Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Пакистаны парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Пакистан Улсын парламентын Сенатын гишүүн Мушахид Уллахан, Гоус Нязи нарыг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Пакистаны парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Пакистаны парламент төлөөллөө оролцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэг гол зорилт болохыг Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр онцлоод энэ хүрээнд Лалын Бүгд Найрамдах Пакистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг тэмдэглэлээ. Мөн Монгол, Пакистан Улсын найрсаг харилцааг бүх салбар чиглэлд сэргээн идэвхжүүлэхийн төлөө байгааг нотлоод хоёр улс эдийн засаг, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтой, хамтын ажиллагааны энэхүү боломжийг эрэлхийлэх зорилгоор улс төр, эдийн засгийн яриа хэлцээг эхлүүлэх эрмэлзэлтэй байгааг тэмдэглэлээ.
Пакистаны парламентын төлөөлөгчдийн тэргүүн Мушахид Уллахан цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд Ази-Европын парламентчдын энэхүү нэр хүндтэй том арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Мөн тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлээд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ. Энэ үүднээс хоёр тал улс төрийн уулзалт, яриа хэлэлцээг эхлүүлэх нь чухал юм гэдгийг онцлов.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын төгсгөлд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгааг мэдээлээд Пакистаны Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсноос хойш Аюулгүйн Зөвлөлд сонгогдож байгаагүйг дурдаад уг сонгуульд манай төр, засаг өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэлээ.
Монголын талын энэхүү саналыг парламентын удирдлагууддаа танилцуулах болно гэдгээ Пакистаны парламентын төлөөлөгчдийн тэргүүн илэрхийлээд энэ талаарх саналаа Гадаад хэргийн яамаараа дамжуулан Пакистаны талд албан ёсоор тавих нь чухал гэж үзэж буйгаа хэллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцов.
1967 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Пакистан улс нэрээ дэвшүүлэхэд Монгол Улс дэмжиж байжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.