Хурдны замын шав тавилаа
Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудал чиглэлийн хурдны авто замын нээлт боллоо.
Төв аймгийн Бөхөгийн даваанд хурдны замын шав тавих ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл, БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн болон холбогдох албаныхан оролцлоо.
Уг замын нийт урт нь 30,4 км байх юм. Зураг төслийг олон улсын стандартад нийцүүлж гаргасан гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Тухайлбал зургаан эгнээ машин зорчих хэсэгтэй, хоёр чиглэл зорчих 31 метр өргөн, долоон хэсэгт гүүрэн гарцтай, тусгаарлах зурвастай байхаар төлөвлөжээ. Хөшигийн хөндийд хурдны зам бүтээн байгуулах гэрээг 2015 оны есдүгээр сард байгуулсан бөгөөд 2018 оны долдугаар сард хүлээлгэн өгнө гэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2015 онд БНХАУ-ын Эксим банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Уг зээлийн 141 сая ам.долларыг Хөшигийн хөндийн хурдны авто замын бүтээн байгуулалтанд зориулна. Үлдсэн 359 сая ам.доллараар мөн л авто замын ажилд зарцуулна гэж Зам тээврийн сайд М.Зоригт хэллээ.