Ш.Цолмон: Эхэндээ АТГ, МХГ-т хандаж шамшигдуулсан мөнгө байх вий гэж асуудал тавьдаг байсан ч...
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ил тод байдал манай орны хувьд ямар байгаа талаар болон эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
Олборлох үйлдвэрлэлд ашигт малтмал эрэх хайх, ашиглах, газрын тос, байгалийн хий зэрэг ойлголтыг авч үздэг.
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба өнгөрсөн хугацаанд ямар амжилттай ажилласан бэ?
2006 оноос засгийн газрын тогтоол гарч, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхийн санаачлагын хүрээнд манай улс олон улсын EITI-гийн гишүүн орон болсон.
ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим бол Засгийн газар, компани, иргэний нийгмийн эрх тэгш хамтын ажиллагаа бөгөөд харилцааг 3 талын тэгш төлөөлөл бүхий Олон талт оролцогчдын бүлэг, хамтран ажиллах санамж бичиг, Ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж, асуудлыг хэлэлцэж, нэгдмэл саналын үндсэн дээр шийдвэр гаргаж хамтран ажилладаг.
Манай улсын хувьд үндэсний зөвлөлийг 2006 онд байгуулсан. Ерөнхий сайд ахалдаг бөгөөд иргэний нийгэм, компаниудтай гурван талын санамж бичгийг 2007 онд байгуулсан. Ажлын алба нь манай байгууллага юм.
Бид жил бүр компаниуд болон засгийн газраас ирсэн мэдээлэл тайлан, тооцоог нэгтгэж мэргэжлийн хөндлөнгийн аудитаар хянуулан зөрүүг гаргадаг. Компаниуд, төрийн байгууллагуудын тайлан хамрагдалт жилээс жилд нэмэгдэж байгаа нь бидний нэг амжилт гэж боддог.
-Өмнө нь татвар, хандив тусламж, төлбөр хураамж, орлогоо ил тод болгож байсан. Одоо шинэ хуулийн төсөлд ямар зүйлсийг ил тод болгох вэ?
Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад 44 орон нэгдээд байна.
Тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл борлуулалт, байгаль орчин нөхөн сэргээлттэй холбоотой мэдээлэл, гэрээ, гээд зүйлүүдийг арай өргөн хүрээнд ил тод болгож байгаа. Нэг мөсөн бүгдийг биш он ондоо хуулиндаа нэмэлт оруулах замаар шинээр нэмж баяжуулж болно гэж үзэж байна.
-Ил тод болгох зүйлсийг хаанаас тогтоож байна вэ. Ямар үндэслэл тооцоо судалгаа байна?
Олон улсын EITI-ийн гишүүн орнууд 2013 оноос албан ёсоор дэлхийн санаачлагаар дээрх зүйлсийг заавал ил тод болгох ёстой гэсэн шаардлага, стандартыг авсан. Энэ хүрээнд л явж байгаа.
-Танай http://www.eitimongolia.mn сайтад тавигдсан тайлангуудаас харахад засгийн газар болон компаниудын хооронд өгсөн авснаа мэдээлж байгаа тоонд зөрүү их гарсан байсан. Зөрүү гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ. Тэр мөнгө хаашаа орсон гэсэн үг вэ?
Нийт долоон удаагийн тайлангаас үзэхээд зөрүү гарч байгаа. Олон жил шийдэгдэхгүй явж байгаа нэг асуудал нь эрх зүйн орчин. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг Ашигт малтмалын хуулийн нэг заалт, газрын тосны нэг заалт, цөмийн энергийн хуулийн нэг заалт гэх мэтчилэн зохицуулж байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Хуулинд тусгаагүй учир сайн дурын байдалтай. Таны асуусан зөрүү гарвал яах вэ гэдэгт бид яаж ч чадахгүй. Зөрүүгээ багасга гэдгээр байгууллагуудад зөвлөмж хүргүүлдэг. Зөрүүг санхүүгийн хуулиар шийдэх үү, төрийн албаны тухай хуулиар шийдэх үү, нягтлан бодох бүртгэлээр шийдэх үү гэх мэт аль хуулиар шийдэх нь тодорхойгүй байдаг.
Бид эхэндээ Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газарт хандаж, энэ зөрүүг судлаач, энд шамшигдуулсан мөнгө байх вий гэж нэлээд асуудал тавьсан. Гэтэл тэд манай байгууллагын эрхлэх хүрээнд ийм асуудал алга гэж тайлбарладаг.
-Одоогийн хуулийн төслөөр ямар хариуцлага тооцох уу?
Холбогдох журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байгаа. Учир нь их нарийн асуудал. Төсөл дээр одоогоор нотлогдсон зөрүүг хөдөлмөрдийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгохоор заасан.
-Зөрүү гардаг шалтгаануудыг судалж үзсэн үү. Тухайлбал засгийн газар компаниас авсан мөнгөө дутуу мэдээлэх нь ямар учиртай юм бол?
Олон шалтгаан байгаа байх. Жишээлбэл акрел бэлэн мөнгөний суурийн хооронд нягтлан бодлохын хүрээнд зөрүү гарах магадлалтай, нөгөө талд ханшийн зөрүү гарч байна. Мөнгөн бус хандив байлаа гэхэд компани 100 төг гэж үнэлэхэд тэрийг нь орон нутаг элэгдэл хорогдол, ашиглалтын хугацааг тооцоод арай өөрөөр үнэлэх явдал байдаг.
Тайлан гаргаагүй компаний нэрсийг МХГ-т өгчихсөн.
Бид эхлээд ямар ч гэсэн хуультай больё гэж зорьж байгаа. Бүх асуудлыг шийдэх гээд хуулиа унагачих аюултай шүү дээ.
-Олборлох үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй компаниуд тайлан гаргадаг болсноос хойш ил тод байдал нь хэр сайжирсан вэ?
Миний урд 2013 оны тайлангууд өрөөтэй байна. Анх 2006 онд маш бага компани тайлан гаргаж байсан санагдана. Энэ жил гэхдээ салбарын уналттай холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа их хумигдсан нь илт мэдэгдэж байна. Төлсөн татвар, орлогын байдал буурсан. Гэхдээ тайлан гаргах ёстой тусгай зөвшөөрөлтэй 1720 гаруй компани байгаагийн 500-600 нь ирүүлээгүй байна. Тайлан гаргаагүй компаний нэрсийг МХГ-т өгчихсөн.
-Тайлангаа хамгийн сайн өгдөг, мэдээллээ зөрүү багатай мэдээлдэг компанийг нэрлэ гэвэл?
“Эрдэнэт үйлдвэр” ХХК л байна. Хувийнхаас гэвэл “Бороо гоулд”, “Монголын алт” зэрэг компаниуд гайгүй.
-Танай алба байгуулагдахаас өмнө ил тод байдал ямар байсан гэж үздэг вэ?
Харанхуй замбараагүй, бие биенээ хардсан, гүтгэсэн байдалтай байсан бол одоо харьцангуй гайгүй болсон. Компаниуд, засгийн газрынхан мэдээллээ ил тод болгоод ирэхээр арай цэгцтэй болсон. Аудитаар баталгаажсан тоо үзэхээр хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа юм.