С.Эрдэнэ: Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна
2017.02.13

С.Эрдэнэ: Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна

АН-ын VII их хурал “UB палас”-т өчигдөр боллоо. Өмнөх их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцсон бол энэ удаад сум бүрээс хоёр, хороо бүрээс таван төлөөлөгч нэмэгдсэнээр энэ удаагийн хуралд 3000 гаруй төлөөлөгч оролцов.

Эдгээр төлөөлөгчид АН-ын 180 мянга орчим гишүүний төлөөлөл юм. Ийнхүү хурлын эхэнд С.Эрдэнийг намын даргаар батламжлав. Тэрбээр өнгөрсөн сарын 29-нд болсон намын даргын сонгуульд нийт гишүүдийн 35.8 хувийн саналыг авч, ялалт байгуулсан билээ. Тиймээс ч түүнийг өчигдөр намын долдугаар их хурлаар батламжилж, нэрийг нь Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо. С.Эрдэнэд намын даргын тамга гардуулах ёслолд АН-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нар оролцлоо.

Энэ үеэр намын тугийг З.Энхболд, Л.Эрхэмбаяр болон Э.Бат-Үүл нарт үүрд хадгалуулахаар гардуулсан юм.

З.Энхболд: АН фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа

АН-ын дарга асан З.Энхболд тамгаа шилжүүлж өгөх үеэрээ “АН 2016 оны УИХ-ын сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа дүгнэлт хийж намын шинэчлэл төлөвшлийн шинэ эринийг эхлүүлж, шинэчлэгдэж байгаа АН-аа  дараагийн удирдлагадаа шилжүүлэх түүхэн  үйл явдлын  оролцогч, төлөөлөгч та нартаа баяр хүргэе. АН-ын шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгье. АН түүхэндээ анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонголоо.

Энэ сонголт нь Монгол Улсын улс төрийн намуудын түүхэнд шинэчлэлийг авч ирлээ. АН фракци, бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа. АН анх удаа гишүүдийн нэгдсэн цахим бүртгэлийн сантай боллоо. Орон даяар Ардчилсан намын гишүүдийн шинэчилсэн цахим бүртгэлийг хийж чадлаа. АН үүд хаалгаа нээж чадлаа. Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллийн хэдхэн хүнээр бэхжүүлж, үүд хаалгаа хаадаг тогтолцоо өнөөдрөөс эхлэн нуран унаж байна.

Дотоод сонгууль нээлттэй, ил тод болж чадлаа. Дүрмийн шинэчилсэн төслөөр намын дарга, аймаг дүүрэг, сумын дарга, үндэсний бодлогын хорооны гишүүнийг бүх гишүүдээсээ сонгодог болсон нь гишүүдийн оролцоо эрхийг нэмэгдүүлж, улс төрийн намын гишүүн бүрийн хариуцлагыг урьд өмнөхтэй харьцуулшгүй  томоохон шинэчлэл боллоо. Нэгдэж, Шинэчилж, Шинийг санаачилж чаддаг, Оффшорчид, олигархиудаасаа салж чадсан АН-ын гишүүддээ баяр хүргэе.

Ардчилсан намын гишүүний хувьд би цаашид намаа дахин эрх баригч нам болж, улс орноо хөгжүүлэх гол улс төрийн хүчин болгохын төлөө бүх хүчээ дайчлан та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно гэдгээ амалж байна” гэсэн юм.

З.Энхболдын хувьд намын даргын суудалд суухдаа “Ардчилсан намыг фракцигүй болгоно” гэж зарлаж байсан.

Гэсэн хэдий ч фракц, бүлэглэлээсээ салж чадаагүй өдийг хүрсэн. Үүнээсээ ч болж, АН ялагдал хүлээсэн гэдгийг олон хүн хэлдэг. Тэгвэл намын даргын суудлаас бууж буй тэрбээр “Ардчилсан намыг фракц, бүлэглэлийн барьцаанаас чөлөөлж чадлаа” хэмээн нүүр бардам хэлж буйгаас харахад энэ намыг шинэчлэх үйл явцад гол тээг болж ирсэн асуудал үнэхээр үгүй болгов уу гэх найдлагыг мянга мянган гишүүддээ төрүүлж байсан юм.

“АН шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө”

Харин АН-ын дарга болсон С.Эрдэнэ гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ  “1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна.Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна. Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа.

Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улс төрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг АН-д хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг бие­лүүлж, ажиллана. Ахмад, за­луу, дунд гурван үеийн тө­лөөл­лийн хэлхээсийг хангаж, эмэг­тэ­йчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажил­ла­гаа явуулах болно.

АН шинэч­лэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг АН авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно” гэлээ.

Ийнхүү АН ялагдалдаа цэг тавьж, З.Энхболдыг чөлөөлж, шинэ даргаараа С.Эрдэнийг батламжиллаа. Шинэ даргын хувьд одоо АН-ыг цоо шинэ болгох даалгавар дээр буулаа. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн суурийг өмнөх дарга эхлүүлээд явлаа. Харин одоо С.Эрдэнэ шинэчлэлийг хөрсөн дээр нь буулгаж, ажил хэрэг болгож чадах уу гэдгийг харах л үлдлээ.

АН-ын дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэв

Ардчилсан намын VII их хуралд оролцож байгаа зарим зочдын байр суурийг сонссон юм.

УИХ-ын гишүүн асан Ц.ОюунгэрэлНамын дүрмийн төслийг маш удаан хугацаанд намын бүх гишүүдээр хэлэлцүүлсэн. УИХ-ын сонгуулийн дараагаас намын шинэчлэл эхэлсэн. АН бүх гишүүдийн оролцоотойгоор шинэ даргаа сонгосон.

Намын бүх шатны удирдлагуудыг шинэчлэх, томилох асуудал дэс дараатайгаар хийгдэнэ. АН-ын дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь гэсэн өөдрөг үзэлтэй байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, оролцоо нэмэгдэж байна. Ардчилсан нам УИХ-д чанартай эмэгтэйчүүд бэлтгэх ажлаа эхлүүлж байна.

Мөн намын шинэ дарга С.Эрдэнэ өөрөө эмэгтэйчүүдэд ээлтэй улстөрч. Эмэгтэй гишүүдээ дэмжих, манлайллын төвшинд гаргаж ирдэг учраас эмэгтэйчүүдийн итгэлийг төрүүлж байна” гэлээ.

Харин нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-ҮүлС.Эрдэнэд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, С.Эрдэнэ анхдагч нь.

Монголд ийм сунгаа хийж чаддаг нам хаана ч байхгүй. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна” хэмээсэн юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Одоо АН сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид эх орныхоо төлөө зөв хүмүүжилтэй, боловсролтой, хөдөлмөрийг тахин шүтдэг хүмүүсээр манлайлуулах ёстой. Тиймээс АН-ыг сэтгэлгээний шинэчлэл рүү хөтлөхийг захиж байна. Маш том хариуцлага үүрлээ шүү. Амбийц хувиа бодох юм байхгүй, эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө хамтдаа явцгаая С.Эрдэнэ ээ” хэмээв.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилсонгүй

Ийнхүү АН VII их хуралдаанаараа намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталж чадлаа. Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ин­гэснээр өмнөх Үндэсний зөв­лөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй болж байгаа юм. Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлцсэнгүй.

Хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Намын дүрмийн төсөлд ямар онцлох өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ардчилсан намын шинэч­лэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан.

ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо болгон өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.

-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?

-Өнөөдөр үдээс хойш /өчиг­дөр/ дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.


Хэдийгээр АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөртөө багтаан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг оруулж, батламжлуулна хэмээх тайлбарыг үдээс өмнөх хуралдааны үеэр өгч байсан ч чадсангүй. Гэхдээ намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шинэ даргад өгсөн юм. Тиймээс ирэх долоо хоногт багтаан генсекээ томилох биз ээ. Дээрх хуралдаанаас Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товлолоо.