Мөнгө угаасан байж болзошгүй тохиолдол бүртгэгддэг ч нотлогдоогүй
2006 оны долдугаар сарын 6-нд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай” хуулийг баталсан. Хуульд заасны дагуу мөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Монголбанкны бүтцэд “Санхүүгийн мэдээллийн алба” гэсэн шинэ алба байгуулсан юм.
Энэ дагуу банк, санхүүгийн байгууллага, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг санхүүгийн бус байгууллага, санхүүгийн байгууллагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүсээс мэдээлэл авч, тэрхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дүн шинжилгээний үндсэн дээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эсвэл гэмт хэргийн орлого байх магадлалтай, сэжигтэй гэж үзсэн гүйлгээг хууль сахиулах байгууллага руу шилжүүлдэг.
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад мөнгө угаасан хэргээр ял эдэлсэн, түүгээр шийтгэл хүлээлгэсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Анхан шатны шүүхэд мөнгө угаасан байж болзошгүй гэж зүйлчилсэн тохиолдол бий ч үнэн гэдэг нь тогтоогдоогүй. Монгол Улс дэлхийн банк санхүүгийн системийн нэг тоглогчийн хувьд энэхүү хуулийг зайлшгүй баталж, дагаж мөрдөх болсон юм.
Манай санхүүгийн байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болохгүйн тулд харилцагчаа таньж, гүйлгээнүүдээ хянах үүрэгтэй. Гэмт хэргийн орлого байх магадлалтай, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй, нэр ус нь тодорхойгүй, их хэмжээний, бага боловч олон давтамжтай гүйлгээг сэжигтэй гэж үзээд “Санхүүгийн мэдээллийн алба”-нд мэдээллэх ёстой.
Гэмт хэргийн орлого нь дараагийн гэмт хэргээ санхүүжүүлэх гол зорилготой байдаг.
Нэгэнт энэ үйл явц нь байнгын үргэлжлэх шинжтэй учраас гэмт хэргийн орлогоо хэн ч халдаж чадахгүй нууц газар байршуулдаг байна. Энэ нь эдийн засгийн үр ашиггүй, хэн нэгэн эрх мэдэл, нөлөөгөө тогтоох зорилгоор хадгалдаг бохир мөнгө гэсэн үг. Тэр утгаараа шударга өрсөлдөөнийг хааж, ямар нэгэн тендерийг шууд авч, хэн нэгний бизнес рүү шууд дайрна. Нөгөө талаас энэ мөнгө хүүгийн болон ханшийн алдагдал хүлээх эрсдэлтэй.
Гаднаас орж ирж буй бохир мөнгө нь манай улсад зөвхөн нөлөөгөө тогтоох зорилготой орж ирж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гадаадаас их хэмжээний мөнгө орж ирэх нь богино хугацаандаа төлбөрийн тэнцлийн балансад эерэг өөрчлөлт мэт харагдах боловч урт хугацаанд Монгол Улсын эдийн засагт хор хохиролтой муу мөнгө гэсэн үг.
Авлигаас олсон мөнгө хөрөнгийг яаж угаадаг уу, ямар ямар хэлбэрт шилжүүлдэг талаар олон улсын байгууллагууд судалдаг. Гэхдээ Монголд ч тэр, дэлхийн бусад оронд ч тэр авлига нийтлэг шинжтэй. Эдгээр нийтлэг хэв шинж буюу типологийг судалдаг Ази Номхон далайн бүлгийн Типологийн ажлын хэсгийг манай улс даргалж байна. Тэгэхээр бид энэ талын мэдээлэлтэй маш ойрхон гэсэн үг.
Авлигаас олсон орлогоо гадаадын банк руу шилжүүлчихээд, буцаагаад оруулж ирж болно. Гадагшаа шилжүүлэхдээ оффшор банкууд руу явуулах, хуурамч буюу халхавч банк байгуулах зэргээр эцсийн үйлчлүүлэгч нь тодорхойгүй байдал үүсгэж болно. Үүнийг л мөнгө угааж байна гэж хэлээд байгаа юм.
Авлигаас олсон орлогыг өөр хэлбэрт шилжүүлэхдээ мэргэжлийн мөнгө угаагч нарыг ашиглах тохиолдол байж болно. Зарим тохиолдолд тэр мөнгөө дотооддоо авч үлдээд, хаа нэгтээ байршуулах нь ч бий. Авлигын мөнгийг цэвэршүүлэх процесс олон арга хэлбэртэй явагддаг.
Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба нь хууль бус мөнгө хаана байгааг илрүүлэх боломжтой. Гэхдээ мөнгө хураах үйл ажиллагаанд оролцдоггүй, тийм үүрэг хүлээсэн байгууллага биш юм.
Бохир мөнгө хаана байгааг илрүүлэх процесс бүх шатанд нууцын зэрэглэлтэй явагддаг.
Санхүүгийн мэдээллийн албанаас гаргадаг мэдээлэлд тоо харагдахаас биш сэжигтэй гүйлгээний эзэн, холбогдогч ямар нэгэн байдлаар харагдахгүй. Хуульдаа нууцлах заалттай.
Мөнгө угаах гэдэг нь бидэнд ойр сонсогдоод терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь хол сонсогдож байж болно. Хүний амь нас, нийгмийн аюулгүй байдалтай холбоотойгоор терроризмийг санхүүжүүлж байж болзошгүй тохиолдол бүрийг Монгол Улс анхааралтай ажиглаж байна. Тиймээс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн байгууллагын тогтвортой байдлыг хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэгэн нөхцөл бүрдэж байна.
Манай арилжааны банкууд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хуулийг өндөр түвшинд биелүүлэн, ажиллаж байна.
Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, бэхжиж байгаа учраас учир дутагдалтай хэд хэдэн зүйл байгаа ч бидэнтэй сайтар хамтран ажилладаг. 2008-2012 оны хооронд банк санхүүгийн байгууллагуудаас 316 сэжигтэй гүйлгээний тайлан ирүүлж байсан бол 2013 онд энэ тоо 285-д хүрсэн. Ингээд бодохоор санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай холбоотой мэдлэг, мэдээлэл сайтай болж байгаагийн илрэл гэж харж байна.