Төсвийн тодотголын 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас Төсвийн тухай хуулийн 34.1.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх”, мөн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 1.669.6 тэрбум төгрөгөөр бууруулж, 5.344.3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнг 1.787.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 9.741.4 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлыг 4.397.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий18.2 хувьтай тэнцэхээр тооцсон байна.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэгдэх орлого, зарлагын өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгаснаар тус сангийн нийт орлогыг 1.257.1 тэрбум төгрөгөөр, нийт зарлагыг 1.787.5 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс олгох санхүүжилтийг 494.9 тэрбум төгрөгөөр тооцон Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сангийн орлогыг 98 сая төгрөг буюу 36.6 хувиар бууруулж 169.7 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Хүний хөгжил сангийн орлого буурч байгаатай холбоотойгоор сангийн тэнцлийг хангахын тулд Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг 16.4 тэрбум төгрөгөөр бууруулж, тус сангаас хүүхдэд олгох мөнгөний зардлыг 79.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгасан байна.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ дахь намын бүлгүүд хэлэлцээд, санал дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.
Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж УИХ-ын бүх Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал, дүгнэлтийг судлан үзэж, санал боловсруулан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Тус ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг үндэслэн улсын төсвийн орлогыг 3.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг 65 тэрбум төгрөгөөр бууруулах, төрийн өндөр болон улстөрийн, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалин, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин, нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, арьс, ширний урамшуулал, Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг 2016 онд үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор урсгал зардлыг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг Байнгын хороо дэмжсэн байна.
Мөн нийгмийн даатгалын сангийн орлогыг 530.4 сая төгрөгөөр, тус сангийн зарлагыг 28.2 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, Нийгмийн даатгалын сангаас санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 22.7 тэрбум төгрөгөөр бууруулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 51.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэснийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д зааснаар 2017 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар шийдвэрлэн тус Байнгын хорооноос Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж хэлэлцүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.
Дараа нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга С.Эрдэнэ нар уншиж танилцуулсан.
Үүний дараа Төсвийн байнгын хорооны хуралдаанаар санал хураан дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.