Нийслэл хотын тулгамдсан асуудал ба шийдэл
2016.09.08

Нийслэл хотын тулгамдсан асуудал ба шийдэл

Эрүүл аюулгүй орчин: Зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтыг бууруулах боломж

Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Гэтэл энэ эрх зөрчигдсөөр. Тухайлбал, зам тээврийн ослын улмаас сүүлийн 15 жилд улсын хэмжээнд 5041 хүн нас барсан бол зөвхөн 2015 онд л гэхэд 429 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Зам, тээврийн ослын бодит шалтгаан нөхцлийг тодорхойлж, иргэдийг замын хөдөлгөөний соёлд сургаж, олон улсын жишигт нийцсэн замын хөдөлгөөний дүрмийг боловсруулан, түүнийг ягштал мөрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Гүүрэн болон нүхэн гарцыг нэмснээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд саадгүй оролцож, хотын “хурд” тэр хэрээр нэмэгдэх болно. Нөгөө талаас, улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн 60 орчим хувь нь нийслэлд бүртгэгдэж, гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээсээ 10-15 хувиар өссөн тоон үзүүлэлт байна. Энэ бол иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотой.

Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд тэднийг ажлын байраар хангах ёстой. Нийслэлийн иргэн бүр ажилтай, цалинтай, орлоготой байснаар иргэдийн боловсрол, ухамсар, амьжиргааны түвшин дээшилнэ.

Хот төлөвлөлт

Олон улсын жишигт нийцсэн хот болно гэж олон жил ярьж байгаа боловч бодит байдалд бүрэн хэрэгжихгүй байна. Иргэдийн хотдоо хандаж буй хандлага, оролцоо сул байна. Улаанбаатар хотод иргэд суурьшиж эхлэхдээ уламжлалт гэр сууцандаа амьдарсаар аажмаар байшин хороолол руу шилжиж, өнөөгийн дүр зураг бий болсон байна. Тэгвэл уламжлалт гэр сууцаа тэр чигээр нь байшин хорооллоор солих асуудал өнөөдөр эрчимтэй яригдаж, эхнээсээ ажил хэрэг болж байна.

Хөдөө орон нутгаас хот, алслагдсан дүүргээс хотын төв рүү шилжих хөдөлгөөнийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх үү? Эсвэл шилжилт хөдөлгөөнийг нарийн зохицуулж, хот төлөвлөлтийг зөв голдрил руу оруулах уу?

Үүсэн бий болоод буй гэр хорооллын айл өрхийн 50 хувийг хямд, чанартай, орчин үеийн сууцаар хангах боломж байна. Мөн шилжилт хөдөлгөөнөөр хотод суурьшихаар ирэх иргэдэд ажлын байр бэлдэх, хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна. 

Байгаль орчин: Агаар, хөрсний бохирдол

Нийслэл хотын хэт төвлөрөл, гэр хорооллын тэлэлт зэргээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрлээ. Нялхсын эндэгдэл энэ оны эхний улиралд 427 болж, өмнөх оны мөн үеэс 33 хувиар, 5 хүртэлх насандаа эндэж буй хүүхдийн тоо 491-д хүрсэн бол хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бүхэн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал яах аргагүй мөн.

Тухайлбал, гэр хорооллын бохир /жорлон/-оос үүдэлтэй хөрсний бохирдол дээрх тоо баримтуудын нэг шалтгаан болж байна. Тиймээс байгаль орчноо хамгаалах асуудлыг нийслэлийн нэн тэргүүний бодлогод тусгаж, хотын иргэд нэгэнт хэвшсэн хэв маягаа өөрчилж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд оролцох хэрэгтэй.

Гэр хорооллын тэлэлт: Орон сууцжуулах оновчтой бодлого

1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжиж, Монгол Улсын иргэн дотооддоо чөлөөтэй шилжин суурьших эрх нь баталгаажсанаар хот руу шилжих хөдөлгөөн эрчимжсэн. 1998 онд нийслэлд гэр хорооллын 96 мянган айл өрх аж төрж байсан бол энэ тоо одоо 198 мянгад хүрлээ. Энэ хугацаанд нийслэл төдийгүй улс орны хэмжээнд орон сууцжуулах төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Гэхдээ эдгээр төсөл хөтөлбөрийн дагуу иргэд хийгээд барилгын компаниуд өөрсдийн хөрөнгөөр орон сууц барих бодит боломж хомс байна. Олон давхар, чанартай барилга барихад өртөг өндөр тусна.

Тэгвэл бидний гол зорилго нь өндөр барилгууд уу, иргэдийг орон сууцжуулж, агаарын бохирдлыг бууруулахын аль нь болохыг сайтар бодолцох хэрэгтэй. Тиймээс гэр хорооллын айл өрхийг хашаа хашаагаар нь, хороо хороогоор нь орон сууцжуулах боломжтой, олон улсад туршсан, шилдэг технологиудыг нутагшуулах шаардлага байна. Ингэснээр ойрын 10 жилд гэр хорооллын айл өрхүүдийн 40-50 хувь 1мкв нь 400-500 мянган төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдрах боломжтой гэж харж байна.

Олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн оновчтой, зөв шийдэл. Энэ загварчлалаар Бельги, Швед, Герман, Англи улсууд хэдэн арван жилийн өмнө гэр хорооллын асуудлаа шийдвэрлэсэн байхад бид яагаад тэднээс хоцрох ёстой гэж? Цаашид олон улсын орон сууцжуулах технологи, аргачлал, үйлдвэрлэлийг улс орондоо нэвтрүүлж болох ирээдүй ч харагдаж байна. Гагцхүү үүнд тодорхой хөрөнгө мөнгө, хамтын хичээл зүтгэл хэрэгтэй.

Хотын соёл, иргэдийн дархлаа: Нэг хүч, нэг зорилготой НИЙСЛЭЛЧҮҮД

Социализмын үед “соёлын довтолгоо” өрнүүлж, хотын иргэд хэвшүүлбэл зохих тодорхой дадлыг эзэмшүүлж байлаа. Одоо бол иргэний нийгэмд ажиллаж, амьдарч буй хотын иргэдийг соёлжуулах, нийслэлд амьдрах иргэдэд үйлчлэх дүрэм, журмыг шинэлэг байдлаар сурталчлан таниулах шаардлагатай байна. Нийслэлийн иргэн гэдэг дархлаа, бахархлыг бий болгож, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд хотын дүрэм, журмыг ягштал баримтлах ёстой. Үүнийг хүний эрх зөрчиж байна гэж гуйвуулж ойлгож болохгүй юм.

Хотын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хүсэлтэй нийслэлийн иргэдийн баримталбал зохих орчин үеийн шинэлэг “цагаан толгой”, гарын авлагатай болцгооё.

Эмх замбараагүй, соёлгүй гэдэг бол нийслэлийн иргэдэд байх ёсгүй тодорхойлолт. Нийслэлчүүд бид нэг нэгэнтэйгээ найрсаг харьцаж, мэндлэх хүндлэх ёсоо алдалгүй, уучлал гуйх, талархлаа илэрхийлэх, хотоо цэвэр цэмцгэр байлгахад хүчин зүтгэдэг байх хэрэгтэй. Бидэнд тийм ухамсар бий. Нийслэлчүүд бид нэг хүч болж, нэг зорилго дор нэгдэж чадна.