаг.
• “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь гадаад томилолтыг хэт үрэлгэн зарцуулж ирсэн байна. Жишээлбэл, 2014 онд Санкт Петербург хотод нэг хоногийн зочид буудлын зардалд 2150 ам.доллар, онгоцны тийзэнд бизнес ангиллаар есөн сая төгрөг зарцуулсан байна.
• Баяр ёслолын арга хэмжээнд 2014 оны арванхоёрдугаар сард 90 сая төгрөг зарцуулсан.
• “Зууны мэдээ” сонины хэвлэлийн танхим цагийн 150 мянган төгрөг байдаг газар нэг удаа хэвлэлийн хурал зохион байгуулахдаа “Хөгжлийн банк” 9,6 сая төгрөг зарцуулсан гэх мэт олон баримт байна.
7. Аудитын явцад зээлийн материалыг судалж үзэхэд 2013 оноос хойш батлагдсан зээлийн материалд Зээлийн хорооны хурлын протокол байхгүй байсан ба 2012 онд батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмаар Зээлийн хорооны хурлыг протоколоор батлуулдаг байсан бол 2013 онд шинэчлэн батлагдсан журмаар дээрх заалтыг хүчингүй болгож зөвхөн батлах хуудас бичдэг болсон байна.
Энэ нь Зээлийн хорооны шийдвэр үнэн зөв, шударга, ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тодорхойлох боломжгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгийг дур зоргоор зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.
8. “Хөгжлийн банк”-ны бондын чөлөөт эх үүсвэр болох 1.3 их наяд төгрөгийг арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. “Хөгжлийн банк”-ны Монголбанк болон арилжааны банкин дахь харилцах, хадгаламжийн үлдэгдэл 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний үлдэгдэл 1381.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд үүнээс “Чингис” бондын зарцуулаагүй үлдэгдэлийг дараах арилжааны банкуудад байршуулсан байна:
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөгжлийн банк” нь ҮХААЯ болон Голомт банктай хамтран салбарын дамжуулан санхүүжилтийн гэрээг байгуулж, 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд олгосон боловч бондын хөрөнгөөр санхүүжиж буй Үйлдвэр, хөдөө ай ахуйн яамны төслүүдийн үйл ажиллагааг зогсоожээ. Үүнээс үүдэн бондын хөрөнгө зориулалтын дагуу ашиглагдахгүй арилжааны банкинд үр ашиггүй, сул байрших нөхцөл бололцоог бий болгосон байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
Дээрх бүх зөрчил, дутагдлууд нь Үндэсний аудитын газраас 2014, 2015 онуудад “Хөгжлийн банк”-нд хийсэн шалгалтаар илэрсэн билээ. “Хөгжлийн банк”-ны активийн удирдлага хангалтгүй байгаагаас бондын ашиглагдаагүй эх үүсвэрийг ямар байгууллагад ямар шалгуур, нөхцөлөөр байршуулах асуудлуудыг журамлаагүй, зохицуулалт хангалтгүй байсан нь шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Бондын чөлөөт эх үүсвэрийг цөөн хэдэн банкинд хэт давуу байдлаар байршуулсан байна. Тухайлбал, төгрөгийн хадгаламжийн 66 хувийг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкинд ам.доллар, еврогийн хадгаламжийн 91 хувийг Улаанбаатар, Голомт банкинд, иенийн хадгаламжийг 100 хувь Капитал банкинд байршуулсан байна. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн дийлэнх хувийг ХХБ, УБ, Голомт гэсэн гурван банкинд байршуулсан нь шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн үйл ажиллагаа болсон байна. Нөгөөтэйгүүр, ХХБ, УБ хотын банкинд байршуулсан төгрөгийн хадгаламжийн хүү бусад банкуудад байршуулсан хүүнээс даруй 2,5-3,0 пунктээр бага байсан байна.
ДӨРӨВ. Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан төсөл, арга хэмжээний нэр томъёоллын талаар
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гуравдугаар хавсралт болох “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын нэмэлт”-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, төслийн нэр, төсөвт өртөг, 2015 онд олгох санхүүжилтийн дүн бодит байдлаас зөрүүтэй байна. Тухайлбал:
1. “Ховдын Булган-Үенч-Ховд чиглэлийн авто замын барилга 60 км” төсөл, арга хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2007-2012 оны хооронд нийтдээ 11,681.7 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гэтэл Зам тээврийн яамнаас “Хөгжлийн банк”-нд ирүүлсэн бичигт өмнө нь төсвөөс 4,659.8 сая төгрөг авсан гэсэн нь зөвхөн 2012 онд авсан санхүүжилтийн дүнг дурьдсан байна.
2014 оны аравдугаар сард “Хөгжлийн банк”-аас материалын гүйцэтгэлээр 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 2015 оны төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 12.8 тэрбум төгрөгөөр, 2015 онд олгох санхүүжилтийн дүнг 9.9 тэрбум төгрөгөөр тусгасан байна. Хэрэв өмнө нь төсвөөс 11.7 тэрбум төгрөг авсныг тооцвол 60 км хатуу хучилттай замыг 24.5 тэрбум төгрөгөөр барих тооцоо гарч байна. "Жиансу жунжиан жиашин" ХХК-тай одоо байгуулаад байгаа 12.8 тэрбум төгрөгийн гэрээ хир үндэслэлтэй болохыг шалгах шаардлагатай байна.
2.“Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн авто зам 100 км” төсөлд 13,906.3 сая төгрөгийг 2013 онд олгосон байхад тухайн төслийн хэрэгжих хугацааг 2014-2015 гэсэн байна. Мөн төслийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад “Хөгжлийн банк” тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулан нэмж 43,6 тэрбум төгрөгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын харьяаны “Монроуд” ХХК-нд шилжүүлж өгснийг АТГ илрүүлэн, шалгаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн.
3. “Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам хяналт 20 км” гэсэн төсөл, арга хэмжээн дэхь замын хүчин чадал нь 25 км байх ёстой байтал хуулийн хавсралтад 20 км гэсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлт:
Төсөл, арга хэмжээний нэр, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, тухайн онд санхүүжүүлэх хэмжээ, хүчин чадал зэрэг нь 2015 оны төсвийн тухай хууль болон төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хавсралтад тусгагдсан нэр, томьёоноос зөрүүтэй байна. Тухайн төсөл, арга хэмжээ нь өмнөх онуудад улсын төсвөөс санхүүжиж байсан бол тухайн төсөл, арга хэмжээнд олгосон нийт санхүүжилтийн дүнг гаргаж төслийн талаар цогц мэдээлэлтэй болох шаардлагатай байна.
Санал
Бондын зарцуулалтыг судлан үзэхэд УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2012 оны 28/20 тоот зөвлөмж, “Хөгжлийн банк”-ны тухай хууль, Төсвийн тухай хууль гэм мэт Монгол Улсын олон хууль тогтоомж, журамыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлт, хэрэгжилтийг хангах, бондын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах үүднээс Ажлын хэсгээс дараах арга хэмжээ авахыг санал болгож байна. Үүнд:
Хууль хяналтын байгууллагад
1. “Чингис” бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд дөрвөн сая ам.доллар буюу 7483.5 сая төгрөгийг Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлын зарцуулагдаагүй үлдэгдлээс суутгагдан орж ирсэн зардлыг Сангийн яам давхар гаргасныг хуулийн байгууллагаар шалгуулах;
2. “Хөгжлийн банк”-ны чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны бусад банкуудад байршуулсан хадгаламжийн хүүнээс 5-3.0 пунктээр доогуур, арилжааны банкуудад байршуулсан хадгамжийн хүүгийн зөрүү дөрөв хүртэл хувийн ялгаатай байгаа асуудлыг АТГ-аар шалгуулах;
3. “Чингис” бондын болон “Хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Шинэ төмөр зам”, МИАТ ХХК-ийн худалдан авсан Боинг-767 онгоцны санхүүжилт, “Гудамж”, “Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох”, “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх”, “Өвлийн хүлэмж барих”, “Ноосон бүтээгдэхүүний үйлдвэр барих”, “Оёмол бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлэх” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт, явц байдал, зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх, зардал үр ашгийн тооцоог хийсэн эсэх, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар цаашид Монголбанк, хараат бус хөндлөнгийн аудит, мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах;
Монгол Улсын Засгийн газарт:
1. “Хөгжлийн банк”-аас олгосон зээлийн ерөнхий дүн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дүгнэлтээс харахад 1.1 их наяд төгрөг буюу бондын эх үүсвэрээс олгохоор төлөвлөсөн нийт санхүүжилтийн 50.0 орчим хувийг ойрын хугацаанд эргэн төлөгдөх баталгаагүй авто зам, "Гудамж" төсөл, Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд зарцуулж байгаа нь улсын төсөвт дарамт учруулахаар байна. Цаашид улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлийн эзлэх хувь нэмэгдэхээр төлөвтэй байгаа тул бондын эх үүсвэрийг бизнесийн буюу өөрийн орлогоор эргэн төлөгдөх, экспортын буюу дэлхийн зах зээлд чиглэсэн цөөн, томоохон, ажлын байр олноор үүсгэх төслүүдэд ашиглах, тооноос чанарт шилжин ажиллах талаар “Хөгжлийн банк” анхаарч ажиллах,
2. “Хөгжлийн банк”-ны тухай хуулиар тодорхойлсон УИХ-ын бүрэн эрхийг ханган ажиллах;
3. “Хөгжлийн банк”-ны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгохдоо ҮАБЗ-ийн 28/20 дугаар зөвлөмжийн 2.2 дугаар заалт, “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж ажиллах;
4. “Хөгжлийн банк”-ны тухай хуулийн холбогдох заалтууд нь Төсвийн тухай хууль, ТБОНӨХБАҮХАТ хууль болон бусад хуулиудтай зөрчилдөж байгааг судалж, тэдгээрийн хоорондын зөрчлийг арилгах;
5. “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагааг Монголбанк болон бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх;
6. “Хөгжлийн банк”-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг мэргэжлийн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлж, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох.
Монгол Улсын Хөгжлийн банкид:
1. Банкны чөлөөт мөнгөн үлдэгдлийг шударга өрсөлдөөний зарчим дээр үндэслэн үр ашигтай байдлаар арилжааны банкуудад байршуулах арга хэмжээг авах;
2. Дотоод хяналтын үйл ажиллагааг хуулийн дагуу үр нөлөөтэй зохион байгуулж, түүнийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах;
3. Банкны зээлийн үйл ажиллагааг УИХ-аас баталсан бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх;
4. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх удирдлагыг хуульд нийцүүлэн мэргэжлийн багаар бүрдүүлж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, журамыг зөрчсөн дүрэм албан тушаалтнуудтай хариуцлага тооцох саналыг гаргаж байна.
Дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагч:
“Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд шалгалт хийсэн УИх-ын ажлын хэсэг ийм л дүгнэлт гаргаж. Тэгвэл дээрх мэдээллүүдийн зах зухаас олон нийтэд анх мэдээлсэн “Өглөөний сонин”-ыг шүүхэд өгсөн “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат одоо ямар хариу тайлбар хийхийг бид анхааралтай ажиглаж байна. Хэзээ нэгэн цагт үнэн ялах л болно.