Э.Бат-Үүл: "Гранд лайн" ХХК-ийг би биш иргэд сонгосон
2015.10.16Дугаар : 35784
- Гэр хорооллын дахин төлөвлөлт бол маш амаргүй, цаг хугацаа шаардсан ажил. Нийгмийн захиалга, шаардлагын дагуу хэрэгжүүлж буй энэ ажлыг гүйцэтгэх явцад нухчин дарах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна. Бодит байдалд газар, хашааны эзэн болоод барилгын бизнес эрхлэгч компаниудын хоорондын тохиролцооны дээр үндэслэн явагдах ажилд улс төрийнхөн тэр дундаа МАН-ынхан хөндлөнгөөс оролцож байна.
Анх иргэд хоршиж, зээл аван өөрийн газар дээрээ байшин барих санаачлага гаргаж байсан ч тэр үед газрын үнэ, үнэлэмж маш доогуур байсан учраас банкны барьцаанд хүрдэггүй байсан. Эндээс компаниуд хүмүүсийн газрыг худалдаж аван, тэр газарт орон сууцны хороолол хотхон барих санаа гарч, иргэд байршлаасаа шалтгаалаад газраа үнэд хүргэх боломж бүрдсэн.
Гэтэл өөрсдөө өмнө нь хийж, хэрэгжүүлж чадаагүй байж "хотын удирдлагууд мөнгө угааж байна, Э.Бат-Үүл өөрийн хүүдээ тендер авч өглөө" гэж дайрч давшилж байгаа нь зүйд нийцэхгүй. Аав нь хотын дарга, хүү нь барилгын компанийн эзэн гэдэг хоорондоо авцалдахгүй, ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагдаж байгаа ч би хүүдээ давуу эрх олгоогүй.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн шалгаруулалтад таван компани өрсөлдөөд "Грайнд лайн" ХХК шалгарсан. Энэ бол иргэдийн сонголт, тэдний итгэл. Сөрөг хүчнийхэн "зуудаг нохой" шиг байна. Хэрвээ гүтгэсээр байвал хууль хяналтын байгууллагад хандах болно.
Д.Амарбаясгалан: Хотын дарга хүүгийнхээ компанид тендер авч өгсөн
2015.10.16Дугаар : 35785
- Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод 3 жил 3 сар болж байна. Ард түмэн түүнийг "сайн хотын дарга" гэж үнэлэн, хийж санаачилсан ажлуудыг магтан сайшаадаг.
Тэрээр "Цэвэр агаартай, иргэд нь хувийн сууцтай, ажилтай орлоготой, аюулгүй, авлигагүй, найрсаг Улаанбаатарыг бий болгоно" гэж амласан. Гэтэл ажил хэрэг болгох тал дээрээ учир дутагдалтай байж, НИТХ-ыг улс төржүүлж байна.
Энэ хугацаанд юу ч хийгээгүй гэж хэлэхгүй ч Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй компаниудыг хотоос нүүлгэх, шинэ сууршлын болоод хотын алслагдмал бүсүүдэд дэд бүтэц бий болгох, гэр бүлийн дахин төлөвлөлт гээд хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлууд нь явахгүй байна. Хямралтай байгаа энэ үед Э.Бат-Үүл мэтийн цөөхөн хүн "мөнгөөр гараа угааж" байна.
"Чингис", "Самурай" бонд, "Хөгжлийн банк"-наас нийслэлд 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл түүнээс 410 орчим тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэсэн. Мөн 2013 оны тавдугаар сарын 29-нд "Гранд лайн" ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батлах тухай захирамж гаргаж, 5.1 тэрбум төгрөгийн тендерийг хүүгийнхээ компанид өгчихсөн байна.
Энэ шударга бус, ашиг сонирхлын зөрчилтэй хэрэгт хариуцлага тооцох ёстой. Э.Бат-Үүлийг нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулах хэрэгтэй. Бид энэ асуудлыг эцэст нь тултал явна.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив