Ц.Гарамжав: Танаж болохоор зардлууд байна
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав төсвийн тодотголын баримт бичигтэй танилцсаны үндсэн дээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэд хэдэн асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Тухайлбал, нийгмийн даатгалын сан жил бүр төсвөөс татаас авдаг бөгөөд өнгөрсөн жил 173 тэрбум төгрөгийн татаас олгож байсан бол энэ жил 494 тэрбум төгрөг гэж төсөвт тусгасныг ажиглажээ.
Тиймээс түүний чуулганы хуралдаанд тавьсан асуулт болоод хууль санаачлагчийн хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
- Улсын төсвөөс санхүүжүүлдэг нийгмийн даатгалын татаас яагаад эрс өсөв?
- Эрүүл мэндийн цахим карт, нийгмийн даатгалын барилгуудыг завсарлах зэрэг зардлуудыг тэвчиж болохоор санагдлаа. Үүн дээр ямар санал хэлэх вэ?
- Ашигт малтмалын зах зээл тэр дундаа зэс, нүүрсний үнэ унасан, жонш зах зээлгүй болсон энэ үед алтны онцгой албан татварыг нэмэх гэх зэргээр татвар нэмэх тухай асуудлууд сөгдөөд ирэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хойш суух вий дээ. Хөрөнгө оруулагчдыг дэмжих тал дээр ямар бодлого баримталж байна вэ?
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн
"Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зардлын тухайд, нэгэнт эхэлчихсэн ажлыг дуусгахгүй бол дундаас нь хаячихаар утгаа алдаж байна.
Алтны татварыг нэмэх тухайд, энэ жил 6,8 тн алтыг Монголбанкинд тушаачихаад байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр, 14 тн гэж байгаа.
Хөрөнгө оруулагчдыг дэмжих тухайд, Ерөнхий сайдын дэргэд “Хөрөнгө оруулагчдыг дэмжих ажлын хэсэг” байгуулагдсан. Татварын багц хуулиуд, Хөрөнгө оруулалтын багц хуулиуд хоорондоо авцалдахгүй зүйлс бий. Тиймээс хуулиудын уялдааг хангах өөрчлөлтийг хуулийн төсөл болгохоор ажиллаж байна." гэсэн хариулт өглөө.