Намын биш фракцын даргаа бурханчилдаг байдал ил тод болчихлоо
2016.04.13

Намын биш фракцын даргаа бурханчилдаг байдал ил тод болчихлоо

УИХ-ын гишүүн Д.Тэрбшигдагваас цаг үеийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.

МАН, МАХН эвсэх асуудал ямар шатандаа явна вэ. Энэ долоо хоногт эцсийн шийдвэр гарна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ асуудлаар хоёр талаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Өчигдөр /уржигдар/ хуралдсан. Өнөөдөр /өчигдөр/ ч дахин хуралдана. Ер нь цөөнгүй асуудалд талууд санал нийлсэн. Одоо хоёр асуудлаар ойлголцож чадвал энэ долоо хоногтоо багтаад санамж бичигт гарын үсэг зурна гэсэн мэдээлэлтэй байна.

-УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон дуулиан намжаагүй байна. Өчигдөр /уржигдар/ л гэхэд түүний хувийн компанийн байранд хуулийнхан нэгжлэг хийж нэлээд шуугиан дэгдээлээ. Төрийн түшээгийнхээ хувьд та энэ үйл явцыг хэрхэн дүгнэв?

-Ер нь энэ улс төрийн хэлмэгдүүлэлт, харилцан биенээ хүндэтгэхгүй байдал Монголын төрд нүүрлэчихлээ. Энэ нь мэдээж нам дамжсан эдийн засгийн бүлэглэлүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчил, гадаадын эдийн засгийн бүлэглэл, алуурчидтай нийлж, Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой гэх мэтээр авч үзвэл үүний цаана олон асуудал нуугдаж байгаа. Одоогоос дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр гэнэтийн хэлмэгдүүлэлт гэх юм уу баривчилгаа явсан шүү дээ. Тэр цагаас хойш зогсоо зайгүй л баривчилгаа явж байна даа. Гэхдээ хариуцлагагүй, үнэхээрийн улс эх орны эрх ашигт ноцтой хүнд гэмт хэрэг хийсэн нөхдийг баривчлах нь байтугай маш хатуу хариуцлага хүлээлгэж байх ёстой.

Буруу зүйл хийсэн хүнд төрийн төмөр нүүрийг харуулах л хэрэгтэй. Харин одоо бол хөхүүл хүүхэдтэй эхийг, биө хамгаалагчийг ч баривчилдаг болсон байна. Үүнийг буруу зөв гэж хэлэхэд хэцүү ч ганц ойлгомжтой зүйл нь эдийн засгийн томоохон бүлэглэлүүдийн тэмцэл, ялангуяа уул уурхай, дэд бүтэцтэй холбоотой том тэмцэл үүний ард нуугдаж байгаа нь л тодорхой байна.

Үүний хамгийн тод томруун жишээ нь саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форум дээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн гурван өөр үг хэлсэн. Олон улсын хэмжээнд өрнөж буй эдийн засгийн форумын үөэр монгол төрийг эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах чиглэлээр тодорхой санал, адил утгатай үг хэлэх ёстой, Харамсалтай нь төрийн гурван өндөрлөг нь гурван өөр чиглэлийн зүйл хэлж байгаа нь Монголын төрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг л илтгэж байгаа юм. Цаашлаад төр нэлээд хямралтай байгаа нь хэн хүнд ойлгомжтой л байна шүү дээ.

-Х.Баттулга гишүүн өөрийн фракцын дөрвөн сайдаа засгаас татна гэж өчигдөр мэдэгдсэн. Гэтэл АН өнгөрсөн жил фракцгүй нам гэдгээ зарласан. Цаашлаад эрх баригчид энэ мэтчилэн ойлголцолд хүрч чадахгүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар задрахгүй гэх баталгаагүй харагдаад байна л даа?

-Би хувьдаа төр тогтвортой байх нь чухал гэж үздэг. Тэгээд ч хоёрхон сарын өмнө Засгийн газрыг огцруулсан огцруулаагүй юу өөрчлөгдөх юм бэ. Фракцынхаа сайд нарыг засгаас татна гэдэг нь ямар учиртай юм, би сайн ойлгохгүй байна л даа. АН-ын дарга З.Энхболд чинь фракцгүй нам гээд зарлачихсан шүү дээ. Ер нь Монгол Улсын өмнө тулгарч байгаа хамгийн ноцтой асуудал нь монголчуудыг хооронд нь талцуулах, намууд нь талцаж хуваагдах, фракцаараа тэмцэлдэх. Намын биш фракцын даргаа бурханчилдаг байдал ил тод болчихлоо. Энэ бол монгол төрд ямар ч ашиггүй хувилбар. Тиймээс МоАХ дөрвөн сайдаа татаж авна гэж байгаа ч АН-ын дарга эсвэл бүлгээрээ, УИХ-аараа шийдэх юм уу гэдгийг ойлгохгүй байгаа.

“Шударга ёс” эвсэл бүлгийн даргаа солино гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Бүлгийнхэн өөрсдөө л шийднэ дээ. Өмнөх бүлгийн хуралдаан дээр бид энэ асуудлыг болон хоёр нам эвсэх талаар шийдэлд хүрье гэж ярилцсан ч дарга маань цаг хугацаа зарласангүй. Гэхдээ ойрын хугацаанд шийдэх ёстой л доо.

-Л.Цог гишүүний хувьд УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөхгүй гэсэн байна лээ. Энэ хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй тайлбар юм бэ?

-Л.Цог гишүүн тэгж ярьж байгаа. Гэхдээ манай бүлгийн даргын өгсөн мэдэгдэлд өөрчлөх боломжтой гэсэн хандлага байгаа юм билээ. Үүнийг УИХ дээр албан ёсоор ярьж шийдэх байх.