Байгалийн баялгийг ашиглахын тулд ард түмнээс зөвшөөрөл авах ёстой
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн талаар МБОНЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ногоон Парламентийн дарга Б.Батболдтой ярилцлаа.
Эрдэс баялгийн салбарын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
Эрдэс баялгийн салбарын хувьд авч үзвэл маш хүнд байгаа. Бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулсан боловч үүнтэй холбоотой бусад эрх зүйн актуудын яаралтай сайжруулах шаардлага байна. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн талаар авч үзвэл эрдэс баялаг гэж юу вэ, үүнийг хэрхэн, яаж, хэнд зориулж ашиглах ёстой вэ гэдэг ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Ер нь эрдэс баялаг гэдгийг Үндсэн хуульд зааснаар ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байдаг зүйл гэж дурдсан байдаг.
Тиймээс энэ баялгийг ашиглахын тулд ард түмнээс л зөвшөөрөл авах ёстой. Түүнээс биш хэсэг бүлэг хүмүүс дур мэдэн ард түмний баялгийг эзэмших нь зохимжгүй. Одоогийн байдлаар эрдэс баялгаас олж буй ашгийг буцаагаад хэнд хуваарилж байна вэ гэдэг нь далд байдаг. Баялгийг ард иргэд хүртэж, чадаж байна уу гэдэг нь чухал асуудал. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын зүгээс баялгийг тэгш хүртээх асуудалд л гол анхаарлаа хандуулж байна. Тэгш хүртээхийн тулд ямар хэмжээний баялгийг бидний амьдарч буй нутгаас олборлож байгаа талаарх мэдээлэл иргэдэд маш их хэрэгтэй.
Жишээлбэл “Монгол улсын хэмжээнд олборлож буй алтнаас 7 тн-ыг банкинд тушаалаа гэхэд түүнээс гадна олон тн алт өөр газарт зарцуулагдаж, хууль бусаар гар дамжиж худалдаалагдаж байна. Ийм байдлаар баялгууд бүртгэлгүй ашиглагдаад байгаа учраас эдийн засгийн хувьд хүндрэл бий болох үндэстэй. Тиймээс бид үүнийг болон гар аргаар олборлож буй алтыг ч ил тод болгох нь зүйтэй юм байна гэдэг асуудлыг хуулиараа дамжуулан санаачилсан. Ил тод байдлын тухай хуульд эрдэс баялгаас олсон баялгаа юунд зарцуулж байна, түүнийг олборлохын тулд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг ил тод болгохоор зорьж байна.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой эрдэс баялгийг олборлохын тулд их хөрөнгө мөнгө зарцуулдаг.
Аж ахуйн нэгжүүдийн хувьд тодорхой эрдэс баялгийг олборлохын тулд их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тухайн нөөцийг тодорхойлоод зарцуулж буй мөнгө нь, баялгийг гаргаад олж буй мөнгөтэй харьцуулахад бага байдаг. Тиймээс энэ асуудлыг ч сайн авч үзэж хууль эрх зүйн актыг боловсруулж, хуульчлахдаа эрдэс баялгийн салбарыг ил тод болгоё, олон нийтээрээ хэлэлцүүлж, олон талт оролцогчдын санаачилгыг авъя гэсэн үүднээс хуулийн ажлын хэсгүүд болоод Иргэний нийгмийн байгууллагууд идэвхи зүтгэлтэй ажиллаж байна.
Компаниудын одоогийн нөхцөл ямар байна. Хуультай болвол ямар өөрчлөлт гарах вэ?
Компаниуд үйл ажиллагаа явуулахад ер нь хүндрэлтэй байгаа. Татвар, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж халамжийн янз бүрийн үйл ажиллагаанд хандив өгөх зэрэг олон асуудлыг компаниас шаардаж байна. Харин хууль батлагдчихвал компани тодорхой зөвшөөрөл авахын тулд мөнгө төгрөг, авилга зэргийг өгөх шаардлагагүй болно. Хуулийн дагуу татвараа төлөөд явж байхад аль аль талдаа ашигтай. Хамгийн гол нь хэдий хэмжээний ашигт малтмал олборлоод хэдийг тушааж, борлуулж, татвар, хураамж, төлбөрт хэдийг төлж байна вэ гэдэг нь ил болчихоор компанид иргэдийн итгэх итгэл нь сайжирна.
Төрөөс ч компаниудтай ажиллахад үр дүнтэй болно. Өмнө нь компаниудын хаана ямар төлбөр олж татвартаа хэдийг төлж байгаа болон нийгмийн хариуцлагаа хэрхэн хүлээж ямар үйл ажиллагаанд юу өгдөг нь огт мэдэгддэгггүй байсан. Тиймээс иргэдийн зүгээс хардлага их байв. Харин ил тод болсноор тодорхой хардлагуудаас зайлсхийх боломж бүрдэх учраас компаниудад их ач холбогдолтой. Ард иргэдийн итгэлийг олсон компани эргээд орон нутагт үйл ажиллагаа явуулахад ч үр дүнтэй.
Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд орлогоо ил тод тайлагнадаг уу?
Одоогоор 2013 оны байдлаар 1198 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1617 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалтыг хийлгэсэн. Дээрх 250 компаниас Засгийн газар 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 37,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй гарсан энэ зөрүү байнаа гэдэг нь аль нэг талдаа тайлагналтад зөрчил байна л гэсэн үг.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/-ын стандартын хүрээнд тайланд хамрагдсан 250 компаниас 20-иод ТОП компани нь нийт орлого бүрдүүлэлтийн 98 хувийг бүрдүүлдэг. Тиймээс том компаниудаас гадна жижиг компаниудыг ч тайланд хамруулах хэрэгтэй . Жижиг компани орлого бага бүрдүүлж байгаа хэдий ч байгаль орчиндоо сөрөг үр дагаврыг маш их гаргадаг учраас бүх компаниудыг хамруулахаар зорьж байна.
Тухайлбал түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашигладаг хайрганы компани байлаа гэж бодоход улсад оруулж буй орлого нь бага ч байгальд үзүүлж буй сөрөг нөлөөлөл нь тээвэрлэлт мэтээс эхлээд л их байдаг. Ийм учраас иргэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглаж буй компаниудыг сөрөг үр дагавараа арилгах ёстой гэсэн шаардлага их тавьдаг. Тайлагнах тал дээр харин компаниуд хариуцлагатай байгаа ч хариуцлагагүй цөөн тооны ААН –ээс болж сайн компаниудыг нэр хүндэд нь муугаар тусдаг.
Компаниуд ОҮИТБС-ын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг хэдий ч үүнийг хуульчилж өгснөөр ямар ашигтай вэ?
Манай улс ОҮИТБС-д нэгдсэнээр стандартыг нь хэрэгжүүлнэ гэж олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Тиймээс олон улсын стандартыг мөрдүүлэхийн тулд манай улс хууль эрх зүйн актуудыг боловсруулж байгаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд ахиц дэвшил гарч байгаа. Үүний нэг нь Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль. Хуульчлаад өгчихвөл дагаж мөрдөнө. Хуультай холбоотой зарим асуудлыг журамлах боломжтой болно гэсэн үг. Хуулийн төсөл дээр ч тодорхой журамлах асуудлуудыг ярилцаж байгаа.
Хуультай холбоотой зарим асуудлыг журамлах боломжтой болно гэсэн үг.
Тухайлбал компаниудын эрх үүрэгтэй холбоотой мөн орон нутагтай холбоотой үйл ажиллагааны асуудал зэрэг олон асуудлыг журамлаж өгөх шаардлагатай. Олон улсын стандартад шинэ зүйлүүдийг ихээр тусгаж өгсөн . Жишээлбэл олон улсын стандартад тусгасан газар доор буй ард түмний баялгийг ямар хүмүүс хэдэн хувийг нь эзэмшиж байна вэ, мөн гэрээний ил тод байдлууд, олон талт бүлгийн оролцоог хэрхэн хангах, Төр ба ААН-ийн тайлагналт, лиценз эзэмшигч нь хэн байна, сургалт суртачилгааны талаархи асуудлуудыг хуульчилж өгсний дараа орон нутагт хэрхэн тайлагнах вэ гэдгийг журамлаж өгснөөр үр дүнтэй болно.
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуульд тайлангийн талаар юу гэж заасан бэ?
Тайлантай холбоотой олон зүйл заалт бий. Улсын түвшинд ямар байх талаар ч тодорхой заасаныг хуульд дурдсан боловч аймаг сумын түвшинд тайлагнах хэлбэр байх ёстой гэдэг асуудлыг дурьдаагүй учир бид саналуудыг дэвшүүлж байгаа. Орон нутгийн иргэдэд тохирсон жижиг тайлангууд байх хэрэгтэй.
Ил тод эдийн засагтай болох нь ямар ашигтай вэ?
Далд эдийн засаг гэдэг нь маш их хэмжээний мөнгө. Үүнийг ил болгоно гэдэг нь тодорхой хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн үг. Мөн татвар, хураамжууд ч тодорхой хэмжээгээр орно. Тэгснээр улсын орлого ч нэмэгдэж, иргэдийн цалин нэмэгдэх боломж бүрдэнэ. Ер нь уул уурхайтай холбоотой асуудлууд далд байдлаар их явагддаг. Сүүлийн үед байгаль орчны чиглэлээр нөхөн сэргээлтийн компаниуд байгуулагдсан боловч нөхөн сэргээлт хийх бус олборлолт явуулдаг. Нөхөн сэргээлт нэрээр олборлосон мөнгөө хувь тохирсон компаниудад өгч өөрсдөө ч ашиг хүртэж байна. Харин лиценз эзэмшигч компаниуд нь өөрсдөө үйл ажиллаагүй явуулаагүй гэж тайландаа мэдээллэдэг. Гэвч өөрсдийн газартаа нөхөн сэргээлтийн компаниудыг ажиллуулж ашиг хүртдэг. Тиймээс иймэрхүү байдалтай байгаа зүйлсийг ил тод болгох шаардлага их байна.
Байгаль орчны чиглэлээр нөхөн сэргээлтийн компаниуд байгуулагдсан боловч нөхөн сэргээлт хийх бус олборлолт явуулдаг
Уул уурхайн компаниудын хандив өгдөг асуудлуудыг тодруулбал ?
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуульд хандивын талаар түлхүү тусгасан. Компаниуд их хандив өгдөг. Хандивыг хүлээн аваад юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй. Энэ талаар мэдээллийг Авилгатай тэмцэх газраас орон нутгуудад урьдчилан сэргийлэх талаар сургалт их хийж байгаа. Хандив нь тухайн иргэдэд мэдээж хэрэгтэй. Эрүүл мэнд, байгаль орчин, боловсролын чиглэлд чухал. Гэхдээ ийм асуудлыг зүй зохистой замаар шийдэхгүй бол замбараагүй байдал үүсдэг. Орон нутаг хандивыг авахдаа ямар ч бүртгэлгүй авснаас янз бүрийн асуудал үүсч байна.
Тэгэхээр хандив, тусламжийн тухай асуудлуудыг хуулиар нарийн тусгаж, цэгцэлж өгөх хэрэгтэй. Харин энэ асуудлыг сайн хуульчилж өгвөл компаниуд хууль эрх зүйн дагуу хандиваа өгөөд, орон нутгийн төсөв хөтөлбөрт ч дэмжлэгээ өгөх боломжтой. Тодорхой зохицуулалт байснаар далд зүйл үүсэхгүй. Орон нутгийн ойн баяр, наадмын арга хэмжээнд 5 сая төгрөг хандивласан байлаа гэхэд, компаниуд түүнийг өгсөн гэж тайландаа тусгасан боловч орон нутаг түүнийг тайландаа тусгадаггүйгээс асуудал үүсдэг. Компаниуд өөрсдийн хүсэлтээр хандив өгсөн хэрнээ биднээс хүчээр мөнгө авсан гэх сөрөг мэдээллүүдийг гаргах тохиолдол их байсан. Тэр ч утгаараа энэ асуудлуудыг цэгцлэхийн тулд хандивын талаарх асуудлыг ил тод, тодорхой болгохыг зорьж байна.
Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуульд тусгасан гол асуудлуудын талаар юу гэж заасан бэ?
Хуулийн төсөлд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, хариуцлагын асуудлууд, төрийн захиргааны болон тухайн компани, ААН-үүд ийн эрх үүргийг тодорхой тусгаж өгсөн цаашид санаачлагыг хэрэгжүүлэхэд, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ахиц гарах болно. Хамгийн гол нь хуулийн төсөлд төр болон компаниуд авсан өгсөн олборлосон тушаасанаа мяагтын дагуу ил тод, үнэн зөв, баримттай, бүртгэлжүүлж, тайлагнах, олон нийтэд мэдээлэх гэдэг асуудлыг л түлхүү тавьсан.
Далд эдийн засгийг ил тод болгосноор
Орон нутгийн компаниуд ил тод байхын тулд хэдий хугацаанд мэдээлж байх ёстой вэ гэдэг хугацааг нь тодорхой болгож өгсөн. Тухайн үйл ажиллагаа явуулж буй компани улиралд нэг удаа, нээлттэй өдөрлөг, сургалт, семинар зэрэг байдлаар тайлангаа тавих хэлбэрийг нь зааж өгч байгаа. Зарим компанийн хувьд иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнахгүй хоёр жил болсон байдаг. Тэдгээр компаниудад Оюутолгой, Энержи Ресурс зэрэг том компаниудын туршлагаас танилцуулж байгаа. Том компаниудын хувьд олон нийтийн мэдээллийн албаараа дамжуулан тайлагнаж байгаа бол жижиг компаниудын үйл ажиллагаа нь далд байдалтай байна. Хандивын тухай бол маягтанд тусгаснаар тайлагнана. Тухайлбал орон нутгийн Засаг дарга нар баяр наадмын үйл ажиллагаандаа хандив авсан бол наадмын дараа түүнийгээ тайлагнах ёстой байдаг. Харин түүнийгээ ил тод тайлагнахгүй байгаагаас хаана юунд зарцуулсан нь мэдэгддэггүй хардалт сэрдэлт төрдөг.
Хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ батлуулчихсан. Харин одоо Хуулийн үзэл баримтлал, төслөө батлуулахаар намрын чуулганд оруулах төлөвлөгөөтэй байна. Түүнээс өмнө Иргэний нийгмийн байгууллагууд саналаа нэгтгэж өгөөд дараа нь журман дээр сайн ажиллах хэрэгтэй байгаа. Нээлттэй нийгэм форумаас ажлын хэсэг гарган тодорхой хэмжээний дүн шинжилгээнүүдийг хийж, саналуудаа нэгтгэж байна. Хуулийн төслийн ажлын хэсэг дахин хуралдана. ОҮИТБС-ын ажлын албанаас дорвитой ажлуудыг сайн хийж байгаа. Үүнийг бага гэж голж болохгүй. Огт хийгээгүй байснаас хийгээд явж байхад их үр дүнд хүрдэг. Энэ асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж олон нийтэд ил тод болгоход тус дэм болж байгаа танай хамт олон баярлалаа.