Ил тод байх нь хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг тэтгэдэг
Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу
2015.10.06

Ил тод байх нь хөрөнгө оруулалтыг татаж, ажлын байрыг тэтгэдэг

Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн талаар Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

Танай компани тайлангаа яаж гаргадаг вэ?

Хуулийн дагуу Монгол Улсын болон олон улсын бүртгэл, санхүүгийн стандартад нийцүүлэн гаргадаг. Сонирхуулахад охин компаниуд маань тус тусдаа тайлангаа гаргаж байсан бол, энэ жилээс эхлэн группынхаа хэмжээнд нэгдсэн байдлаар гаргахаар болсон.

Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар компаниудад ямар ашигтай вэ?

Эрдэс баялгийн салбар маань өөрөө газрын доор байгаа баялгийг газар дээрх баялаг болгож хувиргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингэхийн тулд гурван нөхцлийг хангасан байх шаардлагатай. Нэгдүгээрт, энэ салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой ойлгомжтой байх, хоёрдугаарт, төрийн институциудын чадамж сайн байх, гуравдугаарт, олон нийтийн дэмжлэг маш чухал. Энэ гурван нөхцөл хангагдаж байж газрын хэвлийн баялаг маань бидний хэлдэгээр чулуу болно. Хэрэв хангагдаагүй бол “Баялгийн хараал” гээч нь тусна. Энэ хууль дээрхи гурван нөхцлийг бүрдүүлэхэд холбогч үүрэг гүйцэтгэнэ.

Жишээ нь гуравдагч нөхцөл буюу Олон нийтийн дэмжлэгийг бий болгохын тулд зөв мэдээлэл ард иргэдэд байнга хүрч байх ёстой. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар компаниуд нэгдсэн стандартаар улсад хэдийг төлснөө нийтэлдэг болж, улс ч гэсэн уул уурхайн салбараас хэдийг авч байгаагаа мэдээллэдэг болно. Ингэснээр эргээд энэ салбарынхаа нэр хүндэд эерэгээр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, хууль батлагдсанаар тус салбараас улсын төсөвт оруулж буй хувь нэмрийн талаар ард түмэн зөв ойлгох боломж өснө.

Эрдэс баялгийн салбар маань өөрөө газрын доор байгаа баялгийг газар дээрх баялаг болгож хувиргахад чухал үүрэг гүйцэтгэдэг

Урьд нь элдэв хураамж, төлбөр, татварын орлогууд олон янзын байгууллагаар дамжиж нэгдсэн төсөв болон орон нутагт очдог. Гэтэл нийт дүн нь нэгдсэн байдлаар олон нийтэд хүрдэггүй байлаа. Тэгвэл Монгол Улс EITI буюу олборлох салбарын ил тод байдлын санаачилгад нэгдсэнээс хойш байдал өөрчлөгдөж байна. Анх энэ санаачлагын хүрээнд цөөхөн хэдэн компанийг хамруулан тайлан гаргаж байх үед төлсөн, авсны хооронд асар их зөрүү гарч байв. Сүүлийн үед хамрагдаж буй компаниудын тоо хэд дахин өссөн ч, өнөө зөрүү эрс багасч байна.

Ер нь ил тод байдлыг дэмждэг газар хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулахдаа дуртай байдаг. Улс орнуудын өрсөлдөх чадварын индексийг харахад, хаана илүү нээлттэй ил тод байна, тэнд хөрөнгө оруулалт их өндөр байна. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагч компаниуд ч аливаа улс дахь засаглалын ил тод байдлыг нь анхаарч үздэг болсон.  

Хуулийн төслийн талаар тодруулахгүй юу?

Өмнө хэлснээ тодруулахад, 2006 онд Монгол улс тус олон улсын санаачилгад элссэнээс хойш найман удаагийн нэгдсэн тайлан гаргасан. Гэвч зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагын тайлангийн мэдээ, тоо баримт зөрөх, зөрүүтэй мэдээллийг эргэн тодруулахад хойрго хандах зэрэг дутагдлууд жил бүр гарсаар байна. Тиймээс бие даасан хуультай болох замаар оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Одоогоор Англи, Канад болон Африкийн ганц хоёр орон цөөхөн хэдэн улсад л эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль баталсан юм билээ.

Ер нь ил тод байдлыг дэмждэг газар хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулахдаа дуртай байдаг

 Компанийн зүгээс хуулийн төслийг хэрхэн харж байна вэ?

Манай компанийн зүгээс гэхээсээ илүү хувийн бодлоо хэлэхэд энэ хуулийг зөв зүйтэй гэж үзэж байгаа, гол нь уян хатан гараасай. Энэ хууль гарснаар салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хувьд улсын төсөвт хэдийг төлж байгаагаа албан ёсоор ил тодоор тайлагнах боломж бий болох учир салбар маань ч дэмжиж байгаа байх.

 
Төрийн байгууллагуудтай бизнесийн асуудлаар харилцахад ямар бэрхшээл гардаг вэ?

Хуулийн дагуу хийх ёстой зүйлсээ бүгдийг нь хийсэн бол бэрхшээл гарахгүй. Гэхдээ зарим нэг бэрхшээл бий. Компани бол компани. Төрийн өмчит байсан ч ялгаагүй цаг хугацаатай уралдаж байдаг. Зах зээлийн нөхцөл байдал өдрөөр биш, цагаар өөрчлөгдөж байна. Тийм учраас компаниуд уян хатан байх ёстой. Зарим зөвшөөрөл, шийдвэрүүд сунжирах тохиолдолд цаг алддаг учраас хэцүү байдаг. Ер нь зарим хууль тогтоомжийн  санаа нь зөв боловч бодит байдал дээр бизнесийн үр ашгийг боомилох тохиолдол бий.

Зарим зөвшөөрөл, шийдвэрүүд сунжирах тохиолдолд цаг алддаг учраас хэцүү байдаг

Энэ нь эргээд Монгол Улсад ч ашиггүй юм.  Жишээлбэл, төсвийн байгууллагууд гэрээ, тендер шалгаруулахдаа аль болох бага үнэтэйг сонгодог. Бас гэрээний үргэлжлэх хугацааг богино байлгадаг.  Яг энэ жишгийг төрийн компаниудад тулгах нь зохистой бус гэж хувьдаа үздэг. Ялангуяа уул уурхай, дэд бүтэц, агаарын тээврийн салбарт компаниуд харилцагчтайгаа урт хугацаанд гэрээ хийх тусам аль аль талдаа ашигтай, зардал бага байдаг. Гэтэл энэ боломжийг зарим үед хуулиар хаачихдаг.

Хууль гарснаар нааштай тал бий болох уу?

Монгол улс авсан, өгснөө ил тод болгосноор авилгал, хээл хахуул орших орон зай эрс хумигдана. Улсын маань хөрөнгө оруулалтын нэр хүнд ч өснө. Уг нь Хуулийн төслийг УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Үүнийг цаг алдалгүй батлах байх гэсэн хүлээлттэй байгаа. Өнөөдрийн энэ УИХ маань уул уурхайн салбарт эрхзүйн шинэчлэлийг хийж чадсан. Одоо энэ хууль батлагдавал эрдэс баялгийн салбарын засаглалын түвшинд асар том дэвшил болох болов уу.