Ил тод байдлын гол цөм нь тайлан
ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон
2015.10.09

Ил тод байдлын гол цөм нь тайлан

ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа.

"Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай" хууль батлагдсанаар ямар үр дүнтэй вэ?

Монгол Улсын Засгийн газраас "Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай" хуулийн төслийг 2014 оны 10 дугаар сард өргөн барьсан бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулган төслийг хоёрдугаар сарын эхээр хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаас өмнө журмын дагуу Уул уурхайн яам бүх яамдаас санал авч бэлтгэсэн юм. Ингээд УИХ-аас хэлэлцэхээ шийдсэний дараа хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх хувилбарыг гаргах үүрэг аваад ажиллаж байна.

Одоог хүртэл эцсийн хувилбарыг гаргаагүй байна. Хуулийн үр дагаврын талаар нилээн нэгдсэн ойлголтгүй байгаа. Ил тод байдлын тайлан гаргах нь компаниудад ихээхэн ачаалал дарамт болж магадгүй гэсэн шүүмжлэл бий. Хууль батлагдвал компани тайлагнах үүрэг хүлээж, бизнесийг хөнгөвчлөх бодлоготой зөрчилдөх талтай зарим гишүүд үзэж байгаа. Томоохон компаниудын хувьд ОҮИТБС-ын тайланг гаргахад санхүүгийн мэргэжилтнүүд нилээд ачаалалтай ажилладаг тал бий. Харин жижиг компанийн хувьд харьцангуй хялбар байдаг. Тийм учраас компаниудад чирэгдэл учруулахгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг дээр давхар анхаарч ирсэн. Үүний гол гаргалгаа нь цахим тайлагнал юм.

2015 оны 1 дүгээр сарын 1- нээс“Цахим тайлагнал”-ын системийг хэрэгжүүлж, одоогоор  2014 оны ОҮИТБС-ын тайлангаа 990 гаруй компани, Засгийн газрын төв, орон нутгийн байгууллагууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 1570 орчим компаниас орлого хүлээн авсан тайланг онлайнаар гаргасан байна. Ингэж тайлагнахад компаниуд бага хугацаа, цаас зарцуулдагаараа давуу талтай. Мөн компаниуд ил тод байдлын тайлангаа гаргасанаар хариуцлагатай байгаагаа тодорхой хэмжээнд нийгэм харуулж байна. Ил тод байх, хуулиа дээдэлж мөрдөж ажиллах нь хариуцлагатай уул уурхайн үндсэн 8 зарчимын хоёр нь юм. 

Хариуцлагагүй байдлыг таслан зогсоох, алдаа дутагдалтай ажилласан хуулийн этгээдэд хариуцлага тооцох чиглэлд энэ хууль хэрэгжих ёстой. Энэ хууль батлагдвал уул уурхайн салбарт авлига газар авахаас урьдчилан сэргийлэх, нөгөө талаас тухайн компанийн орон нутагт хэрэгжүүлж буй төслийн ач холбогдол нэмэгдэж, оновчтой, үр өгөөжтэй болно.

Хуулийн төсөлд тайлангийн талаар ямар зүйл заалт орсон бэ?

Нэгдүгээрт, компани ОҮИТБС-ын тайлангаараа үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, тусгай зөвшөөрлийн дугаар, хүчинтэй хугацаа, газар зүйн солбицол, технологийн чанартай мэдээллийг тусгах шаардлагатай. Хэрвээ тухайн компани хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бол хувьцаа эзэмшигчдийн нэрсийг ил болгоно.

Байгаль орчны нөхөн сэргээлтийг яаж явуулсан, уулын  ажлын төлөвлөгөөний биелэлт, байгаль орчны нөхөн сэргээлтэд байршуулсан барьцаа хөрөнгийн хэмжээ, хандив тусламжийн мэдээлэл зэргээ дэлгэрэнгүй тайлагнахаар заасан. Эдгээр зүйлсийг тайлагнасаар компани, түүний хэрэгжүүлж буй төслийн талаар орон нутаг цаашлаад улсын хэмжээнд мэдээлэл нээлттэй болно. Ингэснээр нийгэмд компанийн талаар тодорхой мэдээлэл түгэж, компани хуулийн хүрээнд саадгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Компаниуд хувьцаа эзэмшигч бүрийн мэдээллээ ил тод болгосноор тухайн компанийн нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл олон улсад задрах аюултай гэсэн таамаглалыг салбарын зарим нэг мэргэжилтнүүд хэлж байна.  Энэ талаар  таны байр суурь?

Хуулиар  тав ба түүнээс дээш хувьцаа эзэмшигчдийнхээ нэрсийг ил тод болгох ёстой гэж заасан. "Үнэт цаасны тухай" хуулинд хувьцаа эзэмшигчдийнхээ тухай мэдээллийг тогтмол мэдээллэж байна гэсэн заалт байдаг. Эндээс үзэхэд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгосон бол тодорхой мэдээллүүд ил болох нь зүйн хэрэг. Тийм болохоор компанийн хэлбэр, үйл ажиллагааны цар хүрээнээсээ хамаараад ил болох мэдээллийн их, бага нь харилцан адилгүй.

"Компанийн тухай" хуулинд ч хувьцаа эзэмшигчдээ зарлаж байх ёстой гэж байдаг

"Компанийн тухай" хуулинд ч хувьцаа эзэмшигчдээ зарлаж байх ёстой гэж байдаг. Тэгэхээр энэ нь ямар нэгэн хууль зөрчиж байна гэсэн үг биш. Нэгэнт нийтийн баялгаас ашиг олж байгаа учраас яах аргагүй олон нийтэд хувьцаа эзэмшигчдээ зарлах л ёстой. 2013 онд манай уул уурхайн 250 компани ОҮИТБС-ын тайланд оролцсон. Үүнээс 210 гаруй нь компанийн хувьцаа эзэмшигчдийнхээ мэдээллийг тайлангийн хүрээнд ил тод болгосон. Цаашдаа энэ илүү өргөжих ёстой. Үүний дагуу компаниуд тайлангаа гаргаж явах нь чухал.

Хуулийн төсөлд ил тод байдлыг орон нутагт хэрэгжүүлэх талаар ямар зүйл заалт орсон бэ?

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 222 тоот тогтоолд зааснаар аймаг сум орон нутагт салбар зөвлөл буюу дэд зөвлөл байгуулна. Одоогоор 19 амйаг, 14 суманд дэд зөвлөлийг байгуулаад байна. Монголын 100 гаруй сумдад уул уурхайн чиглэлээр компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сумдад салбар зөвлөлийг байгуулах ёстой. Салбар зөвлөлд нутгийн удирдлага, орон нутгийн иргэд, компаниудын төлөөлөл орно. Компанийн зүгээс юу юу хийж байгаагаа нутгийн иргэд, удирдлагад тайлагнаж байх ёстой. Нутгийн иргэдээс хүсэлт тавибал, бололцооныхоо хэрээр хамтран ажиллаж байх хэрэгтэй.

Орон нутгийг хөгжүүлэх тулгамдсан асуудлыг салбар зөвлөл дээр хамтран ярилцаж, зөвхөн компани-засаг дарга гэхгүйгээр нутгийн иргэдийн саналыг сонсох, тэднийг оролцуулах, тухайн хөрөнгийг аль болох үр ашигтай зарцуулах тал дээр хамтран ажиллах бололцоотой болно. Одоогоор ойн арга хэмжээ, бөхийн бай шагналд дэмжлэг үзүүлэх байдлаар хавтгайгаарах байдалтай байна. Цаашдаа үүнийг засах шаардлагатай. Орон нутаг сумдаас бэлчээргүй, усгүй болж байна гэсэн гомдол их ирдэг. Хандивын мөнгийг тэдгээр асуудлыг шийдэхэд зарцуулах ёстой. Тухайн компани орон нутагт төлсөн төлбөрийнхөө бүх мэдээллийг хуулийн дагуу тайлагнаж, орон нутгийн удирдлага ч тайлан гаргах нь зүйтэй.

"Ашигт малтмалын тухай" хууль болоод "Төсвийн тухай" хуулиудын хандивын талаарх заалтууд хоорондоо зөрчилддөг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хувьд үүнийг зохицуулж буй заалт байхгүй. Төр засаг юу хүлээж авснаа тайлагна л гэдгийг онцолж байгаа. Түүнээс биш зохицуулалтыг зааж өгөөгүй. Хандивын тухай заалтуудыг төсвийн тухай хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиудаар зааж өгсөн. Тэр дагуу л зохицуулагдана гэсэн ойлголттой байгаа.  Хуулийн төслийн хувьд хамгийн гол нь тайлагнах, хандив хүлээж авсан бол заавал тайлагнана гэж дурдсан. Нөгөө талаас нутгийн удирдлага ч биш, хувь иргэн төрийн бус байгууллагад өгсөн хандивыг тайлагнана гэж заасан.

Хуулийн төсөлд, тайлагнах процессийг л хуульчилна гэж байсан. Энэ талаар тодруулбал?

Тайлагнах процесс өнөөг хүртэл хуульчлагдаагүй. Засгийн газрын тогтоол, тайлангийн маягт гээд бүгд цахим болж байгаа учраас зайлшгүй хуульчлах шаардлагатай. Учир нь компаниуд тайлангаа хугацаандаа ирүүлдэггүй, тайлан гаргаж өгөх эсэх дээрээ эргэлзсэн хэвээр байна. Тэгвэл энэ бүхнийг хуульчилсан тохиолдолд аль аль талдаа ойлгомжтой болж, хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Хуульгүй учраас зөрчилтэй байдлууд их үүсч байна. Ил тод байдлыг хангах үндсэн хэрэгсэл нь тайлан. Зарим судлаачид ил тод байдлын цөм нь тайлан гэж ч үздэг.

Тайлагнах процесс өнөөг хүртэл хуульчлагдаагүй.

Хуулийн төсөлд иргэдийн саналыг хэр тусгасан бэ?

Ерөнхийдөө тусгасан. Саяхан манай иргэний нийгмийн байгууллагуудаас томоохон судалгаа хийж, саналаа шинэчилсэн. Гаргасан саналуудыг хуулийн төсөлд оруулна гэж найдаж байна. Ер нь энэ хуулийг аль болох хурдан батлуулах хэрэгтэй байна. Үүнд холбогдох төрийн дээд байгууллагууд арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хууль батлагдвал аль аль талдаа бүх зүйл ойлгомжтой болж, олон улсад манай улсын нэр хүнд ч өснө.