Таны банкин дахь мөнгөн хадгаламж даатгагдсан
Даатгалын тохиолдол гарлаа гэхэд хадгаламж эзэмшигчид хэрхэн нөхөн төлбөр олгох тухай схем
2016.02.17

Таны банкин дахь мөнгөн хадгаламж даатгагдсан

Хоёр жилийн өмнөөс таны банкин дахь хадгаламж эрсдлээс хамгаалагдсан гэдгийг та мэдэх үү? Энэ нь даатгагдсан гэсэн үг.

Хуулийн нэр: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай

Санаачлагч: Засгийн газар 

Өргөн барьсан он.сар.өдөр: 2012/11/13

Баталсан он.сар.өдөр: 2013/01/10

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2013/01/10

Хэрэв Монголбанкнаас таны үйлчлүүлдэг банкийг татан буулгах шийдвэр гаргалаа гэхэд энэхүү даатгалын систем ажиллаж эхэлнэ. Ингэхдээ банкинд хадгаламж эзэмшигч бүрийг хамруулна гэж байгаа ч дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй юм байна. Үүнд:

-Банк

-Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага

-Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан

-Тодорхой нөхцөлт аудитын байгууллага

-Банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн хадгаламж эзэмшигч

-Бусад хадгаламж эзэмшигчээс давуу буюу онцгой нөхцөлтэй зээл авсан хувь хүн, хуулийн этгээд

-Бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан этгээд

-Хадгаламжийн дундаж хүүнээс өндөр хүү авсан этгээд

Энэ бол хадгаламж эзэмшигч таны мэдэж байвал зохих маш чухал заалт.
Даатгалын тохиолдол бий боллоо гэхэд Хадгаламжийн даатгалын корпорацид 48 цагийн дотор Монголбанк мэдэгдэх үүрэгтэй. Ингэснээр тус корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын хадгаламжийн хэмжээнээс шалтгаалж 20 сая төгрөг хүртэл төгрөгийн нөхөн төлбөрийг ажлын 30 өдрийн дотор шийдэж өгнө.

Магадгүй та тасралтгүй хөдөлмөрлөж буй банкинд 30 сая төгрөг хадгалууллаа гэж бодъё. Гэтэл банк харамсалтай нь дампуурчихлаа гэхэд дээрх заалтын дагуу та 20 сая төгрөг хүртэл мөнгийг л эргүүлэн авч болох мэтээр ойлгогдож байна. Тэгэхээр эндээс харахад эрсдлийг тараан байршуулж хоёр ба түүнээс дээш данстай байвал зохих мэт санагдана.

Хадгаламж эзэмшигчид ихэвчлэн тухайн дансийг хамтарч эзэмшдэг. Тэгвэл эрсдэл үүссэн үед хамтарсан данс эзэмшигчид ижил тэнцүү хэмжээгээр мөнгөө хадгалуулж байсан бол энэхүү даатгалын зарчмаар бол тэнцүү хувааж олгох юм байна.

Даатгалын тохиолдол гарлаа гэхэд хадгаламж эзэмшигчид хэрхэн нөхөн төлбөр олгох тухай схем

Хадгаламжийн даатгалын корпорацид арилжааны банкууд хураамж төлдөг

- Эхлэлийн хураамж: Хувь нийлүүлсэн хөрөнгийн 1%

- Улирлын хураамж: Даатгагдах хадгаламжийн жилийн 0.5%

- Хуулиар олгосон хувь нь хураамжийн дээд хэмжээ бөгөөд тухайн жилд мөрдөгдөх хураамжийн хувийг Үндэсний хорооноос жил бүр тогтооно. Энэ онд нөлөө бүхий банкууд улирлын 0.075%, бусад банкууд 0.1% - аар мөрдөж байна.

- Онцгой хураамж: Даатгагдах хадгаламжийн 0.5 %

гэж заажээ. Тус корпораци нь арилжааны банкнуудаас хураамж авах, бусад эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгийг удирдаж, даатгалын тохиолдолд гарсан тохиолдолд хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Гэхдээ дараах хэлбэрийн хадгаламжийг даатгахгүй юм байна. Үүнд:

Хууль бус мөнгө даатгалд хамаарахгүй

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 6.4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс

-Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл

-Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж

Хадгаламжийн даатгалын корпораци нь иргэдэд нөхөн төлбөр олгохын тулд тодорхой эх үүсвэрүүдээс хөрөнгө татаж, түүнийг санд татан төвлөрүүлдэг байна. Үүнд

-Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд заасны дагуу тухайн банкнаас Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн шимтгэл;

-Улсын төсвөөс Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө

-Монголбанкнаас Санд оруулсан эхлэлтийн хөрөнгө

-Хадгаламжийн даатгалын хураамж

-Сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлого

-Даатгалын тохиолдол бий болсон банкны актив хөрөнгийг борлуулсны орлого

-Засгийн газар, Монголбанк, олон улсын байгууллагаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт

-Гадаадын банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас Хадгаламжийн даатгалын корпорацийн авсан зээл

-Хадгаламжийн даатгалын корпорацийн гаргасан бондын эх үүсвэр;

-Хуульд заасан бусад эх үүсвэр

Бид дараагийн удаа энэхүү хуулийн хэрэгжилтийн явцын талаар Хадгаламжийн даатгалын корпораци болоод арилжааны банкнуудын төлөөлөл болгож нэмэлт мэдээлэл цувралаар хүргэх болно. 

Энэхүү хуультай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.