АН-ын дарга нь өөрсдийгөө фракцигүй нам гэж зарласан санагдах юм
2016.04.13

АН-ын дарга нь өөрсдийгөө фракцигүй нам гэж зарласан санагдах юм

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөгийн улс төрийн том хүчин болох МАХН, МАН хоёрыг нэгдэж, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа. Гэхдээ Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 20-н гэхэд намууд мөрийн хөтөлбөрөө баталж, Аудитын ерөнхий газарт өгөх ёстой. Хоёр нам эвсэх эсэх асуудал ямар шатандаа явна вэ?

-Хоёр нам эвсэж ирэх сонгуульд оролцох эсэх асуудалд Ажлын хэсэг гарган ажиллуулж байна. Бид саяхан Ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Нэлээн хэдэн зүйл дээр санал нийлсэн гэж ойлгож болно. Одоо дахин ганц, хоёр зүйл дээр санал нийлбэл санамж бичигт гарын үсэг зурна. Гэхдээ бид өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш хуралдана. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар ерөнхийдөө бүх зүйл тодорхой болчих байх гэж бодож сууна. 

-Танай намыг ганц МАН-аар зогсохгүй бусад намтай ч хамтарч ажиллах хүрээнд Ажлын хэсэг байгуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Бид зөвхөн МАН-тай биш АН, Монголын ногоон намтай хамтарч ажиллах хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шийдвэр удахгүй гарна. Өөрөөр хэлбэл, ойрын үед тэдэнтэй хамтрах эсэхээ шийднэ. Энэ долоо хоногтоо бараг амжих байх. 

-Таны хувьд ирэх УИХ-ын сонгуульд аль намтай нь хамтарч ажиллавал амжилтад хүрнэ гэж бодож байна вэ?

-МАН, МАХН хоёрыг хамтарч ажиллах талаар би хамгийн их ярьж, санаачилга гаргадаг хүн л дээ. Үнэхээр эл асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол нийгэмд хүлээлт үүсч, сүүлдээ өөх ч биш, булчирхай ч биш боллоо. 

-Өчигдөр /уржигдар/ УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг хоёр ч байгууллагын үйл ажиллагааг битүүмжилж, санхүүгийн шалгалтыг хийлээ. Ингэхдээ цагдаа болон тусгайгийн алба хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь шахуу дайчилсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлэх шиг боллоо. Тэдний нэг хэсэг нь Х.Баттулга гишүүнийг хорих гэлээ гэж байхад нөгөө хэсэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт, баривчилгаа болох нь ч гэж ярьж байсан. Үүнд та ямар байр суурьтай байв?

-Сүүлийн үед улс төрийн хэлмэгдүүлэлт, харилцан бие биенээ хэмлэж байгаа аюул их гарч байна. Нам дамжсан эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондох ашиг сонирхлыг зөрчил хийгээд гадаадын эдийн засгийн алуурчидтай нийлж эх орныхоо язгуур эрх ашгийг тэд хөндөж байна. Энэ бүгдээс харахад эдгээр зүйлийн цаана олон асуудал байгаа нь харагдаж байх жишээтэй. 

-Тухайлбал?

-Улстөрчид өш санасан мэт шүд зуусан мэдэгдэл ч хийх боллоо. Улс төр, эдийн засгийн цус холилдсон бүлэглэлүүдийн тулаан ил цагаандаа гарч байна. Энэ нөхцөл байдлыг гадаад, дотоодын санаа буруу нөхдүүд дэвэргэж, үймээн самуун руу хөтлөх вий гэж болгоомжлох юм. Тиймээс монголчууд ухаантай байж, аливаа турхиралтад үл автаж, хүчирхийллийн бус замаар эв нэгдэлтэй байж давна гэдгээ байнга бодож байх хэрэгтэй. Бид эвдэрвэл, бие биенээ хэт үзэн ядвал бутаргах, сульдаах шиг амархан зүйл үгүй. Та бүхэн санаж байгаа байх. Одоогоос дөрвөн жилийн өмнө яг энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьж байсан. 

-Тийм ээ, санаж байна?

-Тухайн үед үнэхээр гэнэтийн хэлмэгдүүлэлт, баривчилгаа болсон гэж боддог. Би 19:00 цагт зурагтаа асаахад машины хаалгыг нь төмрөөр цохиж эвдлээд, бие хамгаалагч болон хүчний байгууллага хоёрын хооронд бие бие рүүгээ буу тулгах дээрээ тулсан үйл явдал болсон байсан шүү дээ. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч улс төрийн баривчилгаа, хэлмэгдүүлэлт өнөөг хүртэл байсаар л байна. Бараг зогсоо зайгүй баривчилгаа явж байна гэхэд буруудахгүй болжээ. 

-Гэхдээ үнэхээр гэм буруутай бол барьж, хорихоос өөр аргагүй шүү дээ?

-Яг зөв. Хариуцлагагүй, үнэхээр улс эх орны эрх ашигт маш ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн нөхдүүдийг баривчлах нь битгий хэл маш хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Монголын төр төмөр нударгатай гэдгээ тэр хүмүүст л харуулах учиртай юм. 
Гэтэл өнөөдөр хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг юу ч бодолгүй хорьдог болж. Зүгээр нэг нөхрийн бие хамгаалагчаар ажиллаж, мөрөөрөө явсан хүнийг ч барьж, саатуулдаг болсон байна шүү дээ. 

-Яг энэ асуудалд тодорхой байр сууриа илэрхийлж болно биз дээ?

-Хууль, хяналтын байгууллагын өмнөөс буруу, зөвийг нь шийдэх болон тодорхойлох эрх надад байхгүй. Ямар ч байсан нийтэд ойлгомжтой нэг л зүйлийг харж байна. 

-Юуг тэр билээ?

-Эдийн засгийн бүлэглэл, ялангуяа уул уурхай дамжсан том тэмцэл энэ бүхний ард нуугдаж байгаа нь тодорхой боллоо. Үүний хамгийн тод жишээ бол, саяхан болж өнгөрсөн Эдийн засгийн форум дээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн улс эх орныхоо эдийн засаг, аюулгүй байдлын талаар гурван өөр үг хэллээ шүү дээ. Нэг нь “Таван толгойг гацаачихлаа. Том төслүүдээ хөдөлгөх ёстой” гэж байхад нөгөөх нь “Бид Таван толгойг авч үлдлээ ч гэж байх шиг. Хоёр хөршийнхөө талаар бодууштай олон зүйлийг хэлж байна лээ. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гишүүд хоорондоо эв нэгдэлтэй, нэг дуу хоолойтой байхгүй болохоор ард түмэн итгэл алдарч байна. Энэ бол өнөөгийн төр ямар байгааг дэлхий нийтэд харуулсан үйл явдал юм. Нөгөөтэйгүүр ардчилсан төр ийм байдаг гэж нэг их бахархаад байх хэрэггүй. 

-Өршөөгөөрэй, тэгээд таныхаар бол яг ямар байх ёстой гэж вэ?

-Ардчилсан төр бол хуулийг дээдэлж, гаргасан хуулиа хэрэгжүүлэх ёстой. Энэ нь хэн дуртай нь дургиж, өөрсдийнхөө бодол санааг ярьдаг эд биш юм. Ялангуяа өнөөгийн төрийн эрхийг барьж байгаа нөхдүүд үүнтэй санал нийлдэг, нэгддэг байх ёстой. Ядаж нэг чиглэл, нэг байр суурьтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын төр ямар их хямралтай, хагарал бутралтай байгаа нь харагдаж байна.

-УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн фракцийн дөрвөн сайдаа Засгийн газраас татах асуудлыг ярьж эхэллээ. Хэрэв энэ мэтчилэн эрх барьж буй АН-ынхан дотроо ойлголцож чадахгүй бол Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар сонгуулийн өмнө задрах эсрдэлтэй биш гэж үү?

-Төр тогтвортой байх нь чухал. Хоёр сарын өмнө өнөөгийн Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гэж баахан мунгинасан шүү дээ. Гэхдээ фракцийнхаа сайдуудыг Засгийн газраас татна гэдэг нь ямар ч учиртай юм. Үнэхээр би ойлгохгүй байна. Ардчилсан намын дарга чинь өөрсдийгөө фракцигүй нам гэж зарласан санагдах юм. Хамгийн ноцтой нь энэхүү үйлдэл нь монголчуудыг талцуулж байна шүү дээ. Намын бус фракцийнхаа даргыг шүтэх байдал ил тод боллоо. 
Ямар ч хүчтэй нам байсан фракциасаа болж задардаг жишиг тогтох нь. Энэ бол Монголын төрд ямар ч хэрэггүй зүйл юм. Нөгөөтэйгүүр гуравхан сая хүн амтай улс аливаа задрал, хагарлыг хүсэх хэрэггүй л юм шиг санагдаж байна.

-Ингэхэд танай бүлгийн Л.Цог, Г.Уянга нарын гишүүн бүлгээс гарчихлаа. Цаашид бүлэг яах бол, ямар алхам хийх болж гэж олон нийт харж байгаа нь лавтай. Өмнө нь Д.Батцогт гишүүн намаасаа гарч АН-д элссэн. Одоо хоёр гишүүн чинь гарчихлаа гээд МАХН-ыг тойрсон олон асуултад хариулт авахыг хүсч байна?

-“Шударга ёс” эвслийн бүлэг задрахгүй гэж бодож байна. Харин дахин нэг л гишүүн гарах юм бол нөхцөл байдал хэцүүдэх нь хэнд ч тодорхой. Анх манай бүлэг 11 гишүүнтэй байсан. Эднээс дөрөв нь тойргоос сонгогдож, долоо нь жагсаалтаар парламентын гишүүн болсон. Д.Батцогт гишүүн АН-д орж, сая Л.Цог, Г.Уянга хоёр бүлгээс гарчихлаа. Тойргоос сонгогдсон ганц гишүүн бүлэгтээ үлдээд байгаа нь би.

-Танд бүлгээсээ гарах бодол бий юу? 

-Байхгүй. 

-Намын дарга тань хэзээ эх орондоо ирэх вэ?

-Н.Энхбаяр дарга БНСУ руу явахынхаа өмнөх өдөр явах гэж байгаагаа хэлсэн. Ачаалал ихтэй ажиллаж байгаа болохоор ирж эмчилгээгээ хийлгэ, шинжилгээнүүд өгөх шаардлагатай гэж БНСУ-аас мэдэгдсэн юм билээ. Тэр хүрээндээ явсан. Саяхан Н.Энхбаяр даргатай ярихад шинжилгээгээ өгөөд, эмчилгээгээ хийлгэж байна гэсэн. Шинжилгээний хариу нь гарвал эх орондоо хүрээд ирэх байлгүй дээ.

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргыг солих асуудал юу болсон бэ?

-Бүлгийн гишүүд өөрсдөө шийднэ дээ. Сая өнгөрсөн даваа гарагт бүлгийнхээ даргын асуудлыг шийдэхээр байсан ч хуралдсангүй. Мэдээж хоёр нам нийлж бүлэг байгуулсан болохоор хэлэлцэж байж шийдэх учиртай. Ойрын хугацаанд бүлгийн даргын асуудлаа шийдэх байх аа.

-МАХН-ын удирдлагууд Л.Цог гишүүнийг намаасаа хөөх тухай мэдэгдсэн. Гэтэл Л.Цог гишүүн “Надад ямар ч гэм байхгүй. УИХ-ын дэд даргын суудлаа өгөхгүй” гэх утгатай ярилцлагыг хэвлэлд өгсөн байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Л.Цог гишүүн бол тэгж ярьж байгаа. Гэхдээ бүлгийн даргын мэдэгдэлд УИХ-ын дэд даргыг өөрчлөх боломжтой гэж байна лээ. УИХ-д албан ёсоор ярьж, шийдэх асуудал юм.

-Ингэхэд та намынхаа дэд даргын албан тушаалаа өгнө гээд өргөдлөө өгсөн. Тухайн үед таны тайлбарлаж байснаар “Н.Энхбаяр дарга байгаа үед хоёр дэд дарга байх шаардлагагүй” гэсэн. Гэсэн ч таны ярьж байснаас бүр эсрэгээрээ гурван дэд даргатай байхаар өөрчлөлт орчихлоо шүү дээ?

-Миний хувьд Н.Энхбаярыг эх орондоо ирж, намынхаа ажилд ороход “Ямар ч байсан бүрэн бүтнээр нь намаа хүлээлгэж өгье, халуун чихийг нь атгуулъя” гэж хэлээд өргөдлөө өгсөн хэрэг. Гэвч нөхцөл байдал ч өөрөөр эргэж байна. 
Манай намын Бага чуулган хуралдаад дэд даргаас чөлөөлөөгүй, харин ч нэмж одоо гурван дэд даргатай болгох шийдвэр гаргасан. Олонхын шийдвэрийг дагах ёстой л гэж боддог. Энэ чинь ардчиллын нэг үнэт зарчим.