Д.Дамба-Очир: Татвар нэмснээр орлого нэмэгддэг гэсэн логик байна уу?
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, хэд хэдэн асуулт асуусан юм.
Тэрээр санхүүгийн замбараагүй байдлаас болж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж дүгнээд нөхцөл байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргуулах хэрэгтэй болохыг хэлж байлаа.
Өнгөрсөн 4 жилд Сангийн яаманд олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүд санхүүгийн сахилга батгүй байдлыг өөгшүүлсэнд нилээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн төсвийн гадуур хяналтгүй зарцуулсан 500 тэрбум төгрөгт холбогдох нөхдүүд хариуцлага тооцох хэрэгтэй, компаниудын өр тэр дундаа Ханресурсийн төлбөрийг хойшлуулах боломж байхгүй юу гэсэн саналуудыг дэвшүүлсэн. Ингээд тэрээр хэд, хэдэн асуултыг Сангийн сайдаас асуусан юм.
Асуултуудад нэг бүрчлэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулсан.
Ингээд түүний УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын асуултуудад хэрхэн хариулсныг хүргэж байна.
Монголбанкинд тушаах алтны татвар 5 хувь байхад 2005 онд 14 тн алт тушааж байсан байх жишээтэй. Тиймээс 2,5 хувийн татварыг 5 хувь болгосноор 20 орчим тэрбум төгрөгийн орлого олох урьдчилсан тооцоо гарсан. Менежмент, хяналтаа сайжруулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна. Татвар нэмэхээр орлого бага зэрэг нэмэгдэхээр тооцоо гарсан. Татвар нэмсэнээр гарах сөрөг үр дагаврууд байдаг. Гэхдээ Засгийн газар, Сангийн яам менежментээ сайжруулахад түлхүү анхаарч, төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
150м квадратаас дээш талбайтай орон сууцанд амьдарч буй айл, өрхүүдийн хувьд нийгмийн чинээлэг хэсэг гэж үзээд хямралтай байгаа энэ үед улс орноо бодож, энэ хэмжээний татвар төлчих байх гэсэн найдлага байна.
500 тэрбум төгрөгийн төсвийн гадуур зарцуулалт гэдэг нь “Сайн” хөтөлбөрүүд бөгөөд төсвөөс санхүүжиж байгаа учраас төсвийн тодотголоор зарлага талдаа гарч байгаа юм.
Шинэ Засгийн газар байгуулагдаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлээд, дүгнэлтээ Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон. Компаниуд тэр дундаа Ханресурсийн төлбөрийг нэгэнт хийчихсэн. 2008, 2009 оны хямрал хийгээд бусад улс орны хямралаас гарсан туршлагыг судалж байна.
2008, 2009 оны хямралаас одоогийн хямралын ялгаа нь гэвэл төсвийн дарамт хэт өндөр болсон, 5 төгрөг тутмын нэгийг зээлийн хүүнд төлж байна. Энэ байдлаараа цааш явбал 2017, 2018 онд төсвийн бүх орлогоороо ч зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байна. Тиймээс энэ удаагийн хямрал өөрийн гэсэн онцлогтой, бусад хямралыг бодвол нилээн хүнд хямрал болох магадлалтай байна.