Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсруулжээ.
Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооы эрхлэх асуудлын чиглэлээр анхдагч хуулийн төсөл 14, шинэчилсэн найруулгын төсөл 7, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 1 байгаа юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ үеэр Туул голын хурдасаас авч шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус маш их хэмжээгээр илэрч байсан.
Саяхан нэг иргэн 400 кг мөнгөн ус авч яваад баригдсан талаар мэдээлэл гарч байна. Хэлэлцэж буй үндсэн чиглэлийн төсөлд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн төсөл багтаж байгаа юм байна.
Хуульд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгажээ.
Тагнуулын байгууллагын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ хэмээн асуусан. Харин УИХ-ын гишүүн Б.Батзориг, газар тариалангийн компаниуд хөрс хамгаалах бодис оруулж ирэхийн тулд салбарын яамнаас гадна ХЗДХЯ, МХЕГ гэх мэт байгууллагаас зөвшөөрөл авдаг. Дээр нь тагнуулын байгууллага нэмэгдэх нь. Хүнд суртал улам нэмэгдэх бишүү гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ц.Шийрэвдамбын хариулснаар, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталж химийн болон хорт бодисын ангиллыг олон улсын жишигт нийцүүлсэн аж.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тагнуулын байгууллагын санаачилгаар Засгийн газраас боловсруулж буй аж.
Химийн хортой болон аюултай бодисын үр дагавар их учир эдгээрийг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллага оролцохоос өөр аргагүй гэж Засгийн газар үзэж буй юм байна.
Химийн хортой болон аюултай бодисыг хулгайн замаар 30-40 тонноор ч оруулж ирэх явдал гарч буй учир үүнд дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих боломжгүй гэж үзсэн ажээ.
Дараа нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо