Зээлээр шатахуун авна
УИХ дахь Ардчилсан намын бүлэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа тайлагнаж, энэ сард багтаан ипотекийн зээл, малчны зээлийн хүүг бууруулах боломжтой болохоо мэдэгджээ.
Мөн ОХУ-аас зээлээр шатахуун авах болсон талаар танилцуулсан байна. УИХ-ын даргын зүгээс сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаа мэдэгдсэнийг бүлэг дэмжжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонирхсон асуултад дараах хариулт өглөө.
-Ерөнхий сайд Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох тохироо хийсэн гэх мэдээлэл байна. Бүлэгтээ тодорхой мэдээлэл өгсөн үү?
Б.Гарамгайбатаар: -Бүлэг дээр тийм мэдээлэл өгөөгүй.
-Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй асар их цаг алдаж байна. Шуурхай салбарын сайдыг нь томилох даалгаврыг бүлгээс өгсөн үү. Яагаад бүлэг анхаарахгүй байна вэ?
-Тэр бол Засгийн газрын мэдлийн асуудал. УИХ-д ямар ч хамаагүй асуудал.
-УИХ-аар Сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн баталлаа. Ардчилсан намын бүлгээс гаргасан нийслэлийн мандатыг дөрвөөр нэмэх, аймгийн мандатыг дөрвөөр багасгах зэрэг хэд, хэдэн саналууд дэмжлэг хүлээлгүй унасан. Бүлгийн санал унахад бүлгийн нэр бүхий гишүүд эсрэг саналтай байж, дэмжээгүйтэй холбоотой. Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гишүүдэд хариуцлага тооцох уу?
-Тойргийн асуудал дээр сөрөг хүчин оноо авах гэж оролдож байж магадгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д хоёр тогтоолын төсөл оруулж ирсэн. Хоёуланг нь хүчинтэй гэсэн байр суурьтай байсан. Эхний тогтоол нь 2012 оныхоор, дараагийн тогтоол нь хотын мандат нэмэх. УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлууд дээр аль алин дээр нь байр сууриа нэгтгэсэн байсан. Өөрөөр хэлбэл, аль нэг хувилбарыг нь хатуу бариад зогсоно гэсэн байр суурь бариагүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа бүлэг хуралдаад байнгын хорооны шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзээд тэр шийдвэрээ бариад явсан.
-УИХ дахь Ардын намын бүлэг сар шинээс урьтаж хүүхдийн мөнгө, ипотек, малчны зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх ёстой. Хуулийг нь батлаад өгсөн гэж байна?
-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр шийдэх бүрэн боломжтой гэсэн. Хоёр сардаа багтаагаад ипотекийн хүү, малчны зээлийн хүүг бууруулах байх.
-Цэцийн гишүүнийг татах асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Ардын намын бүлэг завсарлага авсан учраас энэ долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэж эхэлнэ. Энэ асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа.
-ОХУ-аас шатахуун зээлээр авна гэдэг юу гэсэн үг вэ. Эдийн засаг ингэтлээ хэцүүдчихээ юу?
-Ерөнхий сайдын бидэнд өгсөн мэдээллээр “Роснефть”-тэй хийсэн гэрээгээр шууд төлбөрийг нь хийхгүйгээр шатахуун авах боломжтой болсон.
-Зээлээр хэчнээн тонн шатахуун авах юм бол. Ямар шалтгаан байгаад зээлээр авах гээд байна вэ?
-Ш.Түвдэндорж: Хуучин бэлэн төлбөр хийж байгаад шатахуун авдаг байсан. Монгол Улсын хувьд эхний улиралд татварын орлого бага байдаг учраас гадагшаа өгөх доллар байдаггүй. Энэ үеэр төлбөрөө хийхгүйгээр зээлээр шатахуунаа авах боломжоор хангагдсан. Гол ач холбогдол нь энэ. Малчид зээл аваад хэрэгцээтэй зүйлээ авчихаад дараа нь ямаагаа самнаж зээлээ дарчихдаг шиг улс ч мөн адил. Эхний улиралд татвар бага хуримтлагдаад эдийн засаг хүнд байдаг. Энэ үеэ давахад нэмэр болж байгаа асуудал юм.
-Ээлжит бус чуулган зарлахыг бүлэг дэмжиж байгаа юу?
Б.Гарамгайбаатар: Ээлжит бус чуулган зарлахаар ярилцсан. Өнгөрсөн хоёр долоо хоног Засгийн газартай холбоотой асуудал үргэлжилсэн. Дээр нь намын бүлгүүд завсарлага авсан учраас олон асуудал сунжирсан. УИХ дээр өнөөдөр 39 асуудал хүлээгдэж байна. Энэ асуудлыг хэлэлцэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой гэж үзсэн. Энэ шийдвэрийг бүлэг дэмжсэн. Хэрвээ МАН-ын бүлэг тээг тавихгүй бол сар шинийн өмнө шийдэх боломжтой.