800 мянган төгрөгийн орлоготой өрх 50 саяын зээл авч болно
2012.03.01

800 мянган төгрөгийн орлоготой өрх 50 саяын зээл авч болно

"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж болон албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ.100 мянган орон сууцны 75.000-ыг Улаанбаатарт, үлдсэнийг орон нутагт барихаар төлөвлөжээ. Иргэдэд 55 ам.метрээс дотогш талбайтай орон сууц зээлээр авахад 50 сая хүртэлх төгрөгийн, сарын 0.5 хувийн хүүтэй зээл олгоно.

Жишээ нь, 796 мянган төгрөгийн орлоготой өрх 20 жилийн хугацаанд сард 358 мянган төгрөгийн зээл төлнө.

Харин 636  мянган  төгрөгийн  орлоготой бол 40 сая төгрөгийн зээл авч, 286 мянган төгрөгийг сар тутам төлөх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Орон сууц зээлээр авахыг хүссэн иргэд авах байрныхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөх чадвартай, сонгосон байр нь 55 ам.метрээс   дотогш талбайтай, орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл нь 50 хувиас дээш байх ёстой гэсэн үндсэн шалгуур тавьж байна. Мөн анх удаа орон сууц авч буйгаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар нотлуулсан байх ёстой гэнэ. Орон сууц хүссэн иргэд материалаа бүрдүүлж, Орон сууц санхүүжилтийн корпорацид хандана. Тус корпораци зээлд хамрагдах бодит бололцоотой хүмүүсийн материалыг гэрээ байгуулсан  арилжааны банкуудад шилжүүлнэ. Банк судалгаа хийгээд боломжтой гэж үзсэн тохиолдолд зээл олгох юм байна. Шинээр баригдаж буй орон сууцны зах зээлийн үнэ ам.метр тутамд доод тал нь 1.3 сая төгрөг байна.

Төрөөс барилгын компаниудад үнээ буулгахыг шахах боломжгүй бөгөөд эрэлт, нийлүүлэлтийг зөв удирдах замаар орон сууцны үнэд нөлөөлнө. Орон сууцны үнэ юунаас болж өсөөд байгаад бодитой дүгнэлт хийнэ. Барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Төрөөс барилга барих газар, дэд бүтцийг нь шийдээд өгнө. Үүн дээр тулгуурлаад орон сууцны нэг ам.метр талбайн унийг нэг сая төгрөг болгох тухай ярьж, эхнээсээ хамтын ажиллагааны гэрээнд тусгаж байгаа" гэж Ц.Дашдорж сайд хэлээд "100 мянган айлын орон  сууц"  хөтөлбөр   2016  он хүртэл хэрэгжихийг сануулав. ЗТБХБЯ-ныхан уг хөтөлбөрийн хүрээнд барилгын компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулаад эхэлжээ. Иргэд гэрээ байгуулсан компаниудын барилгаас орон сууцаа сонгох юм.

Эндээс харахад 1.6 жилийн дотор ашиглалтад орох 28.3 мянган орон сууц байгаа бөгөөд ир-гэд эндээс сонголт хийх боломж-той гэнэ. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад цаашид жил тутам ийм хэмжээгээр бонд гаргана гэдгийг салбарын сайд нь онцолсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлуудыг шуурхай хийж эхэлсний нэг нь Орон сууц санхүүжилтийн корпорациас гаргах журам гэнэ. Тэд журмыг энэ долоо хоногт багтаан гаргаж, энэ сарын  10-наас эхлэн орон  сууц зээлээр авахыг хүссэн иргэдийн материалыг хүлээж авахаар төлөвлөжээ.  Энэ талаарх мэдээллийг   холбогдох байгууллагуудын вэб сайт болон 1907 дугаарын утсаар авч болох юм байна.