Байнгын хорооны гишүүд Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцлаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.
Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаа, үндсэн зорилго, зорилтууд, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд зэвсэгт хүчний хөгжлийн хөтөлбөр, зэвсэг техникийн шинэчлэл, барилга инженерийн анги, салбаруудын үйл ажиллагаа, Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэж байгаа талаар асууж тодруулан мэдээлэл авав.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга танилцуулгадаа, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжээд дууссан, дараагийн шатны урт /2016-2030 он/ хугацааны хөтөлбөрийг боловсруулж Батлан хамгаалахын сайдын зөвлөлд оруулж хэлэлцүүлэх бэлтгэл хангаж байгаа, Энхийг дэмжих ажиллагаанд 1200 гаруй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэлт хэвийн байгаа талаар мэдээлэв. Мөн 2015 онд барилга инженерийн ангиудыг Архангай, Говь-Алтай аймгуудад нэмж байгуулсан бөгөөд эдгээр анги, салбарууд нь үе шаттайгаар бэлтгэгдэн НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхээс гадна Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох боломж, чадавхийг дээшлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ гэж тус Байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.