Засгийн Газрын дөрвөн гишүүнийг томилж, ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР бүрдлээ
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.07.29/ нэгдсэн хуралдаан 17 цаг 35 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод хуралдахаар болсон тул хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм.
Ингээд байнгын хороодын хуралдааны дараа 20 цаг 54 минутаас Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, эхлээд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлснийг энэ сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаар хэлэлцэж баталсан. Харин Засгийн газрын үлдсэн дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг Ерөнхий сайд өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилуулах асуудлыг ийнхүү өргөн мэдүүлсэн тухайгаа Ерөнхий сайд танилцуулаад Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болохыг дурдлаа.
Ерөнхий сайд эхлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилуулах саналаа танилцуулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороодын өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэнг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд дэмжсэн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан юм.
П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Сүхбат, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Г.Занданшатар, Б.Энх-Амгалан, А.Баделхан, Б.Жавхлан, Ц.Гарамжав. Л.Энх-Амгалан, М.Билэгт, С.Чинзориг, Д.Сумъяабазар, Ж.Батзандан нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Ингээд Пүрэвийн Сэргэлэнг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 56 нь буюу 96.6 хувь нь дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаярыг томилуулах саналыг хэлэлцлээ. Салбарын сайдыг томилуулах тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр салбарын сайдад нэр дэвшигчийг дэмжсэн байна.
Нэр дэвшигч Г.Мөнхбаяр нь 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм. Тэрбээр 1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн байна.
Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, А.Баделхан, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Жавхлан, Б.Ундармаа, Ц.Гарамжав, Б.Батзориг, С.Эрдэнэ нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувь нь Г.Мөнхбаярыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Аюушийн Цогцэцэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигч А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академи төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой юм. Тэрбээр 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр, 2003 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.
Салбарын сайдыг томилуулах тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд санал нэгтэй дэмжсэн талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Ерөнхий сайдын танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Энхболд, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа, Б.Жавхлан, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, М.Билэгт, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.4 хувь буюу 56 гишүүний 54 нь А.Цогцэцэгийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах саналыг дэмжлээ.
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Пүрэвжавын Ганхүүг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэв. Нэр дэвшигч П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг төгссөн. Эдийн засгийн магистр зэрэгтэй, АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсны дараа гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Батнасан, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Баттөмөр, Д.Сумъяабазар, А.Баделхан, Д.Хаянхярваа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Н.Нямбаатар нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа хэлээд цаашдын ажилд нь амжилт хүсч зарим захиас зөвлөгөө өгсөн юм. Ингээд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар П.Ганхүүг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.7 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.
Засгийн газрын танхим бүрдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэж өгсөн явдалд Улсын Их Хуралд талархал илэрхийлээд Засгийн газар улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн бодит байдлын талаархи мэдээллийг олон нийтэд үнэн бодитойгоор хүргэж, шуурхай, ил тод байх зарчмыг баримталж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танхимаараа хэлэлцэн нэн яаралтай Улсын Их Хуралд өргөн барина гэдгээ хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.