Үерт автсан айлуудад шинэ суурьшлын бүсэд газар олгосон
Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр
2016.07.19

Үерт автсан айлуудад шинэ суурьшлын бүсэд газар олгосон

Баян-Өлгий аймагт үүссэн үерийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраас тодрууллаа

-Одоогийн байдлаар Баян-Өлгий аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

Тус аймагт энэ сарын 10-ны өдөр 17.00 цагийн орчим гучин минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Өлгий сумын I, VI, IX, XI багийн айл өрх үерт нэрвэгдэж, 18 байшин нурсан гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын бие бүрэлдэхүүн хүлээн авч, аймгийн цагдаагийн байгууллага, зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан гэдгийг Улсын онцгой комиссийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцахдаа харлаа. Энэхүү үерийн аюулд 105 байшин нурж, 640 орчим хүн өртсөн байна. Мөн нурах эрсдэлтэй 70 орчим байшин барилга байна. Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу үерт автсан айл өрхийг шинэ суурьшлын бүсэд газар олгож, иргэдийн үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн байгаа.

-Гучин минут орсон бороо яагаад ийм их гамшиг дагуулсан юм бол?

Энэ удаагийн үерийн хувьд нэг онцлог байгаа. Тус аймагт үерээс хамгаалах инженерийн барилга байгууламж байхгүй. Тиймээс орж байгаа борооны ус, мөндөр Ховд гол руу шууд урсаад орох ямар ч боломжгүй. Иймээс тус аймгийн зарим багийн нутаг дэвсгэрт тогтоол ус бий болж, айлын хашаа, байшин нурсан байна. Түүнчлэн барилгын материалын чанартай холбоотой нэг зүйлийг хэлмээр байна. Тэнд амьдарч байгаа багийн иргэд байшин барихдаа шар шавар, үнсний хаягдал зэргийг ашигласан.

Мөн тус аймгийн иргэдийн байшингийн дээвэр хавтгай бөгөөд түүн дээрээ шороо овоолдог нь үерийн аюулд илүү өртөмтгий болгосон байгаа юм. Газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцахад тус аймагт орсон бороо нь жирийн байдаг л үзэгдэл. Ер нь инженерийн барилга байгууламж сайн байсан бол нөхцөл байдал хүндрэхгүй байх боломж байсан. Үүнтэй холбогдуулж улсын онцгой комиссийн ажлын хэсгийн зүгээс тусаймгийн Засагдаргад Юзаалт бүхий зөвлөмж хүргэсэн. Хамгийн түрүүнд аймгийн төвөө тойруулж үерийн усны хамгаалалтын далан барих, байшин барилга барих материалын чанарын нэгдсэн стандарттай болох зэрэг зөвлөмж хүргэсэн.

-Үерт автаж орон гэргүй болсон иргэдийг хаана, хэрхэн байршуулж байгаа вэ?

Зарим айл өрхийг сургууль, цэцэрлэгийн спорт зааланд байршуулж байгаа. Мөн зарим иргэн ах, дүү нарынхаа гэрт байршиж байна.

-Тухайн иргэдэд Засгийн газраас ямар тусламж үзүүлж байгаа вэ?

Орон гэргүй тусламж хэрэгтэй иргэдэд улсын нөөцөөс 70 гэр олгосон. Мөн халдваргүйжүүлэх бодис, 700 хүний 10 хоногийн нэн шаардлагатай хоол, хүнсний Засгийн газрын хүмүүнлэгийн тусламж өнөөдөр /өчигдөр/ өглөө Өлгий суманд очсон гэдэг албан ёсны мэдээ бидэнд ирсэн. Бид засгийн газар болон хувь хүн, байгууллагын тусламжийг нэгтгэж, хэрэгтэй эзэнд нь очиход анхаарч ажиллаж байна.

-Үерийн үеэр нэг хүүхэд амь насаа алдсан. Аймгийн ОБГ-ыг шуурхай ажиллаагүй гэх шүүмж байна л даа?

Энэхүү үерийн гамшигтай холбогдуулж хэвлэл мэдээлэл, сошиалаар аймгийн онцгой байдлынхныг шуурхай бус удаан ажилласан гэсэн мэдээлэл цацагдсан. Газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцахад аймгийн онцгой байдлын ажилчид шуурхай ажиллаж, үерийн эсрэг хариу арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлснээр хүний амь нас олон тоогоор эрсэдсэнгүй. Харамсалтай нь, дөрвөн настай нэг хүүхэд нас барсан. Уг хүүхэд нь хамаатныхаа айлд байж байгаад бороо намдахаар гэр рүүгээ явж байх замдаа үерийн усанд өртөж амь насаа алдсан.