Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Шведийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Шведийн Вант Улсын парламентын төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтын эхэнд Шведийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байна, Монгол Улсад тавтай зочлохыг хүсье гээд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Шведийн парламент төлөөллөө оролцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрээр, Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод, Швед Улсад өнөөгийн байдлаар 4000 гаруй монгол иргэд амьдарч байгаа бөгөөд Скандинавын орнууд дотроос Швед Улс манай улстай илүү ойр байдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Швед улсад амьдарч байгаа монгол иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль, эрх зүйн хүрээнд тэдний ажил хөдөлмөр эрхлэх боломж бололцоог хангах тал дээр Шведийн парламентын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дэд дарга Стокгольмд төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг энэ онд Монгол Улс даргалж байгаа бөгөөд тус байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Шведийн талаас дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гээд, хоёр талын харилцааг соёлын салбарт хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор Монголын тухай томоохон үзэсгэлэнг 2019-2020 онд Скандинавын орнуудад гаргахаар ажиллаж байгааг ч мөн дуулгасан юм.
Шведийн Вант Улсын парламентын гишүүн Ол Торел тусгайлан цаг гаргаж хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдод талархал илэрхийлээд Ази, Европын парламентчдын энэхүү өндөр хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа Монгол Улсын парламентад талархаж байна. Швед-Монгол Улс удаан хугацааны найрсаг харилцаатай. Бид ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг. Иймээс Монгол Улсын ардчиллыг хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Швед Улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн асуудлуудын тухайд бид цааш уламжлах болно. Урлагийн арга хэмжээ зохион байгуулах тал дээр Стокольм дахь Элчин сайдын яам маш сайн ажиллаж байгаа гэв. Мөн тэрээр цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж буйгаа онцлоод энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Шведийн Гадаад харилцааны сайд оролцохоор төлөвлөж буйг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд Ази-Европын парламентын төлөөлөгчдийн энэхүү уулзалт Та бидний хамтын чармайлтаар үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд Шведийн парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.