УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: Эрдэнэт хотод хөгжлийн сан байгуулах тухай бол маш чухал хуулийн төсөл

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох тухай үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. 

Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын О.Баасанхүү үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Монгол Улсын Улс төрийн намын тухай хуульд, УИХ-д суудал бүхий нам сонгогдсон гишүүнээрээ дамжуулж, төрийн бодлого, хууль санаачлах эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан.

Миний санаачилсан хуулийн төслүүдэд МАХН-ын эгэл жирийн гишүүдийн санаа бодол, хүсэл мөрөөдөл шингэсэн.

Ялангуяа Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, тус аймагт ялалт байгуулсан улс төрийн нам нь ганц л зүйл хэлдэг нь Эрдэнэтийг албан ёсоор хот болгоно гэдэг. Болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг.

Гэтэл өнөөдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд, Хотын захирагчийг сонгох сонгууль явуулна гэж заасан.  Энэ заалтаар бол Улаанбаатар хотоос эхлээд Дархан, Эрдэнэт хотуудад ч мөн хотын захирагчийн сонгууль явуулах ёстой гэж ойлгож байна.

Миний санаачилсан хуулиуд дотор хамгийн чухал нь Эрдэнэт хотын хөгжлийн сан байгуулах тухай юм.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 51, 49 хувийн тухай маргаанаа эцэслэн шийдвэрлэж, хоёр талаасаа 100, 100 сая ам.доллар гаргаад Эрдэнэт хот, Эрдэнэтчүүдийг хамгаалсан хөгжлийн сантай болохгүй юм бол байгалийн баялаг барагдаж, нэг том нүх үлдэнэ. Тийм учраас миний санаачилсан хуулиудыг 2020 оноос өмнө баталж өгөхийг хүсч байна.

Бас нэг асуудал бол өдрийн зээл гэдэг ард түмнийг ядууруулдаг өөрөөр хэлбэл сарын 10 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ бол цэвэр мөнгө угааж байгаа хэлбэр юм. Энэ асуудалд хууль, хүчний зарим байгууллагын ажилтан, албан хаагчид орооцолдсон байх жишээтэй.

Өдрийн зээлийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн учраас Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийг дэмжиж байна.

МАХН хүүхэд, залуучууд, ахмадууддаа хандсан бодлого, зорилт болох "60:30:10" хөтөлбөр санаачилж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд Жаргалтай 8 хотын асуудлаар санал оруулж, хуулийн төслүүд өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүд багтсан гэж ойлгож байна.

Хуулиудаа батлах үедээ уг тогтоолоо ягштал мөрдөөрэй. Учир нь УИХ-ын тогтоол нь заавал биелэгдэх, хуультай ижил, тэгш түвшний гэж ойлгодог. Тиймээс өөрийн санаачилсан хуулиа батлуулах, хэрэгжилтийг хангуулах үүднээс тууштай зүтгэх болно. Протоколд тусгагдсан асуудлуудыг баримт болгож ярина шүү.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудалд Засгийн газар ихээхэн “эмзэг” хандаж байна. Нотолгоогүй зүйл ярилаа гэж над руу дайраад байх юм.

Би нотолгоотой ярьж байна. “2016 оны 11 дүгээр сарын 24-нд Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдаад байгаа шүү, та нар сайн ажиллаарай” гэж ярьж байсан болохоор Үндсэн хуультай холбоотой асуудал бол зөвхөн УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд нийт ард түмний хяналтан дор хийх ёстой.

Засгийн газар УИХ-аас чиглэл өгсний дагуу хууль тогтоомж, тогтоолын хүрээнд ажиллаж, олгогдсон төсвөө л зарцуулаарай. Популизм хийж болохгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна."