Онцгой байдлын аврагчид арав гаруй хүний амийг аварсан байна
-ОЙ ХЭЭРИЙН ЗУРГААН УДААГИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ-
Онцгой байдлын албаны албан хаагчид баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 146 дуудлагаар ажиллажээ. Үүний нэлээдгүй нь гол усанд хөл алдаж живлээ гэх дуудлага эзэлж байжээ. Аадар бороо, мөндөр орж үер буусны улмаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд долоо болон 11 настай хоёр хүүхэд усанд осолдож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баацагаан сум, Дархан-Уул аймгийн Орхон сум, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Алдархаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Сүхбаатар сум, Төв аймгийн Лүн сум, Ховд аймгийн Булган сум, нийслэлийн Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүрэгт усны ослоор 17 иргэн амь насаа алджээ. Үүний долоо нь хүүхэд, 10 нь насанд хүрсэн иргэн байжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн талаар мэдээллээ.
Үүнээс гадна гол усанд живж байсан арав гаруй иргэний амийг аварсан байна. Долдугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Орхон голд гурван иргэн согтуугаар эргүүлэгтэй усанд унасныг Онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажиллан дээрх иргэдийн амь насыг аварчээ. Мөн тус голд хоёр хүүхэд, нэг том хүн живж байхад нь аварчээ. Нийслэлийн хувьд, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газарт, мөн тус дүүргийн 85 дугаар сургуулийн дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан байна.
АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ
Улсын хэмжээнд обьектын 21 ахуйн гал түймрийн дуудлагад аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид ирж шуурхай очиж ажиллажээ. Обьектын гал түймрийн улмаас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 80 настай хөгшин амиа алдсан бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэр, нас тодорхойгүй эрэггэй хүн мөн ахуйн түймэрт өртөж нас барсныг аймаг, нийслэлийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Харин ой хээрийн зургаан удаагийн түймэр гарчээ. Дорнод аймгийн Баян-Уул, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар суманд зургаан удаагийн ой, хээрийн түймэр гарсныг бүрэн унтраасан байна.
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ӨЧИГДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХҮРЧЭЭ
Баян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардпагатай байгааг Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн талаар мэдээлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14000 ширхэг цэвэр ус, 14000 ширхэг махан нөөш, 3.5 тонн гурил, 3.5 тонн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа гурав хоногийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлсөн. Тэгвэл тусламжийн цуваа өчигдөр Баян-Өлгий аймагт очсон байна. Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас үерт өртсөн, тусламжид хамрагдах айл өрхүүдийн судалгааг гаргаж. тусламжийг хуваарилах бэлтгэлийг хангаад байгаа гэнэ.
ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ АМИЙГ АВРАВ
Харин нийслэлийн хувьд голын усанд боогдсон гэх 11 дуудлага ирсэн бөгөөд усанд боогдсон 57 иргэн, 14 автомашиныг завь болон аврах ажиллагааны техник хэрэгсэл ашиглан татаж гаргасан гэнэ. Мөн гэр, хашаа борооныусандавтсан, барилгын зоорийн давхарт ус орсон гэсэн 22 дуудлагаар ажиллаж 52 айлын хашаанд тогтсон усыг соруулж, долоон айлд борооны ус зайлуулах суваг, шуудуу татах ажлыг хийж гүйцэтгэжээ. Өндрөөс аврах ажиллагааны хоёр дуудлагаар ажиллажээ. Баянзүрх дүүрэгт барилгын 10 давхраас унах гэж байсан 32 настай эмэгтэйн амь насыг авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Хандгайтын 40 дүгээр гудамжинд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт гарсан байсан иргэн Б- г аварчээ.