Төр компаниас хандив тусламж авснаараа хяналт тавих, хариуцлага тооцох чадавхаа алдаж байна
Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн, “Төлсөн авснаа нийтэл" эвслийн гишүүн Н.Баярсайхан
2015.10.06

Төр компаниас хандив тусламж авснаараа хяналт тавих, хариуцлага тооцох чадавхаа алдаж байна

Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн, “Төлсөн авснаа нийтэл" эвслийн гишүүн   Н.Баярсайхантай уул уурхайн компаниудын төрд өгдөг хандивын талаар ярилцлаа.

 Ашиг сонирхлын зөрчлийн хууль болоод Төсвийн тухай хуулийн хандивын талаарх заалтууд хоорондоо зөрчилддөг. Энэ талаар яриагаа эхэлье ?

Олборлох салбарт төрийн бүхий л шатны байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани, газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээтэй компаниудаас тодорхой хэмжээний хандив, дэмжлэг авах асуудал манайд нийтлэг байдаг. Ингэж хандив, дэмжлэг авч болох салбар, тодорхой хязгаарлалтуудыг Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан байгаа. Төрийн байгууллага хандив, дэмлэгийг бүхий л шатны боловсролын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, соёлын үйлчилгээнд авч болно гэж заасан. Нөгөө талаасаа уул уурхайн компаниуд тухайн орон нутгийн нөөц баялгийг ашиглан ашиг олж, байгаль орчныг тодорхой хэмжээгээр доройтуулж байгаа учраас орон нутгийн хөгжлийг дэмжиж хандив өгөх сонирхол бий. Үүний цаана нийгмийн хариуцлага ч бий байх, авилга байхыг ч үгүйсгэхгүй.

Ер нь орон нутаг гэлтгүй Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, ОХУ-д суугаа манай Элчин сайдын газар гэх мэт томоохон төрийн байгууллагууд ч уул уурхайн компаниудаас хандив авах тохиолдол бий. Үүнийг 2010 оны тайланд тоо баримттайгаар дурдсан байдаг. Бүр сонирхолтой нь АМГ-ын газар тусгай зөвшөөрөлтэй компаниудаас, Газрын тосны газар газрын тосны компаниудаас хандив дэмжлэг авсан баримт ОҮИТБС-ын тайланд бий.

ОҮИТБС-ын стандартад тайланд дараах зүйлсийг тусгахаар заасан байдаг.

Тэгэхээр төрийн байгууллагууд компаниудаасаа хандив дэмжлэг аваад ирэхээрээ хэрхэн хараат бус хяналт тавьж, хариуцлага тооцож чадах билээ.ОҮИТБС үүнийг ил болгож байна. Компаниуд төлснөө ингэж ил болгож байгаа нь бизнесийн хариуцлага, ОҮИТБС-ыг хэрэгжүүлсэний үр дүн яах аргагүй мөн. Магадгүй барилгын салбар, газрын албанд ийм байдал байхыг үгүйсгэхгүй. Хаалттай салбарууд шүү дээ.

Ер нь олборлох салбарт төр хандив авах асуудал байх ёсгүй. ОУ-д ч ийм ёс зүйн зарчим байдаг. Төсвийн тухай хуулиар хэдийгээр хандив авах асуудлыг зохицуулсан хэдий ч Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17-р зүйлд хандив авсан тал нь өгсөн этгээдтэй холбоотойгоор 2 жилийн хугацаанд шийдвэр гаргахгүй байх хуулийн зохицуулалт бий.  Мөн энэ зүйлд хандив авах байтугай хүсэх эрх байхгүй гэж хуульчилсан. Эсрэг тэсрэг эдгээр хуулиудын аль аль нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Тиймээс орон нутгийн захиргаа ЗДТГ кармааны ТББ байгуулаад үүгээрээ дамжуулан хандив авах явдал гарах боллоо.  Хууль нэг мөр ойлгогдож, хэрэгжих боломжтой байх ёстой. Өнөөдөр энэ байдал манайд маш хангалтгүй байна.

Тэгэхээр төрийн байгууллагууд компаниудаасаа хандив дэмжлэг аваад ирэхээрээ хэрхэн хараат бус хяналт тавьж, хариуцлага тооцож чадах билээ.

Түүнчлэн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйл зарим талаараа амьдралд нийцдэггүй. Үндэсний түвшиндээ Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Засгийн газрын яам, агентлагууд хандив авах нь хориотой байх шаардлагатай.  Яагаад гэхээр эрх олгодог, гэрээ байгуулдаг түүнийгээ өөрчлөх, цуцлах эрхийг хадгалж байдаг учраас.

Хандивын чанарт учир байна. Хандив зөвхөн компанийн саналаар үнэлгээ тогтоогдож тайлагнадаг. Жишээлбэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд энэ хавар ОҮИТБС-ын нээлттэй тайлан хэлэлцүүлэг болох үед Оюутолгой компани акталсан мод, сав суулга зэрэг бүх зүйлээ хандив нэрийдлээр үнэлж өгдөг гэсэн мэдээлэл байсан. Тиймээс хандивын үнэлгээний аргачлал гаргах шаардлага үүсч байна. Бас нэг жишээ. Дундговь аймгийн Өлзийт сумын Олборлох үйлдвэрлэлийн олон талт хэлэлцүүлэг дээр захиргаа, компани хоёр талаасаа хөрөнгө оруулалт гээд шинж чанар нь хандив тайлагнаж байсан. Тэгэхээр манайд юуг хандив, дэмжлэг гэх,  юуг хөрөнгө оруулалт гэх  ялгаа заагийг тогтоож өгөх бас шаардлага байна.

Хандив өгөх, авах нь төрийн байгууллага болоод компанид ямар ашигтай вэ ?

Ашиг гэвэл аль аль тал эрх ашиг байгаа болоод л өгч авдаг байх. Орон нутагт улсын төсөв хүрэлцээ муутай байдаг. Ялангуяа улсын баяр наадамд 5 сая төгрөг хувиарлагдаж байгаа нь өнөөгийн зах зээлийн үнэлэмжтэй харьцуулахад бага төсөв, тэгш ойтой аймаг сумдад энэ бүр ч бага л даа. Хамгийн гол нь 10 сая төгрөгийн хандив авлаа гэж бодоход 8 саяар нь үйл ажиллагааг санхүүжүүлсэн үү, гурван саяар уу гэдгийг нь хянадаг хяналт байхгүй байгаа. Компани хандив өгөх нь өөртөө ашигтай, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн шийдвэрийг саадгүй гаргуулах боломжийг нээлттэй болгох, төрийн хяналт шалгалт болон төрийн үйлчилгээний шат дамжлагыг хөнгөвчлөх  хурдавчлах эрх цаана үүсч байдаг. Жишээ нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Оюутолгой компани нэг бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй хоёр Тоёото жийп машин хандивласан. Энэ нь  аль аль талдаа ашигтай байгаа ч э бодлогын авилгалын нэг хэлбэр.

Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль батлагдчихвал хандив авах асуудлыг шийдэж чадах уу ?

Яг одоо байгаа хуулийн төслөөр бол нөлөө өгч чадахгүй. Яагаад гэвэл энэ хуулийн төсөл нь одоогийн явж байгаа процессыг л хуульчилж бичсэн байгаа. Ер нь шуудхан хэлэхэд “тайлангийн тухай” хуулийн төсөл болсон. Гэхдээ үүнийг сайжруулж болно, хандив дэмжлэг, энэ салбарын авлигын асуудлыг хязгаарлаж зохицуулж болно. УИХ-ын гишүүд маань ОУ-ын хэмжээнд дэмжигдэж, стандарт болж буй Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын талаар ойлголт муутай, ойлгохыг хүсэхгүй байна, энэ салбарын засаглалыг сайжруулах талаар санаачлагагүй байна уу гэж санагддаг.  Олон улсын шинэ шаардлага дээр ч хандив гэдэг ойлголт байдаггүй нийгмийн хөрөнгө оруулалт л гэж байгаа. Тиймээс олон улсын жишгээр явах нь зөв. Тэгэхдээ хөрөнгө оруулалтыг зориулалт, үр дүнтэй нь нээлттэй байлгаж хэвших хэрэгтэй.

Төрийн байгууллагууд уул уурхайн компаниудаас хандив авах нь зөв үү ?

Буруу л даа. Жишээлбэл Газрын тосны газар, газрын тосны компаниудаас хандив авчихвал эргээд хариуцлага тооцож чадахгүй болно. Төрийн байгууллагууд уул уурхайн компаниудаас хандив их авдаг. Гэхдээ тайланд үргэлж зөрүү үүсдэг. Гэтэл үүний ул мөрөөр хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байгаа. Төрөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулах лицензийг олгодог, хэрэв лицензийнхээ дагуу ажиллахгүй бол лицензийг нь цуцлах эрх ч бий. Гэтэл хяналт тавих боломжоо хандив авснаараа алдаж байна.

Олборлох салбарт байгуулагдаж байгаа гэрээг нээлттэй болгох асуудал хандивын асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлнэ

Тиймээс эрдэс баялгийн сэргээгдэхгүй нөөцийг ашиглаж буй тохиолдолд хандивын асуудал байж болохгүй. Харин  хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад орон нутгийн хөгжилд хувь нэмэр болохуйц гэх зэрэг шалгуур тавьж өгч, авч болно.

Гэхдээ үүнд бас нэг зүйлийг орхиж болохгүй. Олборлох салбарт байгуулагдаж байгаа гэрээг нээлттэй болгох асуудал хандивын асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Тэгэхээр одоогийн хуулийн төсөл дээр гэрээтэй холбоотой асуудал огт тусгагдаагүй л байгаа. 

 Хууль батлагдчихвал хариуцлага тооцох боломж үүсэх нь ээ ?

Тийм гэж дүүрэн хэлэх боломжгүй. Хуулийн төслийг сайжруулж боловсруулаад, олон нийтээр хэлэлцэж батласнаар хаана ямар зөрүү гарсан бэ гэдгийг судлах бололцоотой болно. Хариуцлага тооцож, хянах боломж үүсч байгаа юм. Тайлангаар ил тод болгосон зөрүү мөнгөний асуудалд арга хэмжээ авна гэдгийг хуулинд тусгаж өгөх хэрэгтэй байгаа. Мөн зөвхөн энэ хуулийн төсөл гэлтгүй Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл дээр ч иргэдийн санал бодлыг авч, нийтээр хэлэлцэх шаардлага байна.