Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 65 айл өрх тохилог сууцандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 65 айл өрх тохилог сууцандаа орлоо
2016.01.19

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 65 айл өрх тохилог сууцандаа орлоо

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг баталсан бөгөөд одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.  Харин 2015 онд төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2100 иргэн тохилог сууцаар хангагдсан юм.

Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орж буй2016 оны анхныбарилга болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа болж, тухайн байршлын 65 айл өрх орон сууцныхаа түлхүүрийг гардан авснаар дулаан байрандаа орлоо.

“Зургаан талт” ХХК нь 2014 оны 11 дүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 8,4 га газар нутаг, нийт 88 нэгж талбар бүхий хэсэгчилсэн талбайд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, нийт 32 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд төсөл хэрэгжсэнээр 1200 айлын орон сууц, 7 давхар худалдаа үйлчилгээний төв, 1500 м² оффис барилга,  ногоон байгууламж бүхий цогц хороолол сүндэрлэнэ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, НЗД-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон Улаанбаатар хотын ерөнхий инженер Б.Энхбаяр зэрэг удирдлагууд оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд орон сууцных нь түлхүүрүүдийг гардуулан, шинэхэн байрандаа нүүж орсон айл өрхөд энх сайхан амьдарлыг ерөөж, тоононд ньалд цэнхэр хадаг уялаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байна.