Би намын жагсаалтад орох гэж АЭХ-ны тэргүүнд өрсөлдөөгүй
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) өнгөрсөн даваа гаригт дөрөвдүгээр дээд чуулганаа хийж шинэ тэргүүнээ сонгов. Тус холбооны тэргүүнээр сонгогдсон УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Юуны өмнө АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон танд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай нам маш олон чадварлаг, манлайлагч эмэгтэйтэй гэдэг нь АЭХ-ны хурлаас харагдлаа. Хамгийн анх 11 эмэгтэй нэр дэвшиж өрсөлдсөн. Хурлын явцын дунд дөрөв нь үлдээд тэдний дунд санал хураалт явуулсан. Эхний санал хураалтаар би хамгийн их санал авсан боловч энэ нь нийт сонгогчдын 50-иас дээш хувийн саналд хүрээгүй учраас хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтаар би 315 хүний санал авч сонгогдлоо. Өрсөлдөөн нэлээд ширүүн байлаа.
-Өрсөлдөөн ширүүн байсан гэдэг нь юуг илэрхийлж байгаа юм бэ. Намын удирдлага бус намын дэргэдэх олон нийтийн байгууллагын тэргүүний л сонгууль шүү дээ?
-Манай байгууллагын үйл ажиллагаа намынхаа дүрэм журмаар зохицуулагддаг. Өрсөлдөөн их байна гэдэг нь АН-д чадварлаг эмэгтэй олон байгаагийн л илэрхийлэл. Нэр дэвшсэн хүмүүс УИХ-ын гишүүнтэйгээ ана мана өрсөлдөж байна. Хамгийн сүүлчийн санал хураалтын дүн ганцхан саналын зөрүүтэй байсан шүү дээ.
-АЭХ-ны тэргүүнээр сонгогдвол УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэж үзсэн учраас ширүүн өрсөлдөцгөөсөн юм биш үү?
-Зарим хүн эхнээсээ ийм буруу ойлголттой байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл, АЭХ-ны тэргүүн л болчихвол ямар ч албан тушаалтай байсан хамаагүй шууд намын жагсаалтад орно гэж бодсон байх. Гэтэл манай нам жагсаалтынхаа эхний 10-т УИХ-ын гишүүдээ оруулахаар байгаа. Миний хувьд тойрог олдохгүй гэсэндээ энэ холбооны тэргүүн болох гэж зүтгээгүй. Ачаа үүр, Баянгол дүүрэгт байгуулсан ялалтын туршлагаасаа намынхаа эмэгтэйчүүдэд хуваалц, сонгуульд бэлдүүл, цаашлаад ялалт байгуул гэдэг үндэслэлээр надад нэрээ дэвшүүлээч гэсэн санал их ирсэн учраас нэр дэвшсэн.
-УИХ-ын гишүүн бус эмэгтэй АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон тохиолдолд намын жагсаалтад бичигдэхээргүй байсан гэсэн үг үү?
-Тийм. Манай намын удирдлага тийм зүйл хэлсэн. Яагаад гэвэл, намын жагсаалтад УИХ-ын гишүүдээ оруулахаар төлөвлөж байгаа. “Ямарч туршлагагүй байж намын жагсаалтын ард нуугдаж сонгогдлоо” гэх мэтээр жагсаалтад багтаж байгаа хүмүүстэй холбоотой шүүмжлэл гардаг шүү дээ.
-Та тэгэхээр намынхаа жагсаалтад дээгүүр бичигдэх нь ойлгомжтой боллоо гэсэн үг үү. Эсвэл тойрогтоо нэр дэвших үү?
-Үүнийг одоо хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл, тойргуудад өөрчлөлт гарч магадгүй. Нийслэлийн хүн ам өссөн учраас Улаанбаатар хотод ногдох мандатын тоог нэмэх санал яригдаж байгаа шүү дээ. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд би С.Эрдэнэ гишүүнтэй хамт тойрогтоо сайн ажилласан гэж бодож байгаа. Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ, бүтээн байгуулалтын ажлууд ч их өрнөсөн. Одоо ч тойрогтоо ажилласаар байна. Тиймээс би тойрогтоо нэр дэвшинэ гэсэн бодолтой байгаа.
-Гэхдээ танд намын жагсаалтаар сонгогдох боломж байгаа гэж ойлгож болох уу?
-Жагсаалтад оръё гэвэл АЭХ-ны тэргүүн болсон ч бай, болоогүй ч бай УИХ дахь намын бүлгийн дэд дарга гэдгээрээ орох боломжтой. Мөн өмнө нь жагсаалтад орж байгаагүй учраас энэ удаад орох боломж бий. Гэхдээ би Баянгол дүүрэгтээ нэр дэвшинэ гэж бодож байгаа.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд намын дэргэдэх байгууллагуудыг татан буулгах заалт бий. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ дэмжсэнгүй. Үүнээс өмнө “Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд манай холбоо яах вэ” гэж хүмүүс их асууж байсан. Цаашдаа энэ төсөл батлагдсан тохиолдолд манай байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Намууд дотроо зорилтот бүлгүүдтэй байж болно гэсэн заалт бий. Тэгэхээр манай намын дэргэд байдаг залуучуудын, эмэгтэйчүүдийн, ахмадуудын байгууллага ажилладгаараа ажиллана.
Яагаад гэвэл, манай байгууллага намаасаа тусдаа данстай, дүрэм, журамтай байгууллага биш. Намынхаа дүрэм журмаар үйл ажиллагаа явуулдаг учраас Улс төрийн намыны тухай хуулийн төслийн зохицуулалтад хамаарахгүй. Харин зарим намын дэргэдэх байгууллагын тухайд хамааралтай.
-Намаасаа тусдаа тамга, тэмдэгтэй, шийдвэр гаргадаг байгууллага байхыг хориглож байгаа биш бил үү. Танай холбооны үйл ажиллагаатай холбоотой ямар ч заалт байхгүй гэж үү?
-Манай холбоонд хамааралтай заалт байхгүй. Манай байгууллага бол намынхаа эмэгтэйчүүдийн улс төрийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Ер нь дэлхийн бүх улс оронд эмэгтэйчүүд онцгой статустай байдаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн квот гэж байдаг. Эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг хамгаалахын төлөө нэгдэж тэмцдэг. Манай байгууллага цаашдаа ч энэ л зарчмаар үйл ажиллагаа явуулах болно.
-Оны өмнө баталсан Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж 30 болгосон байх аа.
-Нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот өмнөх хуульд 25 хувь байсныг нэмэгдүүлж 30 болгон хуульчилсан. Квот ингэж нэмэгдсэн учраас бид эмэгтэйчүүдээ улам чадваржуулж бэлтгэх шаардлагатай байгаа юм. Мөн дээрээс нь багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр ажиллаж байх явцдаа сонгуульд нэр дэвших боломж нээгдсэн. Энэ нь орон нутагт эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл, багш, эмч нар тухайн орон нутагтаа нэр хүнд сайтай байдаг. Тиймээс ирэх жилүүдэд эрүүл мэнд, боловсролын салбараас олон эмэгтэй тодорхой шийдвэр гаргах төвшинд ажиллах байх гэж найдаж байна.