УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.05

Ё.Баатарбилэг: 2017 онд 131 хууль, тогтоолын төсөл батлуулж амжих уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тодорхой 5 асуултыг хууль санаачлагчаас асуулаа. 

Ё.Баатарбилэг: Гишүүдийн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэзээ, яаж хэлэлцүүлж байх юм бэ?

1. Тогтоолын төслийн үзэл баримтлалаас тодруулах шаардлагатай хэд хэдэн зүйл байна. 1998, 2001, 2005, 2009 онуудад Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталж байж.

2013 онд уг үндсэн чиглэлийг батлаагүй гэж үү? Хэрэв батлаагүй бол яагаад батлаагүй юу вэ? Батлахгүй гэж болдог юм уу? Эсвэл батлах ёстой байсан ч өмнөх парламент ажлаа хийхгүй гэсэн үг үү?

2. Тогтоолын төслийн үзэл баримтлалын 3,2-т “УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтыг тогтоохдоо үндсэн чиглэлийг баримтална” гэсэн байна. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэзээ, яаж хэлэлцүүлэх юм бэ?   

3. Тогтоолын төслийн танилцуулгад дурдахдаа, 2017 онд 131, 2020 онд 20 хуулийн төсөл батлуулна гэсэн төлөвлөгөө гаргасан байна.

2017 оныг дуустал 131 хуулийн төсөл батлуулж амжих уу? Төлөвлөгөө гаргахдаа ингэж билэг тэмдгийн шинжтэй гаргах нь зөв үү? 

4. Тогтоолын төслийн 2 дугаар зүйлд зааснаар бол цаг үеийн зайлшгүй шаардлагатай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж байх юм байна.

Эндээс үзэхэд, үндсэн чиглэлд тусгасан хуулийн төслийн жагсаалтыг харгалзахгүйгээр хуулийн төслийг хэлэлцүүлж байхыг Засгийн газарт даалгаж байна гэж ойлголоо. Тэгвэл цаг үеийн шаардлагаар гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ямар дарааллаар, яаж хэлэлцүүлэх вэ?

5. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байна. Үндсэн хуулийг өөрчлөх бол дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Энэ асуудлыг тогтоолын төсөлд яаж тусгасан бэ?

С.Бямбацогт: Гишүүдэд хууль санаачлах бүрэн эрх нь нээлттэй

"Хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Уг хуульд, “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэн батална” гэж заасан байдаг.

Засгийн газар түүхэндээ 1998, 2001, 2005, 2009 онуудад уг үндсэн чиглэлийг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлж ирсэн. 2013 онд тухайн үеийн Засгийн газар 2016 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хоёр ч удаа УИХ-д өргөн мэдүүлсэн боловч хэлэлцэж байгаад батлалгүй орхисон байна.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг боловсронгуй болгох бодлого, төлөвлөлтгүй явж ирсэн гэж болно. Үүний үр дагаврыг ч дөрвөн жилд амссан болов уу. Тиймээс Засгийн газарт ирэх дөрвөн жилд баримтлах бодлого, төлөвлөлт зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байна.

УИХ-ын гишүүдийн санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслийг алгасан, цаг үеийн зайлшгүй шаардлагаар зөвхөн Засгийн газар хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлж, батлуулах юм байна гэж ойлгож болохгүй. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төлөвлөлтийн дагуу ажил явна.

Харин төлөвлөснөөс гадуур зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудал гарч ирдэг. Тэр үед хууль санаачлах эрх бүхий сувьектүүд хууль, тогтоолын төсөл санаачлах бүрэн эрх нь нээлттэй. Тиймээс үндсэн чиглэлийг баталснаар УИХ-ын гишүүдийн хууль санаачлах бүрэн эрх хаагдана гэж байхгүй.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дөрвөн жил хэрэгжүүлэх үүднээс уг үндсэн чиглэлийг санаачлан, боловсруулсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа учраас 2017 онд 131 хууль, тогтоолын төсөл батлуулна гэж төлөвлөөд байна.

Харин 2020 он буюу энэ Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болох жилд тийм олон хуулийн төсөл батлаад байх шаардлагагүй гэж үзсэн."