Тайландад өдөрт дунджаар 65 хүн зам тээврийн ослоор нас бардаг
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Тайландчууд Буддын шашны томоохон баяруудын нэг болох Сонгкран баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэдний хувьд энэ бол “Шинэ он” бөгөөд халууны улирал дуусч, борооны улирал эхэлж буйг илэрхийлдэг байна.
Жилийн хамгийн баяр цэнгэлтэй өдрүүд өнгөрч, олон мянган жуулчид хуран цуглардаг боловч аймшигт зүйлсийг нүдээр гэрчлэх нь олонтаа. Гунигт үйл явдлууд, зам тээврийн осол аваарын огцом өсөлтөөс болж “Аюулын долоо хоног” гэдэг нэртэй болжээ.
Эдгээр өдрүүдэд согтуу жолооч нараас болж нас барагсдын тоо гуч орчим хувиар нэмэгддэг. Энэ жилийн баярын өдрүүдэд гэхэд л 3271 хүн гэмтэж, 397 хүн нас барж, 110,099 хүн баривчлагдсан байна. Түүнчлэн 3104 зам тээврийн осол гарч, замын шалган нэвтрүүлэх зурваст 5772 автомашин саатуулагдаж, 16346 согтуу жолооч үнэмлэхээ хураалгажээ.
...ДЭМБ-аас зам тээврийн аюулгүй байдлын хэмжилтийг хийхэд Тайланд улс дэлхийд хоёрт буюу Ливи улсын ард жагсдаг. Тайландын зам дээр жил бүр 24,000 хүн амь насаа алддаг нь Зүүн Өмнөд Ази дэх хамгийн өндөр үзүүлэлт юм...
Согтуу жолооч нараас болж асуудал их үүсдэг боловч авто замын чанаргүй байдал, эвдрэл гэмтэл мөн л багагүй нөлөөлдөг.
Уг нь Тайландын автозамын чанар нь хөрш орнуудтай харьцуулахад чанартай, сайн гэж үнэлэгддэг. Гэхдээ энэ нь хурд хэтрүүлэх нэг шалтгаан болсон тул хөдөө орон нутаг руу зорчих зам айдас хүргэм хурдны зам болон хувирчээ.
Тайландын зам байнгын ачааалал ихтэй байдаг. Энэ нь тус улсын хөрөнгө чинээнээс гадна олон нийтийн тээврийн хэрэгслийн хангамж муутай холбоотой. Тайландын замаар машин гэхээсээ илүү моторт дугуй, мотоцикл хөлөглөсөн хүмүүс олноор зорчдог. Энэ хэрээрээ нийт осол аваарын 75 хувийг мотоцикл хөлөглөсөн хүмүүс эзэлдэг. Тэдний тал нь л зориулалтын малгай өмсдөг. Жолоочийн ард суух зорчигч малгай өмсөх нь бүр л ховор үзэгдэл.
Хот доторх хурдны дээд хязгаар 80 километр байдаг тул жолооч нар голдуу давхидаг. Иймд хөдөө орон нутгуудад тус хязгаарыг бууруулах арга хэмжээг авч эхлээд байна.
Тайланд улсын автозамын соёл тун сул. Автозамын хяналтын камерын тоо олширч, осол аваарыг бүртгэх боломж сайжирсан боловч зөрчил гаргасныхаа төлөө торгууль төлдөг жолооч бас л цөөн байдаг. Засгийн газар хууль дүрмийг сайн сахиулж чаддаггүй тул жолооч нар жолооны үнэмлэхээ барагтаа л бол хураалгадаггүй.
...Жолооч нар согтууруулах ундаа уусан эсэхээ шалгуулахаас татгалздаг байсан нь өнгөрсөн онд дуусгавар болсон юм. Гэвч өнөөдөр ч гэсэн замын цагдаа нар согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөөрөмж тэр бүр биедээ авч явдаггүй хэвээр л байна...
Зам тээврийн ослын талаарх өдөр тутмын тоо баримтад иргэд нэгэнтээ дасал болжээ. Осол аваарын тоо буурахын оронд өссөөр байгаа тул замын цагдаа нар хүртэл гутранги үзэлтэй болсон байна.
Харин Тайландын эрх баригчид энэ асуудалтай хатуу тэмцэхээр шийдэв бололтой. Учир нь автозамын аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль гаргахаар ид ажиллаж байна. Шинэ хуулийн дагуу согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг хорих, саатуулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Тайландын Засгийн газраас шинэ хуулийг ямар нэгэн арын хаалгагүй, хүчээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Учир нь баян, нэр нөлөөтэй хүмүүс осол гаргаад ял шийтгэл хүлээлгүй, хэргийн газрыг орхих явдал олон гарч байсан. Энэ нь баян л бол хуулийг уландаа гишгэж болно гэсэн сөрөг суртлыг олонд түгээж байгаа учраас хууль, дүрмийн хэрэгжилтийг чангатгахаар Засгийн газар эрс шийдсэн бололтой.