Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид хамтран ажиллана
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж Монгол улсын Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбооноос бүтээн байгуулалт, урлаг спортын өндөр бүтээлийн аяныг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зарлаад байгаа билээ.
Гэр хорооллын хөгжлийн газар тус аяны шилжин явах хүндэтгэлийн тугийг гардан авч, нэг сарын хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт гаргахаар зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд өчигдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт” уулзалт зөвлөгөөн болж өнгөрлөө.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдээс барилга угсралтын ажлаас гадна барилгын салбарт шаардлагатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг нээж бүрдүүлэх зорилгоор тус уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
Уулзалт зөвлөгөөний үеээр Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг “Монгол улсын эдийн засаг тэр тусмаа барилгын салбарт бий болсон нөхцөл байдал, хямралын улмаас бид бүхний хамтын ажилд тооцоолоогүй хүндрэл бэрхшээл, хамтын хүчээр даван туулбал зохих саад учраад байна. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалт хумигдаж, бэлэн мөнгөний эргэлт багассанаар барилга угсралтын ажлаа гүйцэтгэхэд хүндрэлтэй байдал үүсч байна. Энэ бол байнгын биш түр хугацааны саад бөгөөд хамтдаа бие биенээ дэмжиж ойлгож ажиллавал түргэн хугацаанд даван туулж болох сорилт билээ. Иймд өнөөдрийн уулзалт, зөвлөгөөний үр дүнд та бүхэн бүгдээрээ төслийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, гүйцэтгэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүн мөн боломжийг олж авнаар, ирж буй 2016 ондоо хамтын хүчээр илүү их амжилт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
“Гэр хорооллын дахин төлөвлөлт ба барилга, бүтээн байгуулалт” уулзалт, зөвлөгөөнөөр төсөл хэрэгжүүлэгч компаниуд барилгын бетон зуурмаг, хавтан блок, цахилгаан хангамжийн төхөөрөмж, шилэн хана, хаалга, цонх зэрэг барилга барихад шаардлагатай бүтээгдэхүүнүүдээ танилцуулан, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.