Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дипломат албаны тухай хуулийн төсөлд хилийн чанад дахь Элчин сайдын яамыг УИХ, бусад Дипломат төлөөлөгчийн газрыг Засгийн газар нээх, хаахаар одоогийн зохицуулалтыг өөрчилж, тэргүүнийг томилох томилгоог уялдуулсан.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өмнөх их хурлаар хэлэлцсэн зүйл яагаад өөрчлөгдөх болов? Ер нь УИХ-аар томилогдсон хүнийг эргүүлэн татах асуудлыг бид зохицуулах шаардлагатай байсан байх.
Төрийн нарийн бичгийн дарга нарын асуудлыг төрийн албаны хуультай нийцүүлэх ёстой. Гадаадад Засгийн газар нь байнга өөрчлөгдөж байдаг улс орнууд бий. Тэдний хямардаггүй шалтгаан нь тухайн салбарын хамгийн өндөр албан тушаалтнаас бусад хүмүүс нь огт өөрчлөгддөггүй.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Гадаад харилцааны яам эдийн засаг талдаа бодитой ажил хийж чадахгүй байгаа харагдаж байна. Монгол улс зах зээл багатай. Тийм учраас экспортыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлага бий.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “ Дипломат албан ажиллагчдын нөхцөл тийм сайн байдаггүй юм шиг байна. Цаашид Монгол улсын гадаад харилцааны салбарт чадварлаг, мэргэшсэн хүмүүс ажиллах нь зөв. Эмэгтэйчүүдийг дипломат албанд ажиллуулах нь хойрго талдаа байдаг. Харин сүүлийн үед харьцангуй нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ хуулийн төслийг харахад нилээн сайжруулах шаардлагатай зүйлс байна. Гадаад харилцаа, дипломат албыг өнөөгийн шинэ нөхцөл байдалд эдийн засагжуулах зайлшгүй шаардлага бий. Гадаадын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болсон.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ Дипломат албаны тухай хууль хэлэлцэх ёстой, гэхдээ энэ байдлаар дэмжих боломжгүй байна. Ярих асуудал их байна, судлах асуудал их байна. Гадаадад байгаа монголчуудын эрх зөрчигдөж байгаа асуудал, гадаад байгаа монголчуудын амь нас хохирч байгаа байдал гээд олон зүйлийг харгалзах ёстой. Монгол Улсын өнөөдрийн нөхцөл байдал, дэлхийн нөхцөл байдалд тулгуурласан Дипломат албаны тухай хууль гаргах ёстой. Дэлхий нийтэд дипломат ёс жаяг хөгжиж байгаа байдал, төвийг сахисан үзэл баримтлалыг Дипломат албаны тухай хуульд яаж оруулах юм, хөршүүдийн дипломат бодлогыг судлах хэрэгтэй.
Үүний дараагаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.