Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
2016.04.12

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2016.04.12/ боллоо.

Хууль зүйн байнгын хорооны 2015 оны 13 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, С.Бямбацогт, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон юм.  

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат даргалж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар болоод хууль сахиулах бусад байгууллагын төлөөлөл оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.