Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээс АН-ын бүлэг завсарлага авав
Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.01.22

Сонгуулийн талаарх тогтоолын төслүүдээс АН-ын бүлэг завсарлага авав

Төрийн Байгуулалтын Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Ингээд Байнгын хорооны дарга А.Бакей эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.

Харин энэ үед Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуультай холбоотой бүх тогтоолын төслөөс Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга хүлээн авч буйгаа мэдэгдсэн тул Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд ирэх долоо хоног хүртэл хойшлогдлоо.