Ээлжит бус чуулган хуралдуулахыг бүлэг дэмжсэн гэв
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.02.02

Ээлжит бус чуулган хуралдуулахыг бүлэг дэмжсэн гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр боллоо. Тус бүлгийн хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа тайлагнаж, энэ сард багтаан ипотекийн зээл, малчны зээлийн хүүг бууруулах боломжтой гэдгийг илэрхийлсэн байна.

Түүнчлэн ОХУ-аас зээлээр шатахуун авах болсон талаар танилцуулжээ. УИХ-ын даргын зүгээс сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаа мэдэгдсэнийг бүлэг дэмжжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.

-Ардын намын зүгээс сар шинээс урьтаж хүүхдийн мөнгө, ипотек, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх ёстой гэж мэдэгдэж байна?

-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр шийдэх бүрэн боломжтой гэсэн. Хоёр сардаа багтаагаад ипотекийн хүү, малчны зээлийн хүүг бууруулах байх. 

-Цэцийн гишүүнийг татах асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Ардын намын бүлэг завсарлага авсан учраас энэ долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэж эхэлнэ. Энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа.

-Ардчилсан намын бүлгээс гаргасан нийслэлийн мандатыг дөрвөөр нэмэх, аймгийн мандатыг дөрвөөр багасгах зэрэг хэд, хэдэн санал байнгын хороон дээр дэмжлэг хүлээлгүй унасан. Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гишүүдэд хариуцлага тооцох уу?

-Тойргийн асуудал дээр сөрөг хүчин оноо авах гэж оролдож байж магадгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хоёр тогтоолын төсөл оруулж ирсэн. Хоёуланг нь хүчинтэй гэсэн байр суурьтай байсан. Эхний тоггоол нь 2012 оныхоор, дараагийн тогтоол нь хотын мандат нэмэх. УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлууд дээр аль алин дээр нь байр сууриа нэгтгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, аль нэг хувилбарыг нь хатуу бариад зогсоно гэсэн байр суурь бариагүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа бүлэг хуралдаад байнгын хорооны шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзээд тэр шийдвэрээ бариад явсан.

-Ээлжит бус чуулган зарлах болов уу?

-Ээлжит бус чуулган зарлахаар ярилцсан. Өнгөрсөн хоёр долоо хоног Засгийн газартай холбоотой асуудал үргэлжилсэн. Дээр нь намын бүлгүүд завсарлага авсан учраас олон асуудал сунжирсан. УИХ дээр 39 асуудал хүлээгдэж байна. Энэ асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэдгийг УИХ-ын дарга бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан. Энэ шийдвэрийг бүлэг дэмжсэн. Хэрвээ МАН-ын бүлэг тээг тавихгүй бол сар шинийн өмнө дээрх асуудлуудыг шийдэх боломжтой. Ихэнх асуудал нь ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй саналуудаа хураалгаад жигдэрчихсэн. Тиймээс цаг алдахгүй байх боломж бий гэв.