Замын засвар, арчлалтын хөрөнгийг хангалттай олгож баймаар байна
Зам, тээврийн яамны Авто зам, замын байгууламж, засвар ашиглалтын албаны дарга Д.Загдраднаатай ярилцлаа.
2016 онд хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлаас товч ярихгүй юу?
2016 онд авто замын салбарт 14 чиглэлд 19 төсөл, арга хэмжээг Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламжийн нийт 96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
...Энэ онд нийт 1014.45 км замын барилгын ажил гүйцэтгэхээс 771 км нь он дамжсан, шинээр 243 км замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. ...
Мөн 5 байршилд 984 у/м гүүрийн барилгын ажил хийгдэхээс 4 гүүрийн ажил он дамжин үргэлжилж 1 гүүрийн ажил шинээр эхэлж байна. Увс аймагт Шивэрийн голын 72 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг шинээр эхлүүлж, Булган аймгийн Сэлэнгэ мөрний 422.5 у/м, Сэлэнгэ аймгийн Ерөө голын 272.7 у/м, Хэнтий аймгийн Хэрлэн голын 217.2 у/м урт төмөр бетон гүүр барих ажлууд үргэлжлэн барьж дуусгана.
Энэ жилийн онцлог гэвэл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор-Алтай чиглэлд 129.4 км, Тосонцэнгэл-Улиастай чиглэлд 114 км зам, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189 км авто замуудын ажил тус тус эхэлнэ.
Тэгвэл замын засвар, арчлалтын чиглэлээр хэдий хэмжээний ажил хийгдэх вэ?
2016 онд улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой авто замын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдээс багассан.
... Зам, тээврийн сайдын багцад 2016 оны улсын чанартай авто замын засвар арчлалтад Улсын төсвөөс 55.0 тэрбум төгрөг төсөвлөгднөөс 8.0 тэрбум төгрөг батлагдсанбөгөөд угхөрөнгөөр улсын чанартай авто замын ашиглалтын болон байнгын бэлэн байдлыг жилийн туршид ханган ажиллах боломжгүй юм ....
Энэ нь нийт авто замын сүлжээний 14.5%-д нь шаардагдах зардал учраас бид төсвийн тодотголоор 47 тэрбум төгрөг нэмж олгуулах хүсэлтээ Засгийн газарт танилцуулж шийдвэрийг гаргуулсан, төсвийн тодотголоор нэмэлт хөрөнгийг тусгуулахаар ажиллаж байна.
Одоогоор замын засвар, арчлалтын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 28 компанитай гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Иймд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр, байнгын бэлэн байдлыг ханган ажиллахад нэмж 47.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шийдвэрлэх шаардлагатай.
Өнгөрсөн онд шинэчлэгдсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хэрэв авто замын зөрчил, осол, гэмтэл нь зам, замын байгууламжаас шалтгаалсан бол тэр зам, замын байгууламжийг барьсан, хариуцсан этгээдүүд хариуцлага хүлээх тухай заалтууд орсон. Үүний хэрэгжилт нь ямар байна вэ?
2015 онд батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулинд “Зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгүйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд учирсан хохирлыг Замын засвар арчлалт хариуцсан байгууллага, албан тушаалтнаар нөхөн төлүүлж улмаар өндөр хэмжээний торгууль ногдуулах”-аар хуульчилсан.
Авто замын тухай хуульд ийм агуулгатай заалт байдаг, ялангуяа зам засвар, арчлалтын компаниуд хариуцсан замаа байнгын бэлэн байдалд байлгах үүрэг хүлээдэг.
... Зам хариуцагчийн гэрээнд замын засвар арчлалтын ажлыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс болж осол, аваар гарвал зам засвар, арчлалт хариуцсан компани учирсан хохирлыг нөхөн төлөх учиртай. Гэвч энэ заалт хангалттай хэрэгждэггүй ...
Яагаад гэвэл шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгагддаггүй.
Бидний хувьд юун түрүүнд замын засвар, арчлалтад шаардлагатай нормативт хөрөнгийг хангалттай олгож байгаач гэсэн хүсэлт тавьдаг. Учир нь 2017 оноос бүх аймгууд хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсоноор авто замын арчлалт засварын ажлыг зохих түвшинд стандарт шаардлагын дагуу хийхийн тулд энэ ажлын санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжүүлэх арга хэлбэрийг тодорхой, оновчтой болгох зайлшгүй шаардлага гарч байна.
2012-2016 онуудад 3385 км хатуу хучилттай авто замыг барьсан.
... 2012 оноос өмнө баригдсан 2967 км хатуу хучилттай авто замын 28% буюу 825 км зам 2-5 жил, 55% буюу 1621 км зам 5-13 жил, 17% буюу 501,2 км авто зам нь 13-аас дээш жилийн насжилттай. Өөрөөр хэлбэл 2122.5 км авто замд ээлжит болон их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлагатай байна ....
Харамсалтай нь шаардлагатай засвар, арчлалтын ажлуудыг нормативт хугацаанд нь хийж байгаагүйгээс замын техник ашиглалтын түвшин буурч байна.
Авто замын тухай хуульд замын, засвар арчлалтай холбоотой юуг шинээр тусгах шаардлагатай байгаа вэ?
Авто замын тухай хууль 1998 онд батлагдсан. Зам тээврийн яам байгуулагдсанаасаа хойш уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард бид Хууль зүйн яамаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлуулсан. Яамдуудаас хуулийн төсөлд санал авч Засгийн газарт оруулах шатанд явж байна.
Энэ төсөлд замын засвар, арчлалттай холбоотой нэлээдгүй заалтууд орсон. Тухайлбал замын засвар, арчлалтын хөрөнгийн эх үүсвэр, Замын сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн заалтуудыг оруулсан байгаа.
Ер нь зам, засвар арчлалтын эх үүсвэрийг яаж бий болгодог вэ? Дэлхийн туршлага ямар байна?
Манай улсын хувьд Замын сан гэж байдаг. Уг сангийн эх үүсвэрийг авто зам ашигласны төлбөр, авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, замын хуулиудын хэрэгжилттэй холбоотой торгууль, бусад орлогоос бүрдүүлдэг.
... Улсын хэмжээнд авто замын төлбөр хураах 16 цэг ажилладаг бөгөөд жилд ойролцоогоор гурван тэрбум орчим төгрөг санд төвлөрүүлдэг...
Бусад эх үүсвэрийн хувьд тогтвортой орлого орж ирдэггүйгээс шалтгаалан улсын хэмжээнд замын засвар, арчилгаанд хүрэлцэх хэмжээний хөрөнгө төвлөрдөггүй.
Дэлхийн улс орнууд засвар арчлалтын эсвэл замын санг тусгайлан байгуулж уг санд зам хэрэглэсний төлбөр, автомашины гаалийн болон албан татвар, авто бензин, дизель болон хийн түлшний татвар, хүнд даацын авто машины хураамж зэргийг төвлөрүүлэн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хуримтлуулж байна.
Хуримтлалтын голлох эх үүсвэр нь бензин, дизелийн түлшний татвар болон зам хэрэглэгчийн татвар байдаг.Тухайлбал дэлхийн бусад орнуудад дизелийн түлшний 1 литр тутмын татвар нь 2.2 - 14.2 цент хүртэл байна.
Олон улсын хэмжээнд замын засвар арчлалтанд зориулах хөрөнгийн хэмжээг тухайн улс орны ДНБ-ны 0.4-1% байх нь зохимжтой гэж зөвлөдөг. Улс орнууд засвар арчлалтанд шаардагдах хөрөнгийг зохих хэмжээнд бүрдүүлэхгүйн улмаас өөрийн үндсэн хөрөнгийн ихээхэн хэсгийг алдаж байдаг гэж ойлгож болно.