Ө.Энхтүвшин:Камерын өмнө төрийн ажил явуулдагт шүүмжлэлтэй байгаа
Хоёр өдрийн өмнө дахь Монгол Ардын Намын бүлгийн хурал нэлээд оройтож тарсан учир энэ талаар өчигдөр мэдээлэл өгсөн юм. Юуны өмнө бүлгийн хурал удаан үргэлжилсний учрыг тайлбарласан бөгөөд УИХ-ын намрын чуулган завсарлахад богинохон хугацаа үлдээд байгаа тул хэлэлцээгүй үлдсэн олон асуудлаас алиныг нь илүү чухалчлах ёстой гэдэг дээр нэлээд хэлэлцсэн байна. Үүний үр дүнд тэргүүн ээлжинд шийдэх асуудлуудаа тодорхойлсон бөгөөд нэгдүгээрт алслагдсан аймаг, суманд ажиллаж амьдарч байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж, хөнгөлөлт олгох тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнд цахилгааны үнийн хөнгөлөлт, бензин шатахууны хөнгөлөлт, хүнсний бүтээгдэхүүн дээр тээврийн хөнгөлөлт зэргийн хөнгөлөлт үзүүлэх тухай заалтууд оруулах юм байна. Хоёрдугаарт, олон хүүхэдтэй эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг чухалчилжээ. Гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хувьтай дүйх хэмжээний урамшуулал олгож байх хэрэгтэй гэж үзсэн. Жишээлбэл, гурван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх, наймаас дээш хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх урамшуулал олгож байхаар төсөлд тусгасан юм. Гэвч энэхүү хуулийн төслийн хэлэлцэх явц удаашралтай байгааг Бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлж байв.
Түүнчлэн АН-ын эсрэг байр сууриас болж удааширч байгаа учраас бид АН-тай ярилцах болно гэж хэлэв. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачилсан тэтгэврийн зөрүүг арилгах зорилготой хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн барьсан Суурь тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх зайлшгүй шаардлага бий гэж үзжээ. Энэхүү хоёр хууль зарчмын адил байгаа учир нэгтгэх ажил хийхээр болсон. Монгол Ардын Нам энэхүү хоёр хуулийн төслийг нэгтгэх асуудал дээр нухацтай хандаж байгаа. Гэвч АН-ын зүгээс утгыг нь гуйвуулж "МАН тэтгэврийн зөрүүг арилгахыг эсэргүүцэж байна" гэж мэдэгдсэн нь үндэслэлгүй юм. Дөрөвдүгээрт, цаг үеийн тулгамдаад буй валютын ханшны өсөлт болон бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн шалтгааны талаар хэлэлцэж, энэ талаар судлах гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Мөн МАН-ын бүлгийн хурлаар ОХУ-аас нефть импортлох эрхээ Засгийн газар өөртөө авахыг дэмжсэн байна. Харин хэнээр жижиглэнгийн худалдаа явуулахаа тендер зарлаад шийдчих ёстой гэж үзжээ. Ингэснээр байнгын тасалдалтай, үнийн хөөрөгдөлтэй байдаг явдлыг бүрэн шийдэх боломжтой болно гэв.
УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс бүлгийн асуудлын талаар нэмэлт зүйл тодрууллаа.
-Төсөвт тодотгол хийх талаар яригдсан уу?
-Төсвийн тодотголын асуудал яригдаж таарна. Гэхдээ бүлгийн хурлаар яригдсангүй. Засгийн газраас энэ талаар яригдаагүй байх шиг байна. Тийм учраас УИХ дээр өргөн баригдсан зүйл алга.
-Сайдуудын томилгооны асуудал дээр Ерөнхийлөгчийн хариу ирсэн үү?
-Би мэдэхгүй байна. УИХ-аас нэр дэвшүүлсэн гурван хүнийг дэмжихгүй байгаа талаар сонссон. Гэхдээ сайд нарын томилгоо хуулийн дагуу явагдана.Ерөнхий сайд Ерөнхийлөгчид бичгээр саналаа хүргүүлж,бичгээр хариу авна. Өнөөдөр Ерөнхийлөгчөөс хариу ирсэн байна лээ. Ямар хариу ирүүлснээс хамаарахгүй зөвшилцөл дууссан. Одоо УИХ-ын хуулийн дагуу хэлэлцээд томилно.
-Бүлгийн хурал нэлээд ширүүн болсон гэж сонслоо. Сайдад нэрдэвшигчдийг шүүмжилсэн юм уу?
-Манай бүлгийн хурал ер нь ширүүн болдог.Зүгээр сууж байгаад л ярс ярс хийтэл гараа өргөөд, асуудлыг хялбархан шийдчихдэг юм биш. Асуудлыг зөв шийдэхийн тулд гишүүн бүр санал бодлоо илэрхийлж, заримдаа дуугаа өндөрсгөж, хурц шүүмжлэл гардаг. Гэхдээ шийдвэрээ гаргаад, түүнийгээ дараа нь хүндэтгэн дагадаг.
-Намын дарга, Ерөнхий сайд Ерөнхийлөгчид загнуулсан гэх шүүмжлэл их байгаа. Энэ тал дээр бүлгийн хурлын үеэр ямар байр суурь ажиглагдаж байв?
-Камерын өмнө төрийн ажил явуулдаг ийм үзэгдлийг бүлгийн гишүүд нэлээд шүүмжилсэн. Олон камер зоогоод,гэнэт дуудаж асуудлыг ярих нь ажил хэрэгч биш юм. Цаашдаа тийм ярианд орох хэрэггүй гэж бүлгийн гишүүд үзэж байгаа. Ярих асуудлаа уулзах өрөөндөө уулзаж,ний нуугүй ярилцах ёстой. Түүнээс биш олон камерын өмнө сүрхий хүн болж харагдаж, гэрийн даалгавраа хийгээгүй хүүхдүүдийг загнаж байгаа юм шиг энэ явдалд шүүмжлэлтэй байгаа. Үе үе дуудаж,иймэрхүү зүйл хийж байгааг “шоу” гэж үзэж байгаа.Явах нь явж,бүрдэх нь бүрдсэн учир одоо ажлаа хийх хэрэгтэй.Хэн,юу хийх ёстойг заасан хууль байгаа.Түүний дагуу ажлаа явуулна гэж бүлгийн хурлаар үзсэн.